Янгирын удмыг ад үзэх шалтгаан

Хуучирсан мэдээ: 2019.06.21-нд нийтлэгдсэн

Янгирын удмыг ад үзэх шалтгаан

Нэг ам метр талбайд 27 зүйлийн ургамал байлаа гэхэд ямаа бүгдийг нь идчихдэг

Янгирын удмыг ад үзэх шалтгаан

Монголчууд ямааг олон зуун жилийн турш гаршуулан тэжээж ирсэн. Ямаа нь эдийн засгийн хувьд олон талын ашиг шимтэй учраас малчид өсгөх сонирхолтой байна. Торгомсог зөөлөн ноолуур, өтгөн цагаан сүү нь ямаанд хайр зарлах том шалтгаан билээ. Мөн хар ямааны махыг сүүлийн үед эмчилгээнд ихээхэн хэрэглэдэг болсон. Малчид ч өөрсдөө яргуй идсэн ямааны мах эм хэмээн ярьдаг. Янгирын удам ийн ашиг шим, үр өгөөж ихтэй амьтан ч тоо толгой нь олшроод ирвэл байгаль экологид халтай аж. Дэлхийн байгаль хамгаалах холбоо ч ямааг экологид хамгийн халтай амьтны жагсаалтад оруулжээ.

Экологийн энэ дайсан манай улсад ч асуудал болж, бэлчээрийн даац хэтэрсний гол буруутан болоод буй. Монгол Улс 112 сая га хадлан бэлчээрийн талбайтай, үүний 60 хувь нь зуслан, намаржаа байдаг талаар хөдөө аж ахуйн мэргэжилтэн хэлсэн юм. Бэлчээрийн даацын хувьд нийт мал тоог хонин толгойд шилжүүлснээр 84 сая толгой малыг бэлчээх боломжтой юм байна. Одоо манай улсын таван хошуу малын тоо 66.5 сая. нийт малын тоог хонин толгойд шилжүүлбэл 110 сая болж байгаа аж. Үүнээс харахад 25 сая толгой малаар бэлчээрийн даац хэтэрсэн гэсэн үг. Түүнчлэн төл малын тоо 20 сая орчмоор нэмэгдсэн үзүүлэлт бий. Ингээд тооцохоор бэлчээрийн даац жил ирэх тусам нэмэгдэж байна гэсэн үг. Социалист нийгмийн үед сүргийн бүтцийг зөв зохистой байлгахын тулд ямаа, хонио тусад нь хариулдаг байв. Хэрэв нийлүүлвэл гурван хонь, нэг ямаа гэсэн бүтэцтэй байх ёстой гэсэн шаардлага тавьдаг байжээ. Харин өнөө үед хонин сүргээсээ ямааны тоо толгой нь илүү болсон. Энэ нь бэлчээр доройтох гол шалтгаан юм. Салбарын яамнаас сүргийн бүтцийг зөв зохистойгоор тэнцвэржүүлэх зөвлөмжийг малчдад өгдөг ч ямаанаас авах ашиг шимээ бодоод цөөлөхийг хүсдэггүй аж.

Монголын малчид үг сонсдоггүй, дүрэм мөрддөггүй дүлий араншингаараа байвал цаашид экологийн доройтлыг нөхөн сэргээхэд амаргүй болж мэдэхээр нөхцөл байдал үүсээд байна. Малчид өөрсдөө ямааг сүрэг дагуулж гүйдэг, салхи сөрж явах дуртай, хотны мухар эзлэмтгий  хэмээн адладаг ч ашиг, шимийг нь хүртэхийн тулд цөөлж чаддаггүй.

Ямаа голдуу үет ургамлыг идэж бэлчээрийг доройтуулдаг

Дэлхий даяар экологийн тэнцвэрт байдлыг хадгалах асуудлыг хурцаар хөндөж эхэлсэн энэ цаг үед манай улс ч гэсэн малын тоо толгойг хязгаарлаж, зохистой хэмжээнд байлгах ёстой. Мал сүргийн тоо нэмэгдсэнээс болж бэлчээрийг өнжөөх, сэлгээх боломж алдагдаж, ургамлын нөмрөг, бүтэц бүрэлдэхүүн доройтож байгааг судлаачид анхааруулдаг. 1961-1990 оны малын дундаж тоог харьцуулахад нийт малын тоо 43.1 сая толгойгоор нэмэгдсэний дотор ямаа 6.1 дахин, хонь 2.2 дахин, үхэр, адуу 1.8-1.9 дахин өсөж, харин тэмээний тоо 1.4 дахин буурчээ. Бог малын харьцаа өмнө нь хонь 72, ямаа 28 хувийг эзэлж байжээ. Гэтэл өнөөдөр бог малын 55 хувийг ямаа, 49 хувийг хонь эзэлдэг болчихоод байна.

Ямаа шимт ургамлыг хамж иддэг

Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан, хөдөө аж ахуйн ухааны доктор Ч.Оюунцэцэг ямаа бэлчээрийн доройтолд хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгаа хийжээ.

Нийт 40 га бэлчээрийн талбайг хашиж, ургамлыг нь хэмжиж тооцоод нэг хэсэгт нь таван хонь  таван ямаа оруулж нэг өдрийн 10 цаг бэлчээсэн байна. ингэхэд уг бэлчээрийн нийт ургамлын  89.3 хувийг ямаа идсэн байжээ. Энэ нь ямааны бэлчээр ашиглалт хониныхоос 26.9 хувиар илүү байгааг олж мэдсэн гэсэн үг. Намар, зуны улиралд ямаа бэлчээрийг илүү их талхалдаг нь харагдсан байна. Нэг ам метр талбайд 27 зүйлийн ургамал байлаа гэхэд ямаа бүгдийг нь идчихдэг хэмээн судлаач ярив.

Мөн найлзуур ургасан талбайд 10 хонь, 10 ямааг тус тусад нь бэлчээж судалсан байна. Ингэж туршихад 10 ямаа нь 25 найлзуурыг идсэн бол 10 хонь 10 найлзуур идсэн байжээ. Эл судалгаанаас ямаа хониноос нэг дахин илүү ургамал иддэг нь харагдана. Ямаа голдуу үет ургамлыг идэж, бэлчээр доройтуулдаг юм байна. Тиймээс малчдыг бэлчээрээ сэлгэж ашигла гэсэн зөвлөмжийг холбогдох байгууллагаас байнга гаргадаг ч тэр бүр мөрдөх нь ховор аж. Ургамлыг үндсээр нь идсэн тохиолдолд тухайн бэлчээр нөхөн сэргэхдээ удаан байдаг бөгөөд шарилж мэтийн хогийн ургамал илүү давамгайлж ургадаг болчихдог учраас сүргийн бүтцэд анхаарах шаардлага тулгараад буй юм.

Мал иддэггүй шарилж элбэгшиж, тухайн бэлчээрийн ургамлын таваас илүү хувийг эзлээд эхэлвэл бэлчээрт өөрчлөлт орж байгаагийн шинж гэж судлаач дүгнэв. шарилж 5-10 хувийг эзэлвэл дунд зэрэг, 30 хувийг эзлээд ирвэл малд идэнгитэй ургамлын тоо цөөрч, бэлчээр доройтож байгаагийн илрэл юм.

Дэлхийн зарим орон ямаагаа устгажээ

Ямаа тун адтай амьтан юм. Тэр бөмбөрцөг даяар тархаж чаджээ. Таван тивд нийт тэрбум гаруй ямаа нутагшжээ. Тэр дундаа ази тив ямааны тоо толгойгоор дэлхийд тэргүүлж байна. Дэлхийн хөдөө аж ахуйн байгууллагаас 2011 онд гаргасан судалгаагаар ази тив 600 гаруй сая ямаатай болжээ. Манайхаас гадна Хятад, Энэтхэг, Бангладеш зэрэг улс ямааг өсгөсөөр байна. Ямаа өсөхийн хэрээр эдгээр улсын эдийн засагт ч тодорхой хувь нэмрээ оруулж байгаа.

Францууд л гэхэд дарсаа ямааны бяслагтай хольж хүртдэг өвөрмөц заншилтай. Гэтэл дэлхийн өөр нэг тив австралид ямаа зэрлэгшсэн мэдээ цахим ертөнцөд бичигдлээ. Хэн нэгний эрхшээлд биш ямаа өөрийн дур зоргоор уул хадаар тэнүүчлэн амьдардаг болсон байна. Бас нэгэн сонирхолтой мэдээ нь Америк, Шинэ Зеланд зэрэг цөөнгүй орны 120 аралд нутагшсан ямаануудыг буудаж устгасан тухай бичсэн байх юм. Арлуудын ургамлыг нөхөн сэргээхийн тулд ямааг устгахаас өөр аргагүйд хүрсэн байна. Гэвч ямааны талхалсан бэлчээр нөхөн сэргэхдээ удаан байдаг тухай судлаачид хэлдэг. Ямаа талхалсан бэлчээрийг барагцаагаар 3-4 жил хашиж, хамгаалж байж нөхөн сэргэх боломж бүрддэг аж. Ийн янгирын удам ад үзэгдэх цаг ирлээ.

ЗГМ: ТОДРУУЛГА

Н.Бямбадорж: Малчдаас малын хөлийн татвар авдаг болмоор байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Н.Бямбадоржоос зарим зүйлийг тодрууллаа.

-Бог малын сүргийн бүтцийн харьцааг зөв зохистой тэнцвэржүүлэх талаар төрөөс ямар бодлого барьж байна вэ?

-1990 онд 23-25 сая толгой малтай байсан бол өнөөдөр 66.5 саяд хүрээд байна. Үндсэндээ малын тоо 2.9 дахин нэмэгдсэн гэсэн үг. 1964 онд бэлчээрийн талбай 122 сая га байсан бол одоо 112 сая га болж, багасаад байна. Энэ үед 100 га бэлчээрийн талбайд 40 толгой хонь ногдож байсан бол өдгөө 100 га бэлчээрийн талбайд дунджаар 100 толгой хонь ногдож байна. Бэлчээрийн газрын ангиллаас уул уурхай, дэд бүтэц, хот суурин газрын ангилалд их хэмжээний газар шилжиж байгаатай холбоотой. Мөн байгаль цаг уурын өөрчлөлт (үер, салхины нөлөө)-өөс болж ихээхэн бэлчээр эвдрэлд орж ашиглах боломжгүй болж байна. Сүүлийн үед ямааны тоо толгой огцом нэмэгдэж байгаа нь эдийн засгийн үр өгөөжтэй холбоотой. Малчид ямааг их өсгөхөөр сүргийн бүтэц алдагдаж, бэлчээр доройтож байна. 2010 онд уих-ын баталсан “Монгол мал” үндэсний хөтөлбөр, төрөөс малчдын талаар баримтлах бодлого, хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого зэрэг бодлогын баримт бичгүүдэд малын тоо толгойг, бэлчээрийн даацад тохируулах, бэлчээрийг зөв зохистой ашиглаж бэлчээрийн даацад малын тоог тохируулах талаар тодорхой тусгасан. Тухайлбал, малчдаас малын хөлийн татвар авахаар тусгасан боловч харамсалтай нь төдийлэн хэрэгжихгүй байна. 2015 онд манай яам малчдаас бэлчээр ашигласны төлбөр авах санал боловсруулж сангийн яаманд хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хууль эрхзүйн орчин нь бүрдээгүй байгаа.

-Ямааны тоо толгойг цөөлөхгүй бол ямар байдалд хүрэх вэ?

-Сүүлийн жилүүдэд цаг уур тааламжтай байгаа учраас малын тоо өсөж байна. Малчид эр, сувай малаа 3-4 настайд нь эдийн засгийн эргэлтэд оруулаад, сүргийн зохистой бүтэцтэй, чанартай малтай болбол малын тоо толгой тэгтлээ их нэмэгдэхгүй байх.

-Бэлчээрийн доройтлын гол буруутан ямаа гэж хэлэх хүн олон байна. Ер нь ямааг фермержүүлж болдоггүй юм уу?

-Ямаа бэлчээр доройтуулж байна гэж гүтгэж бас болохгүй л дээ. Манай улс Франц улсаас сүүний чиглэлийн альфан үүлдрийн ямааг 2014 онд авчран үржүүлж байна. Сүүний чиглэлийн ямааны фермер байгуулах туршилт хийсэн. Энэ ямаа нь байнга дулаан байр, арчилгаа, маллагаа их шаарддаг, манай орны цаг агаарт дасан зохицох нь удаан байна. Цаашид судалгаа, бэлтгэл сайн хийж байж фермер байгуулахгүй бол жирийн малчин хүн энэ ямааг маллаж өсгөөд байх боломжгүй байна.

-Малын тоо толгой нэмэгдэхийн хэрээр чанар нь муудаж давжаарч байна гэдэг. Чанарыг сайжруулах талаар ямар бодлого барьж байгаа вэ?

-Малын генетик нөөцийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор сум, дүүрэг бүрт хөдөө аж ахуйн тасаг байгуулснаар малзүйч мэргэжилтнүүд бүх сум дүүрэгт ажиллаж байна. Мөн энэ хууль батлагдан хэрэгжиж байгаатай холбоотойгоор тухайн бүс нутгийн цаг уурт дасан зохицсон батлагдсан үүлдэр, омгийн малаар малын чанарыг сайжруулах, малчдын үржлийн малд ангилалт хийж, бог малын хээлтүүлэгчийг мэргэжлийн байгууллагад төвлөрүүлэх зэрэг олон арга хэмжээ авч байгаа. Тухайлбал ноолуурын чиглэлээр үржүүлж буй Баянхонгорын Залаажинст Эдрэнгийн цагаан ямаа, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр улаан, Ховдын алтайн улаан, Хөвсгөлийн Эрчмийн хар ямаа зэрэг үүлдрийн ямааг үндсэн сайжруулагчаар ашиглаж байна.

Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж