М.Энхсайханыг Үндсэн хууль зөрчиж баривчилсан гэж шүүх үзэв

Хуучирсан мэдээ: 2019.06.21-нд нийтлэгдсэн

М.Энхсайханыг Үндсэн хууль зөрчиж баривчилсан гэж шүүх үзэв

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс АТГ-ын  Монгол Улсын сайд асан М.Энхсайханыг  үргэлжлэн хорих хүсэлтийг хэлэлцээд хорих шаардлагагүй гэж үзэн чөлөөлсөн байна. Тодруулбал, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс М.Энхсайханыг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж шүүх үзэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

АТГ-аас өчигдөр /2019.06.20/ Монгол Улсын сайд асан М.Энхсайханыг баривчилж, гэрт нь нэгжлэг явуулсан. Тус газраас албан ёсоор "Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах явцад бусдад хууль бус давуу байдал олгосон байж болзошгүй учраас баривчилсан" талаараа товч мэдээлэл цацсан. Харин олон нийтийн зүгээс үзэглээгүй гэрээнээс болж, М.Энхсайханыг хорьсон нь хүний эрх, эрх чөлөөнд халсан үйлдэж гэж олон нийт АТГ-д  багагүй шүүмжлэлтэй хандаад байгаа билээ.

М.Энхсайханы өмгөөлөгч Д.Оросоо: Эрүүгийн хуульд байхгүй зүйлээр буруутгаад байгаа

-Сүхбаатар дүүргийн шүүхэд Монгол Улсын сайд асан М.Энхсайхантай холбоотой шүүх хурал болж, түүнийг суллах шийдвэр гаргасан. Шүүх М.Энхсайханыг баривчилсан нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн шүү дээ. ?

-Тиймээ, шүүхээс шүүхийн зөвшөөрөлгүйгээр М.Энхсайханыг баривчилсан нь хууль зөрчсөн байна гэж үзсэн.  АТГ нь  М.Энхсайханыг шүүхийн зөвшөөрөлгүйгээр саатуулахдаа холбогдох хууль заалтыг зөрсөн байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Гэмт хэрэг үйлдсэн гэдгийг гэрчүүд шууд заасан гэсэн үндэслэлээр АТГ баривчилсан. Гэтэл хэн нэгнийг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нь зөвхөн шүүх л тогтоодог.  Гэтэл шүүхийн шийдвэр гараагүй байхад хэн нэгнийг гэмт хэрэг үйлдсэнийг хэн тогтоох вэ гэдэг нь өөрөө эргэлзээтэй. Дээрээс нь иргэний Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн байна гэж үзсэн.

-Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулахдаа бусдад илт давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ барьсан. Гэхдээ тэр гэрээ нь зурагдаагүй биз дээ?

-2018 оноос албан тушаалтан, албан тушаалын байдлаа урвуулан ашиглахыг завдсан гэсэн асуудлаар АТГ буруутгаад байгаа. Эрүүгийн хуульд тийм зүйл анги байхгүй. Албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн, хохирол учирсан бол үүнийг гэмт хэрэг гэж үзэх ёстой. Гэтэл албан тушаалын байдлаа ашиглаж гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэдэг бүрхэг, ямар ч ойлгомжгүй хэрэг үүсгэсэн.  Энэ нь бол үндэслэлгүй гэдэг нь харагдаж байгаа юм. Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төсөл албажаагүй шүү дээ.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
22
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж