Сэтгэлийн зовиуртай Монгол | News.MN

Сэтгэлийн зовиуртай Монгол

Сэтгэлийн зовиуртай Монгол

Хэт их хар бараан мэдээлэл дунд амьдарч байгаа хүмүүс яаж ч шаналахгүй байх билээ

Сэтгэлийн зовиуртай Монгол

“Би Шведэд хоёр жил амьдарч байна. Энэ хугацаанд хэдэн хүүхэд ууланд төөрч, эрэл хайгуул болсноос өөр сэтгэл зовоосон ноцтой асуудал сонсоогүй. Амар тайван орон гэдэг үнэхээр сайхан юм байна. Гэтэл Монголынхоо мэдээлэл унших гээд интернэтэд орохоор өдөр бүр санаа зовоосон мэдээ дуулдах юм. Хэцүү ч юм даа” хэмээн нэгэн бүсгүй facebook-тээ бичжээ.

Үнэндээ гадаадынхан, эсвэл өөр оронд амьдарч байгаа хүмүүсийн хувьд өнөөгийн Монголд өдөр тутам тохиолддог зүйлс цочирдом мэдээ болж байгаа л даа. Бид л дөжирчихөөд байгаа болохоос.

Хамгийн сүүлд өнгөрсөн лхагва гарагийн шөнө нэгэн гэр бүлийн зургаан хүн байшинтайгаа шатаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарав. Тэдний дөрөв нь хүүхэд байжээ.

Үүнээс хоёр хоногийн өмнө Архангайгаас Улаанбаатар руу явж байсан “Ланд Круизер” маркийн машин замын хажуу руу унаж, дөрвөн том хүн, нэг хүүхэд газар дээрээ нас барьж, 11 настай хүүхэд эмнэлэгт хүргэгдэв. Энэ мэтээр өглөө босоод л гадаад ертөнцтэй холбогдоход иймэрхүү хар бараан мэдээлэл угтах юм. Хэзээ ч дуусдаггүй зовлон, барагдашгүй их сэтгэлийн шаналал, яагаад ч сайжирдаггүй үүрэг хариуцлага дунд амьдарсаар байгаа бид сүүлдээ түүндээ дөжирч, баргийн юмыг тоохоо болих шинжтэй.

Ганц хүчтэй салхилахад замын хашлагууд нь нурж унаад машин дарчихна. Нэг удаагийн аадар борооноор зам нь хэдэн км-аар хуурч, хүн, малгүй зутарна. Сүүлдээ бороо орох сургаар айх ч шиг. Уг нь дэлхий нийтээрээ орж л байдаг жирийн нэг бороо хэдий ч Монголд л гамшиг дагуулна.

Онгоцны ослоор 200 гаруй хүн нас барлаа гэсэн мэдээ гармагц дэлхий даяараа цочирдож, харамсан халагладаг. Гэтэл Монголд зөвхөн автын ослоос болж жил бүр 500 гаруй хүн амиа алддаг байдал өөрчлөгдөөгүйгээр үл барам улам нэмэгдэх шинжтэй. Ганцхан жилд 160 гаруй хүүхэд гэнэтийн ослын улмаас амиа алдсан гэх тоо нийгмийг нэг хэсэг цочроосон ч удалгүй мартагдсан. Үүнээс гадна гэнэтийн осол сүйрэл, хариуцлагагүй байдлын золиос болгоныг бичээд байвал сүүлдээ галзуурч мэднэ.

Монголчууд бид “элэг эмтрэх” гэж ярьдаг. Мэдээж баярлаж хөөрсөн үед энэ үгийг хэрэглэхгүй. Харин сэтгэл өвдөх, өрөвдөн шаналах гэдэг утгаар хэрэглэгдэнэ. Тэгвэл яг одоо монголчуудын элэг эмтэрч байна. Ийм их хар бараан мэдээлэл, стресс бухимдал дунд амьдарч байгаа хүмүүс яаж ч шаналахгүй байх билээ. Энэ нь яваандаа бусдын зовлонг тоодоггүй, хатуу сэтгэлтэй үеийнхнийг бий болгож байгаа юм биш биз.

Өдөр бүр “элэг эмтэрсээр” байвал цаашдаа юу болох бол. Ямар ч байсан сайн юманд хүргэхгүй. Угаас сэтгэлийн шаналал, зовиур хэрээс хэтэрвэл хүнийг эрт хөгшрүүлэхээс гадна ходоодны шархлаатай, хавдартай болгодгийг эрдэмтэд аль дээр тогтоочихсон. Магадгүй монголчууд өвчин зовлонд их өртөж, богино наслаад байдгийн нэг шалтгаан ч энэ байж мэднэ.

Монголчууд өвчинд их өртөж, богино насалдгийн нэг шалтгаан ч энэ байж мэднэ

Угаас хар бараан мэдээлэл дунд живж, уурлаж бухимдаж байхад улстөрчид нь элдэв янзын сенсаац зориуд дэлгэж, нэрмээс болох юм. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас уих-ын гишүүд, сайд дарга нар бөөнөөрөө зээл авсан нь илэрч, нийтээрээ шуугиад эхлэнгүүт хөгжлийн банкны хэрэг гээчийг сөргүүлэн тавьж, анхаарлыг өөр тийш хандуулахыг оролдсон нь саяхан. Энэ хэрэгт холбоотой гишүүдийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх санал УИХ-д оруулсан ерөнхий прокурорын эсрэг сөрөг пиар тун хүчтэй өрнөснийг анзаараагүй хүн олон байж мэднэ.

  • Улстөрчдийн зориудаар шидсэн хэрүүлийн алимыг нийт масс шүүрч аваад, хоорондоо талцаж муудалцах нь энгийн үзэгдэл болов. 
  • Бид хар бараан мэдээг байдаг л нэг зүйл мэт хүлээн авдаг болсон нь хамгийн эмгэнэлтэй.
  • Монголчууд энэ байдлаараа цааш яваад байвал юунд хүрэх бол.

ЗГХЭГ-ын дарга хоолны хордлого авч, БНСУ-д эмчилгээ хийлгэхээр явсны дараа “Монголынхоо эмнэлгүүдэд итгэдэггүй, сайд нь ийм байхад бусад нь яах юм” гэж ирээд л бас  шүүмжилсэн. Гэтэл тэр даруйд “сайдыг хордуулсан байжээ” гэх өөр нэг мэдээлэл цацагдсан нь сенсаацыг сенсаацаар дарах аргын нэг жишээ. Олон нийт ч зориуд цацсан энэ мэт мэдээллийг нэг хэсэг даган шуугиж байгаад мартаж орхино. Үүнийг дагаад үндсэн асуудал мартагддаг нь гэм биш зан болжээ.

Аль нэг дарга суудал нь дэнжигнээд эхэлмэгц өөрийг нь огцруулахыг завдсан бүлэглэлийн эсрэг сөрөг мэдээлэл, сенсаац зориуд тараадаг нь анхаарлыг өөр тийш хандуулах, арьсаа хамгаалах тактикаас өөр юу ч биш. Харамсалтай нь улстөрчдийн зориудаар шидсэн хэрүүлийн алимыг нийт масс шүүрч аваад, хоорондоо талцаж муудалцах нь энгийн үзэгдэл.

Хариуцлагагүй, хэнэггүй байдлаас үүдэлтэй гэнэтийн ослын хар бараан мэдээнд живж ядаж байхад улстөрчдийн зориуд сэвсэн элдэв сенсаац бүр туйлдуулж гүйцлээ. Бага насны хүүхэд хүчирхийлэлд өртсөн мэдээ бараг л өдөр бүр сонсогддог болж. Харин бид энэ мэдээг байдаг л нэг зүйл мэт хүлээн авдаг болсон нь хамгийн эмгэнэлтэй.

Үнэнийг хэлэхэд аз жаргалтай, амар тайван улс оронд амьдарч буй хүмүүст атаархах сэтгэл төрж байна. Ажлаа хийгээд, авсан цалин нь амьдралд нь хангалттай хүрэлцээд, үр хүүхдээ асарч хүмүүжүүлээд, элдэв юманд санаа зовохгүй, стресстэхгүй амьдрах ямар сайхан бол. Мундаг удирдагчид бол ийм орчин нөхцөлийг бүрдүүлж, ард иргэдээ жаргаадаг юм байна. Үүнийг бид аз жаргалын индексээр дэлхийд тэргүүлж буй скандинавын орнуудын жишээнээс харж болно. Гэтэл манай хэдэн унхиагүй түшээд, дарга нар сандал суудал булаалдаж, улсын мөнгөнөөс яаж ийгээд цохихоос өөрийг бодох сөхөө алга. Тэгээд хийсэн гэм нь илрэнгүүт нийгмийн анхаарлыг өөр тийш хандуулах гэж элдэв сенсаацаар нулимдаг арга барилдаа үнэхээр гаршжээ. Бид энэ байдлаараа цааш яваад байвал юунд хүрэх бол. Ямар ирээдүй бидний хойч ирээдүйг хүлээж байна вэ гэж бодохоос дотор харанхуйлдаг боллоо.

Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-21 66.181.180.78

Халхын голын дайнд амь эрсэдсэн хүнээс олон хүнийг 1 жилийн дотор аваар ослоор алдаж буй нь гамшиг, аймшиг

Avatar

Зочин 2019-06-21 202.131.242.254

Улс төрчид хувиараа сошл пи-арын баг санхүүжүүлж, өөрийн зорилгодоо ажиллуулдгийг хуулиар хориглох хэрэгтэй. Янз бүрийн сүр сүр нэртэй аккаунтууд ажиллуулж, олныг намируулдаг, цуурхал, сенсаац, гүтгэлэг тараадаг, сайтуудын нийтлэлд коммент бичих зэргээр массын тархийг угаадгийг хориглох хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-06-21 66.181.184.234

БИД ӨӨРСДӨӨ ХАМАГ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДАА ХАШРАХГҮЙ ДАХИН ДАХИН СОНГОЖ ТОЛГОЙДОО ЗАЛЧИХААД АРААС НЬ ГОНШГОНОЛДОЖ ТӨР ЗАСАГ РУУГАА ХАМАГ БУРУУГ ТОХООД БАЙХ ХЭРЭГ ЮУН. БИД Л ХУЛГАЙЛЖ ХУЛХИДАЖ ХУДАЛДАЖ АВСАН САНАЛААР БАЙГУУЛСАН ТӨР ЗАСАГ ШҮҮ ДЭЭ. БИДНИЙ БАЙЖ БАЙГАА ЦАРАЙ, БИДНИЙ ТУСГАЛ БОЛ ТӨР ЗАСАГ ГЭСЭН ҮГ. ИХ ХҮССЭН ХҮНИЙГ ТӨРД СОНГОХ ХЭРЭГГҮЙ, ХАРИН БИД ЗААВАЛ ХЭН НЭГНИЙ БУЮУ НАМЫН НЭР ДЭВШҮҮЛСЭН ЭТГЭЭДИЙГ БУС ОЛОНД НЭР ХҮНДТЭЙ ХҮМҮҮСЭЭ ӨӨРСДӨӨ НЭР ДЭВШҮҮЛЖ СОНГОХ ЭРХТЭЙ. НАМ БОЛ ЭРХ МЭДЛИЙН ЧЕНЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж