Даатгалын зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн үнэлдэг вэ? Өнөөдөр даатгалын салбарт тулгамдаж буй гол асуудал юу вэ?
Манай улсын даатгалын салбар жилээс жилд тогтмол өсөлттэй байгаа. Тухайлбал, салбарын нийт хөрөнгийн хэмжээ 2018 оны эцсийн байдлаар 331.9 тэрбум төгрөг буюу өмнөх онтой харьцуулахад 35.6 хувиар өссөн дүнтэй гарлаа. Нийт хураамжийн орлого 178.7 тэрбум төгрөг буюу 2017 оноос 23.8 хувиар өссөн байна. Хэдийгээр тасралтгүй өсөж байгаа ч гэлээ даатгалын салбарын хөгжлийн гол үзүүлэлтүүд тааруу хэвээр байна. Олон улсын жишгээр даатгалын хөгжлийн түвшинг гүнзгийрэлт, нягтрал гэсэн үзүүлэлтүүдээр хэмждэг. Даатгалын гүнзгийрэлт гэдэг нь хураамжийн нийт орлогыг ДНБ-д харьцуулсан, нягтрал гэдэг нь нэг хүнд ногдох даатгалын хураамжийн орлогоор тооцсон үзүүлэлт юм. Манай улсын даатгалын гүнзгийрэлт 2017 оны байдлаар 0.56 хувь байгаа нь дэлхийн дунджаас 10 дахин бага, хөгжиж буй орнуудын дунджаас 5 дахин бага, харин даатгалын нягтрал ойролцоогоор 18.4 ам.доллартай тэнцүү байгаа нь дэлхийн дунджаас 35 дахин бага, хөгжиж буй орнуудын дунджаас 9 дахин бага байгаа юм.
Санхүүгийн зохицуулах хороо нь Даатгалын хянан шалгагчдын Олон Улсын холбооны гишүүн байгууллагынхаа хувьд Олон улсын жишигт нийцсэн зохицуулалтыг бий болгох, даатгалын салбарт оролцогчдын чадавхыг бэхжүүлэх замаар даатгалын салбарын өсөлтийг хангах бодлого явуулж байна. 2018 онд Хорооноос хийсэн “Монгол Улсын санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг үнэлэх” судалгааны үр дүнгээс харахад нийт иргэдийн 94.5 хувь нь ямар нэгэн байдлаар албан ёсны санхүүгийн үйлчилгээнд хамрагддаг хэдий ч тэдний 70 хувь нь сайн дурын даатгалд хамрагддаггүй гэсэн дүн гарсан. Энэ нь манай улсад даатгалын хүртээмж хангалтгүй байгааг илтгэж байна.
Даатгалын салбар цаашид зах зээлээ тэлэх боломжтой юу?
Монголын даатгалын гүнзгийрэлт олон улсын дунджаас 10 гаруй дахин бага байгааг би сая хэллээ. Энэ бол манай даатгалын зах зээл 10 дахин тэлэх боломжтой юм. Санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг цаашид нэмэгдүүлэх нэг гол хүчин зүйл бол иргэдийн санхүүгийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх, даатгалын соёл, даатгагдах хэв зуршлыг төлөвшүүлэх явдал юм. Тиймд Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Монголбанк хамтран 2021 он хүртэлх “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг батлан, хэрэгжүүлж байна.
Монголын даатгалын компаниудын эрсдэл даах чадвар ямар түвшинд байгаа гэж үзэж байна вэ?
Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын компанид учирч болох эрсдэлийг урьдчилан таамаглаж тогтоох, урьдчилан сэргийлэх зорилгоор тавих хяналтыг боловсронгуй болгох, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоог бий болгохоор ажиллаж байна. Дэлхийн эдийн засгийн хямралуудыг авч үзвэл зохицуулагч байгууллагууд даатгагчийн бизнесийн үйл ажиллагаатай холбогдох эрсдэлээс гадна системийн эрсдэлийг анхаарч үзсэн байдаг ч хяналт, шалгалтын уламжлалт арга ажиллагаа нь болзошгүй санхүүгийн хүндрэлээс сэргийлэхүйцээр эрсдэлийг үнэлж, удирдах хангалттай хэрэгсэл байж чадахгүй байсан. Өөрөөр хэлбэл даатгагчийн үйл ажиллагаанд ирээдүйд учирч болох эрсдэл нь тэдний санхүүгийн чадвар болон бусад чадавхад хэрхэн нөлөөлөх талаар тооцоолж, харуулж чаддаггүй. Цаашилбал, энэ уламжлалт хандлага нь даатгагчийн үйл ажиллагаанд ноцтой хохирол учруулахааргүй материаллаг бус зүйлсэд анхаарал хандуулж, цаг их зарцуулдаг, мөн нөгөөтэйгүүр даатгагчийн санхүүгийн чадавх, үйл ажиллагааны хүрээнд хүндрэл учруулж болзошгүй, эрсдэл өндөртэй үйл ажиллагааг орхигдуулж, улмаар хожуу мэдсэн тохиолдолд хариу арга хэмжээ авахад бэрхшээл үүсгэдэг байна. Ерөнхийдөө эрсдэлд суурилсан хяналт шалгалтын гол зорилго нь даатгагчийн үйл ажиллагаанд эрсдэл учирсных нь дараа бус эрсдэл учрахаас нь өмнө олж мэдэж, урьдчилан сэргийлэх боломж олгодгоороо давуу юм.
Даатгалын салбарын эрх зүй, зохицуулалтын орчин ямар байна вэ?
Даатгалын салбарын хуулиуд, мөн Хорооноос батлан мөрдүүлж байгаа журам, дүрмүүд харьцангуй Олон улсын туршилгад үндэслэсэн, даатгалын зах зээлийн хөгжлийн чиг хандлагад нийцэж байгааг дурдах хэрэгтэй. Гэхдээ Монгол Улсын даатгалын салбарын бүтэц хөгжингүй улс орны жишигтэй харьцуулахад маш их ялгаатай байна. Хөгжингүй улсуудын даатгалын салбарын бүтцэд урт хугацааны даатгал ихэнх буюу 50-иас дээш хувийг эзэлдэг бол манай улсад ердөө ганц урт хугацааны даатгалын компани байна. Энэ компани 2018 оны байдлаар даатгалын салбарын нийт хураамжийн орлогын ердөө 1.0 хувийг бүрдүүлсэн. Үүнд манай өнөөгийн нийгмийн даатгалын тогтолцоо шууд нөлөөлж байна. Иймд даатгалын салбар, тэр дундаа урт хугацааны даатгалын салбарыг хөгжүүлэхийн тулд Даатгалын тухай хууль болон Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулахаар судалж эхлээд байна. Мөн даатгалын компаниуд үнэт цаасны зах зээлд мэргэжлийн хөрөнгө оруулагч хэлбэрээр оролцож, хөрөнгийн зах зээлийн эрэлт, хөрвөх чадварыг дээшлүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай байгаа. Иймд Даатгалын тухай, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай, Жолоочийн даатгалын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах талаар Сангийн яам болон бусад холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөлөлтэй хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Даатгалын компаниудын үйлчилгээ ихэнхдээ ижил төстэй байдаг ба төрөлжиж ялгарч чаддаггүй. Тухайлбал, компаниуд хөдөө аж ахуй, уул уурхай, зам тээврийн гэх зэрэг чиглэлээр үйлчилгээгээ төрөлжүүлэх боломжтой юу?
Боломжтой.
Монголын даатгалын компаниуд экспортын даатгал хийх боломжтой юу?
Манай даатгалын компаниуд зах зээлийн орон зай, нөөц бололцоогоо улам тэлсээр байна. Ямар чиглэл, салбарт ямар бүтээгдэхүүн гаргаж ажиллах вэ гэдэг нь компаниудын бизнесийн асуудал. Одоогоор экспортын даатгал хийж буй даатгалын компани байхгүй. Энэ орон зайг боломжтой, ашигтай гэж үзвэл компаниуд ажиллах л байх.
Үндэсний давхар даатгалын компани байгуулагдсан нь Монголын даатгалын салбарын хөгжилд ямар ач холбогдолтой гэж үзэж байна вэ. Давхар даатгал манай улсад хэр хөгжиж байгаа вэ?
Манай улсад өнөөдрийн байдлаар давхар даатгалын хоёр компани байна. Нэг нь төрийн, нөгөө нь хувийн өмчийнх. Дотоодын компаниуд давхар даатгалын үйл ажиллагаа явуулснаар гадаадын давхар даатгагчид шилжүүлж байгаа зарим хариуцлага, эрсдэлийг дотооддоо авч үлдэх, даатгалын компаниудын эрсдэл даах чадавхыг нэмэгдүүлж, гадаад валютын гадагшлах урсгалыг бууруулах боломжтой.
Даатгалын компаниуд IPO гаргаж эхэллээ. Энэ нь Монголын даатгалын салбарын хөгжилд хэрхэн нөлөөлнө гэж та үзэж байна вэ?
Даатгалын салбарын хоёр компани IPO гаргаад байна. Энэ нь даатгалын салбарын хөгжилд томоохон хувь нэмэр оруулна гэж үзэж байна. Тухайлбал, компанийн засаглал сайжирч, санхүүгийн тайлагнал, мэдээллийн ил тод байдал нэмэгдэнэ. Мөн түүнчлэн хяналт, зохицуулалтын шинэ нөхцөл шаардлага бий болоод байгаа.
Ойрын таван жилийн хугацаанд даатгалын салбарын хөгжил ямар түвшинд хүрэх боломжтой вэ?
Санхүүгийн зохицуулах хороо нь бодлого, стратеги, үйл ажиллагаандаа Монгол Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”, Монгол Улсын засгийн газрын 2017 оны 229 дүгээр тогтоол, 2016 оны 8 дугаар тогтоолоор тус тус баталсан “Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”, “Эдийн засгийг сэргээх нарийвчилсан төлөвлөгөө” зэрэг бодлогын баримт бичгийг баримталж ажилладаг ба эдгээрт тулгуурлан Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 310 дугаар тогтоолоор “Санхүүгийн зохицуулах хорооны 2018-2021 оны стратеги төлөвлөгөө”-г батлан, үүндээ даатгалын салбарыг хөгжүүлэх бодлого, төлөвлөгөөг тусгасан байдаг. Энэхүү стратеги төлөвлөгөөнд тусгагдсан томоохон ажлуудаас дурдвал, үндэсний давхар даатгалын тогтолцоог бүрдүүлэх, даатгалын салбарын холбогдох хуулиудыг шинэчилж, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх, даатгалын зах зээлийн тогтвортой байдлыг хангах, системийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрсдэлийн удирдлагын зохицуулалтын орчинг бий болгох, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн тогтолцоог сайжруулах, иргэдийн даатгалын боловсрол, суурь мэдлэгийг дээшлүүлэх зэргийг дурдаж болно.
Эх сурвалж: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО
Холбоотой мэдээ