Арван монголын гурав нь ядуу

Хуучирсан мэдээ: 2019.06.21-нд нийтлэгдсэн

Арван монголын гурав нь ядуу

Арван монголын гурав нь ядуу

Үндэсний статистикийн хороо,  Дэлхийн банктай хамтран өнөөдөр /2019.06.21/ “Монгол Улсын хүн амын ядуурлын  түвшин 2018 судалгаа”-г танилцууллаа. Дээрх хоёр байгууллага 2002 оноос хойш  хамтран  өрхийн орлого, зарлага амьжиргааны түвшний судалж иржээ. Тус судалгаанд Монгол Улсын  904 мянган иргэн ядуу гэх  ангилалд байгааг  дурдсан байна.  Тухайлбал, 2016 онд  нийт хүн амын 29.6 хувь буюу 907.5 мянган хүн ядуу амьдарч байсан бол  2018 онд 28.4 хувь буюу  904 мянган хүн  болж ядуу иргэдийн тоо ялимгүй буурчээ.

2016 онд ядуу өрх 146.145 төгрөгөөр сарын хэрэглээгээ хангадаг гэх судалгаа гарч байжээ. Харин 2018 оны байдлаар  нэг хүнд сард 166.580 төгрөг ногдож байна.  Амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхийн тоо олон байгаа нь дундаж давхарга үгүй болж баян, ядуу гэсэн хоёрхон давхарга бий болоход нөлөөлж буй аж. 

Мөн энэ үеэр Дэлхийн банкныхан хот суурин газарт ядуурал нэмэгдэж, хөдөө орон нутагт ядуурал буурсныг онцоллоо.  Тухайлбал, орон нутагт 2016-2018 оны хооронд ядуурал 4.1 пунктээр буурсан бол хотод эсрэгээрээ 0.1 пунктээр нэмэгджээ.  Хот суурин  газарт амьдарч буй ядуучуудыг эзлэх хувиар нь авч үзвэл  2016 онд 62.1 хувь байсан бол 2018 онд 63.5 болжээ. Ийнхүү нэмэгдсэн шалтгаан нь Монгол Улсын  нийт хүн амын гуравны хоёр нь  хот суурин газарт  амьдарч байгаатай холбоотой аж. Нэг үгээр хэлбэл, ядуу амьдралтай 904 мянган иргэний 378.2 мянга нь Улаанбаатар хотод амьдарч байна.

Ядуурлын түвшнийг аймгаар нь  авч үзвэл  хамгийн өндөр нь Говьсүмбэр аймаг бөгөөд хүн амын талаас илүү хувь нь буюу 51.9  хувь нь ядуу амьдралтай. Харин ядуурлын түвшин Өмнөговь аймагт хамгийн бага буюу 11.8 хувьтай байна.

Дэлхийн банкнаас судалгааны тайланд дурдсанаар  “Хөдөө орон нутагт  мал аж ахуйн /МАА/ орлогын өсөлт  өндөр байгаа нь өрхийн орлогод нөлөөлсөн. Харин хот суурин газарт хувийн бизнес эрхлэгчдийн орлого буурсан нь ядуу өрхийн орлогод сөргөөр нөлөөлж байна.  Хотын өрхийн хувьд цалингийн болон хувийн  бизнесийн орлого нь нийт өрхийн мөнгөн орлогын гуравны хоёроос илүү хувийг эзэлж байгаа бол хөдөө орон  нутагт мал аж ахуйн орлого нь орлогын эх үүсвэрийг бүрдүүлж байна. Хэдийгээр ядуурлын түвшин буурсан ч олон  хүн ядуурлын шугамаас   дөнгөж дээгүүр түвшинд байна. Цаашид нийт хүн амын 15 хувь буюу  одоо байгаа 904 мянган хүмүүс дээр 475 мянган хүн нэмэгдэх эрсдэлтэй байна” гэжээ.

Ялангуяа, эх орны хөгжлийг нуруун дээрээ үүрэх учиртай 30-39 насныхан ядууралд гүн шигджээ. Ажилгүй гурван хүн тутмын хоёр нь 40-өөс доош насны бие эрүүл, ухаан саруул идэр нэгэн байна. Монголын хөгжлийг сэвхийтэл татах учиртай залуус маань өнөөдөр ажилгүйчүүдийн армийг түүчээлж, амьдралын баталгаажих түвшнээс доогуур иргэдийг манлайлж байна. Монгол дахь ядуурлыг бууруулах гол арга нь 904  мянган иргэнээ цалинтай орлоготой болгох. Ямар нэгэн нам үнэмлэхүй олноор ялснаар бус ажлын байр бий болгосноор л ядуурал багасдаг гэдгийг өнгөрсөн арваад жилд бид харсан. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж