Дайнгүй даян дэлхийн төлөө буддистууд чуулж байна

Хуучирсан мэдээ: 2019.06.21-нд нийтлэгдсэн

Дайнгүй даян дэлхийн төлөө буддистууд чуулж байна

Дайнгүй даян дэлхийн төлөө буддистууд чуулж байна

Азийн буддистуудын энх тайвны бага хурлын XI ерөнхий чуулганы нээлтийн ёслол өнөөдөр /2019.06.21/ 09.00 цагт Монголын бурханы шашинтны төв /МБШТ/ Гандантэгчэнлин хийдэд эхлэв. Төв Гандангийн үүдэнд өглөө очиход цөөнгүй иргэд Азийн буддистуудын энх тайвны бага хурлын XI ерөнхий чуулганы нээлтийн ёслолыг сонирхохоор цугларсан байв. Гэвч арга хэмжээ сүсэгтэн бүрт нээлттэй биш төрийн өндөр хамгаалалт дор болж буй юм.

Гандантэгчэнлин хийдээс шинээр байгуулсан Батцагаан цогчэн дуганы гадна талбайд хүрэлцэн ирсэн зочдыг хүлээн авч, тайз зассан байлаа. Ёслолын ажиллагааг нээж, Азийн буддистуудын энх тайвны XI бага хурал зохион байгуулах хорооны дарга, МБШТ Гандантэгчэнлин хийдийн Да лам Х.Бямбажав үг хэлсэн юм.

“ДАЯН ДЭЛХИЙН АМАР АМГАЛАНГ БҮТЭЭНЭ”

Азийн буддистуудын энх тайвны XI бага хурлын зохион байгуулах хорооны дарга, МБШТ Гандантэгчэнлин хийдийн Да лам Х.Бямбажав

Тэрбээр “Дэлхий дахинаа энх тайвны төлөөх ариун зорилгот Азийн буддистын энх тайвны бага хурлын чуулганд морилон ирсэн хүндэт зочиддоо талархлаа илэрхийлье. Гадаад цагийн хямрал, зовлон зүдгүүр гагцхүү дотоодод үл амирласан сэтгэлээс үүдэлтэй. Сэтгэл амирлаваас тэр бүгд амирлана. Сэтгэлийг эвдэгч хөгжил, аюул дагуулагч суртал нь амгаланг нэмэх бус хасах, жаргаланг ундраах бус ширгээхийн шалтгаан болж байна. Сэтгэлийн тогтворт байдал, бидний эрин бэдрэгч жинхэнэ амар амгалан мөн. Хувь хүний амар амгалан улс орны, улс орны амар амгалан бүс нутгийн, бүс нутгийн амар амгалан даян дэлхийн амар амгаланг бүтээнэ. Зарим сайн, мууг үл ялгагч нэгэн цэрэг зэвсгээр сүрдүүлэх, хурцадмал байдлыг өдөөн хүн төрөлхтөний аюулгүй байдалд аюул учруулж болзошгүй байна. Дайн дэлхийн дахинд ямар их гасланг авч ирдгийг түүх гэрчилнэ” хэмээн онцлон хэлэв.

Үүний дараагаар хуран цугласан олонд Энэтхэгийн Ладак үндэстний цам болон Монгол хүрээ цам харайж сонирхууллаа. Мөн Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид “Уяхан замба тивийн наран” уртын дууг эгшиглүүлж, “Их наадам цэнгэлдээн” ардын бүжгээ бүжиглэж, цугласан олныг баясгалаа.

Тус чуулганы нээлтийн ёслол үргэлжлэн шинэ Батцагаан цогчэн дуганд болов. Ийн 16 жилийн дараа дахин Монголд Азийн буддистууд чуулж, нийт 20 гаруй улсын 150 орчим төлөөлөгч оролцож байгаа гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцоллоо.

Монгол Улсад төвтэй Азийн буддистуудын энх тайвны бага хурлын Ерөнхийлөгчөөр МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц 2003 оноос хойш сонгогдон, ажиллаж байгаа ажээ.

“ЦЭРЭГ ЗЭВСГИЙН АСАР ИХ ЗАРДЛЫГ САЙН ҮЙЛСЭД ЗАРЦУУЛДАГ БОЛ ЮУТАЙ САЙХАН”

Тэрбээр нээлтийн ёслолын үеэр айлдахдаа “Хяналтгүй шуналын сэтгэл, хязгааргүй хэрэглээнд сүйдсэн эдийн засгийн хөгжлөөс болж булаалдах өрсөлдөөн бужигнах маргаан ихсэж байна. Дэлхийн баялгийн нөөц хоосорч, гачигдах аюул зовлонд нэрвэгдэх болзошгүй боллоо. Иймд илүү тансаг хэрэглээгээ хязгаарлан, аривлан хэмнэх, энгийн хялбар амьдралын хэв маяг хамгийн зөв сонголт болж эхэллээ. Мэдээлэл технологи хурдацтай хөгжиж, цахим сүлжээний ертөнц бидэнд үр өгөөжөө өгч байгаа боловч нийгмийн харилцааны болон хүний зан авирын төлөвт сөрөг талыг авч ирж байна. Ялангуяа бага балчир насны хүүхдүүдийн сэтгэл зүйд замбараагүй, хяналтгүй хэрэглээ, эцэг, эх, багш сурган хүмүүжүүлэгчдийн хөдөлмөрийг талаар болгож байна. Улс үндэстнүүд цэрэг, зэвсгийнхээ хүчийг зузаатгахын тулд жил бүр маш их хэмжээний мөнгийг зарцуулдаг нь хүн төрөлхтний амьдралд аюул занал учруулж буй явдал юм. Цэрэг зэвсгийн асар их зардлыг эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн сайн үйлсэд зарцуулдаг бол юутай сайхан билээ” хэмээв.

Мөн тус чуулганы нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэллээ. Төрийн тэргүүн “Дэлхий дахинаа эрдэм мэдлэг, энэрэл нийгүүслийг эрхэмлэн, уламжлал өв соёлоо дээдлэн хөгжүүлэх, Азийн улс орнуудын эв санааг нэгтгэж буй Азийн буддистуудын энх тайвны бага хурлын 50 жилийн ой энэ онд тохиож байна. Тус хурлыг Монголд анх удаа 1969 оны долдугаар сарын 14-нд зохион байгуулах шийдвэр гарч, бага хурлаа 1970 онд Улаанбаатар хотноо зохион байгуулсан түүхтэй. Уг бага хурлын анхны Ерөнхийлөгчөөр Монголын номч мэргэн С.Гомбожав сонгогдон 20 гаруй жил ажиллажээ. Монголын Засгийн газраас Азийн буддистуудын чуулганыг ямагт дэмжсэн нь дэлхий дахины энх тайвны үйлсэд өндөр хувь нэмэр оруулснаас гадна дэлхий нийтэд энх тайвныг тунхаглахад Монголчуудын хувь нэмэр чухал байсан. Энэ бүхэн өнөөдөр ч үнэ цэнэтэй байсаар байна” гэдгийг онцоллоо.

Азийн буддистуудын энх тайвны бага хурлын XI ерөнхий чуулган энэ сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох юм. Энэ удаагийн XI чуулганаар Ази тивийн буддистуудын энх тайвны бага хурал дүрмийн шинэчлэл хийж, зорилго зорилтоо тодорхойлох юм байна. Чуулга уулзалтын хүрээнд маргааш /2019.06.21/ “XXI зууны Буддын өв соёл, үнэт зүйлс” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг олон нийтэд хаалттайгаар зохион байгуулна гэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж