Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/ нь хэрэглэгчийн өргөдөл гомдлыг үндэслэн авто машин засвар үйлчилгээний байгууллагуудад шалгалт хийсэн байна. Энэ талаар өнөөдөр тус газраас сэтгүүлчдэд мэдээлэл /2019.06.21/ хийлээ.
Шалгалтад Дэнжийн мянга, 32-ын тойрог орчмын таван авто засварын газар хамрагдсан байна.
Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлүүдээс дурдвал хэрэглэгчийн санал гомдлыг бүртгэдэггүй, түүнийг зохицуулах ямар нэг тогтоосон журам байхгүй, нийслэлийн тээврийн газар, дүүргийн үйлчилгээний хэлтэс болон татварын байгууллагаас зөвшөөрөл аваагүй, мэргэжлийн үнэмлэхгүй, баталгааны хуудасгүй зөвхөн зарлагын баримт ашигладаг, үнийн тариф байхгүйгээс ижил төрлийн үйлчилгээнд харилцан адилгүй үнээр үйлчилдэг, зориулалтын бус ажлын байртай, аюулгүй байдал хангагдаагүй орчинд ажиллаж байгаа зэрэг түгээмэл зөрчлүүдийг илрүүлсэн байна.
ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам “Бид нийтдээ таван газар шалгалт явуулсан, энэ нь нэг талаараа учир дутагдалтай байна хэмээн үзэх нь зүйн хэрэг. Гэвч энэ бол иргэний өргөдөл гомдлын дагуу хийгдсэн шалгалт. Мөн энэ асуудал анхаарал татахуйц түвшинд байгааг тогтоолоо” гэлээ.
Таван авто засварын газарт шалгалт хийхэд дээрх нийтлэг зөрчил илэрсэн тул цаашид дараах арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзжээ. Үүнд, Авто үйлчилгээний нэгдсэн санг яаралтай ажил хэрэг болгох, үйлчилгээ үзүүлсэн автомашины мэдээлэл, үйлчилгээний төрөл зэргийг бүртгэдэг байх, шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагуудад мэдээлдэг байх журмын зохицуулалтыг хэрэгжүүлэх. Иргэд хохирсны дараа биш урьдчилан сэргийлэх ажлыг төрийн байгууллагууд уялдаа холбоогоо ханган, хуулийг хэрэгжүүлэн ажиллах зэрэг арга хэмжээг авч ажиллах шаардлага гэжээ.
Б.Номинчимэг
Холбоотой мэдээ