
Энэ жил ОХУ-ыг 53 сая тонн улаан буудай хурааж авах болно гэж тооцоолж байсныгаа АНУ 4.5 сая тонноор бууруулсан байна. Өнгөрсөн жил ОХУ 62 сая тонн улаан буудай хурааж авсан гэж АНУ тооцож байсан юм. Казахстанд байдал мөн адил байгаа бөгөөд тус улс 2009 онд 17 сая улаан буудай хурааж байсан бол энэ жил 14 сая тонныг хураах төлөвтэй байна. Орост болж байгаа ганд Волга, Урал, Сибирийн мужууд хамгийн их өртсөн байна. Энэ жил Канадад өмнөхөөс бага ургац тариалсан тул өнгөрсөн жил дэлхийн хэмжээгээр 669 сая тонн улаан буудай хурааж байсан бол энэ жил 661 сая тонныг хураах төлөвтэй байна гэж “USAgNet” дамжууллаа.
Оросын ган болж байгаа мужуудад температур цельсийн 25 градусаас буухгүй байна. Ган долоон сарын дундуур Оросын 11 мужийн ургацанд нөлөөлсөн бөгөөд дахин сар орчим үргэлжилж магадгүй гэж цаг уурчид ярьж байсан. Долдугаар сарын 17-нд Оросын төв нутгаар агаарын температур 35 цельсээс илүү гарч халсан бөгөөд тус бүсийн мужууд өнгөрсөн жилийн ургацаасаа 30 хувь бага ургац авах төлөвтэй байна гэж Оросын мэдээллийн агентлагууд мэдээлж байсан. Оросын Хөдөө Аж Ахуйн яамны мэдээлснээр өнгөрсөн жил ОХУ 97 сая тонн улаан буудай хурааж авч байсан бол энэ жил түүнээс 5.6 хувиар бага буюу 85 сая тонныг хурааж авна гэж тооцоолсон байна. Өөр дөрвөн мужид нэмж онц байдал зарлаж магадгүй гэж өнгөрсөн долоо хоногт тус яам мэдээлж байсан юм. Ганд 9.3 сая гектар талбай нэрвэгдсэн байна гэж “Bloomberg” агентлаг мэдээлж байв.
Өчигдөр Оросын засгийн газар зургаан мужид нэмж онц байдал зарласнаар онц байдал зарласан мужуудын тоо 23-д хүрлээ. Сүүлийн арван жил тохиолдоогүй ган нүүрлээд байгаатай холбоотойгоор тариаланчид ургац хураах ажилд шамдан орж байгаа бөгөөд одоогийн байдлаар нийт ургацынхаа 17 хувийг хурааж аваад байна. Өнгөрсөн оны өдийд 715,600 тонн ургац хурааж авч байсан бол энэ жил онц байдал зарласантай холбоотойгоор өчигдрийн байдлаар 21 сая тонн ургац хурааж авсан байна.
Ганд хамгийн их өртсөн Волга мужийнхан 1.4 сая тонн буудай хурааж авсан нь нэг гагаас 0.93 тонн ургац болж байна. Өнгөрсөн жил тус мужийнхан нэг гагаас 1.26 тонн ургац хурааж авч байжээ. Маш халуун байгаа нь Орост их хэмжээний ой хээрийн түймэр дэгдэхэд нөлөөлөөд байгаа бөгөөд Төв Оренбург муж ой хээрийн түймэртэй холбоотойгоор онц байдал зарласан байна. Тус мужид тавдугаар сараас хойш бороо ороогүй нь нөхцөл байдал муудахад нөлөөлжээ.
Т.Бадрах