Дугуйн спортоор амжилт гаргах бололцоо байна

Хуучирсан мэдээ: 2019.06.21-нд нийтлэгдсэн

Дугуйн спортоор амжилт гаргах бололцоо байна

Дугуйн спортоор амжилт гаргах бололцоо байна

Монголын дугуйн холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит Засмал замын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Төв аймагт нээлтээ хийлээ. Энэ жилийн тэмцээн Монголын дугуйн холбоо үүсч байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн арга хэмжээтэй давхцаж байгаагаараа онцлог болж байна. Тэмцээнд "Аттила", Сонгинохайрхан зэрэг 10 гаруй клубын 60 орчим тамирчин 150 километрийн зайд өрсөлдөж, хурд хүч, авьяас чадвар, тэсвэр хатуужлаа сорих юм. Тэмцээний ялагчид ирэх Даваа гаригт тодорно.

47 дахь удаагийн УАШТ-ий нээлтийн ажиллагаа өнөөдөр болж, монголчуудын бахархал болсон Б.Тэгшбаярт олон улсын хэмжээний мастер цолыг гардууллаа. Тэрбээр 2016 онд Швейцарьт болсон Трек дугуйн залуучуудын дэлхийн аварга болж, Монголын дугуйн спортын түүхэнд шинэ амжилтыг бичсэн юм.

“Миний хувьд 2019 оны улиралд Украины Евро турын баг болох “Ukraine Pro Cycling” багтай хамтарч  бэлтгэлээ хийж эхэлсэн. Энэ оны эхээр хэд хэдэн тэмцээнд амжилттай оролцлоо. Хоёр ч тэмцээнд мөнгөн медаль хүртсэн чамлахааргүй амжилт үзүүлээд байна. Олимпийн оноо цуглуулах тэмцээнүүд ирэх сараас эхэлнэ. Хятад, Индонез, Солонгос, Малайз, Польш улсад дараалсан олимпийн оноо өгөх өндөр ач холбогдолтой уралдаанууд болно. Тиймээс эдгээр тэмцээнд оролцоод оноогоо цуглуулаад явах болно. Миний хувьд эх орноо төлөөлөн 2020 оны Токиогийн олимпод оролцохын төлөө бүхий л хүч хөдөлмөр, авьяас чадвараа зарцуулах болно. Мөн энэ өдөр дэлхийн бүх улс оронд дугуйн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэлж буй бөгөөд олимпийн наадамд оролцох тамирчдын оноог дүгнэх хариуцлагатай мөч юм.” гэж залуучуудын дэлхийн аварга Б.Тэгшбаяр хэллээ.

Тэмцээний үеэр Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч П.Ганхүүтэй цөөн хором ярилцлаа.

-Засмал замын УАШТ-ий уралдааны зам Төв аймгаас эхлээд Дундговь үргэлжлэх юм байна. Энэ жилийн тэмцээний онцлог юу вэ?

-Бөөн гараатай холын зайн уралдаан Төв аймгийн нутагт нээлтээ хийлээ. Энэ жилийн тэмцээнд 10 гаруй клубын 60 мэргэжлийн тамирчин оролцож байна. Тамирчид 150 км зайд өрсөлдөж шилдгүүдээ тодруулна. Уралдааны замын дагуу Дундговь аймгийн замд 75 км зай болж буцаж эргэнэ. Мэдээж энэ жил дугуйчдын хувьд түүхэн ой тохиож байгаа. Монголындугуйн холбоо байгуулагдсаны 60 жилийн ой давхцаж байгаа учир тэмцээн өргөн хүрээнд болж байна.

-Холбооноос 60 жилийн ойг угтаж ямар ажлууд төлөвлөөд байна. Манай дугуйчид "Токио 2020” олимпийн эрх авах боломж байгаа юу?

-Холбооны зүгээс 60 жилийн ойг угтаж олон ажил хийхээр төлөвлөсний нэг нь Улсын аварга шалгаруулах тэмцээн бөгөөд үүнийг өргөн цар хүрээтэй зохион байгуулж байна. Хамгийн чухал нь ирэх 2020 оны Токиогийн олимпод тамирчдаа оролцуулъя гэсэн зорилго тавин ажиллаж байна. Манай улсын дугуйн тамирчид 1992 оны Барселоны наадмаас хойш олимпод оролцож чадаагүй байгаа. Тиймээс бид олимпийн эрх цуглуулах цуврал тэмцээнүүдэд тамирчдаа оролцуулж, тодорхой амжилт үзүүлэхээр зорьж байна. Та бүхэн Б.Тэгшбаярыг сайн мэднэ. Залуучуудын дэлхийн аварга тамирчин маань Украины багт бэлтгэл хийж байгаа. Мөн өмнө нь хэд хэдэн тамирчид Францын багтай бэлтгэл хийгээд ирсэн. Энэ мэтчилэн тамирчдынхаа бэлтгэл сургуулилалтыг хангах ажлуудыг хийж байна.

-Мэргэжлийн тамирчдаас илүүтэй иргэд унадаг дугуйгаар хичээллэх нь ихэссэн. Иргэдийг хандсан ямар ажлуудыг хийж байгаа вэ?

-Зөвхөн мэргэжлийн спортын талаасаа гэлтгүй Улаанбаатар хотын захиргаатай хамтраад нийтийг хамарсан эрүүл мэнд, спорт, зөв амьдралын хэв маягт уриалсан хэд хэдэн ажлыг төлөвлөж, зарим нь хийгдэж байгаа. Сүүлийн жилүүдэд иргэдийн дунд дугуйн спортыг сонирхож, бүх нийтээрээ дугуй унах нь эрс нэмэгдэх болсон. Цаашид энэхүү спортыг хөгжүүлэх нь иргэдийн эрүүл мэнд, зөв амьдралын хэв маягт нэн тустай. Тиймээс нийслэлд дугуйн замын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Засаг даргын Тамгын газар, Засгийн газрын түвшинд хамтран ажиллаж байна.  Залуу үеийн тамирчдыг бэлтгэж хөгжүүлэх нь манай холбооны чухал зорилгын нэг. Ялангуяа манай дугуйн холбооны гишүүд болон клубууд маань энэ тал дээр маш идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр клуб нь тус тусдаа залуу тамирчдыг гаргаж бэлдэх, дэмжих асуудалд чармайлт гаргаж ажиллаж байгаад холбооны зүгээс их талархалтай байгаа.

Монгол хүний хувьд богино зайн, тэсрэлттэй, ханан тойргийн буюу трек дугуйн төрөлд өндөр амжилт гаргах боломжууд харагдаж байгаа. Тиймээс энэ чиглэл рүү хүүхдүүдээ багаас нь бэлдэх шаардлагатай. Манайд хүүхдүүд багаасаа морь унадагтай адил бүгд л дугуй жийдэг. Энэ утгаараа ч бидэнд дугуйн спортоор амжилт гаргах бололцоо байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж