Монгол Улсын сайд асан М.Энхсайханыг АТГ-аас баривчилжээ. Бүр шүүхийн тогтоолгүйгээр, шөнийн цагаар. Энэ тухайд АТГ албаны товч мэдээндээ “Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах явцад бусдад хууль бус давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт Монгол Улсын сайдаар ажиллаж байсан М.Энхсайханыг 2019 оны зургадугаар сарын 20-ны өдрөөс сэжигтнээр баривчилсан” гэжээ.
Товчхондоо, Монгол Улсын сайдаар ажиллаж байхдаа М.Энхсайханыг Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах явцдаа “Энержи ресурс”-т илт давуу байдал олгосон гэж АТГ-аас буруутган 461 дүгээр ангид аваачин саатуулсан үйл явдал өчигдөр өрнөж.
Урьд нь “хар Баасан” гаригт баривчилгаа явуулдаг байсан хууль хүчнийхэн Пүрэв гаригт бусдыг барьж хорьдог болсон нь бас л улс төрийн учир шалтгаантай. ТЕГ-ын экс дарга Б.Хурц, 461 дүгээр ангид амиа хорлосон гэх шүүгч Л.Бямбааг мөн л Пүрэв гаригт баривчилсан. Үүний цаад шалтгаан нь залхаан цээрлүүлэх хуулийнхний арга, заль байж мэдэхээр харагдаж буй.
М.Энхсайханыг хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулахдаа “Энержи ресурс"-т илт давуу байдал олгосныг өөрийгөө шатаадаг С.Эрдэнэ, өөр бас бус хоёр хүн гэрчилсэн гэнэ. Гэрч үнэн ч ярьж болно, худлаа ч гүтгэж байж мэднэ. АТГ хэн нэгний үгэнд итгэх биш хуульд заасан баримт, нотолгоог үндэслэх ёстой юм.
Үнэндээ, Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ бол үзэглэгдээгүй, Засгийн газрын архивт шороо тоосондоо дарагдаад үлдсэн төсөл төдий. Болсон үйл явдлыг хөөвөл 2014 онд Монголын Засгийн газар Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах олон улсын тендерийг зарласан байдаг. Тендерт “Шинхуа Энержи”, “Энержи ресурс”, “Сумитома” зэрэг Хятад, Монгол, Японы гурвалсан консерцуми шалгарсан бөгөөд энэ ажлыг хариуцаж байсан нь М.Энхсайхан мөн үү гэвэл мөн. Учир нь, тэр Монгол Улсын эдийн засгийг томруулах, Монголд ашигтай гэрээ байгуулахыг хүсч байв. Тиймдээ ч, "Мега төсөл шил шиг хэврэгхэн" болохыг удаа дараа сануулж байсан юм. Уг гэрээ зурагдсан бол Монголын эдийн засагт шуудаар 4 тэрбум хүртлэх ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэхээр, дор хаяж 2000 хүн өндөр цалинтай ажил байраар хангагдах байлаа. Хөрөнгө оруулагчаар тендерт шалгарсан гурвалд Монголын Засгийн газраас
- Монгол Улсын хуулинд заасан бүх татвар хураамжийг төлнө.
- 5-8 хувийн роялти төлөх
- Дэд бүтэц буюу нүүрс угаах үйлдвэр барих, төмөр зам өөрийн хөрөнгөөр тавих нөхцөлийг тавьж байсан юм. Гэвч энэ бүхэн цаасан дээр үлдсэн.
Сайн чанарын коксжих нүүрсийг чанар багатай нүүрстэй хольж нэг стандартын бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр нийт нүүрсний ашиглалт сайжирч, бүтээгдэхүүний гарц нэмэгдүүлэх, нүүрсийг орд газрыг сорчилж олборлохоос сэргийлж, уурхайг удаан хугацаанд үр ашигтай олборлох боломжийг бүрдүүлэхийн тулд Тавантолгойн хөрөнгө оруулалтын төсөл дээр ажиллаж байсан ажлын хэсэг хөрөнгө оруулагчдад чамгүй өндөр шаардлага тавьж байсан. Даанч, хөрөнгө оруулалтын гэрээ үзэглэхийн даваан дээр УИХ-ын дарга асан З.Энхболдын оролцоотойгоор хөрөнгө оруулагчид үзгээ өвөртлөөд буцсан юм. Энэ бол 2015 оны үйл явдал. Үнэхээр хэн нэгэн сайн эр чулуу шидэх төдийд мега төсөл хэрхэн бутран унадаг болохыг Тавантолгой төсөл бодитоор харуулсан.
Тухайн үед Монгол Улсын сайдаар ажиллаж байсан М.Энхсайханы ахалж боловсруулсан төслийг УИХ хүлээж аваагүй, ЗГХЭГ-аас төслөө буцааж татсан. Тухайн үед өдгөө Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж буй З.Энхболд "Тавантолгойн гэрээ боловсруулахдаа хоёр сая хувьцаа эзэмшигчдийнхээ зөвшөөрлийг аваагүй тул" гэх хачирхалтай шалтаг дурдаж, шалтгаанаар хөрөнгө оруулалтын төслийг буцааж, Ерөнхийлөгчийн албан бус зөвлөх Л.Эрдэнэчимэг "Тавантолгойг гацаасандаа баяртай байгаа"-гаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолж байсан билээ. Ингээд л "Миний нэр байдаггүй" гэгчээр Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах гэсэн Ч.Сайханбилэгийн Засгийн газрын бодлого энэ хүрээд дууссан.
Ерөнхийлөгч Х.Баттулга, М.Энхсайхан хоёр эртний дайснууд. Тэдний зөрчил бүр эртнээс 2013 оноос, Монголд тавигдах төмөр замын царигийн маргаанаас эхэлсэн байдаг. Х.Баттулга Оросын буюу өргөн царигтай төмөр зам хойшоо барих, М.Энхсайхан дэлхийн орчин үеийн жишгээр нарийн царигтай төмөр зам урагшаа тавих ёстой гэсэн үзэл бодлын зөрчил эхэлсэн. "Би чамаар Монголоороо тоглуулахгүй" гэж хэлснийхээ төлөө М.Энхсайхан халагдах тушаал Х.Баттулгаас авч байв. Тэр бол Ерөнхийлөгч Х.Баттулга Үйлдвэр худалдаа, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан үе. Энэ зөрчил хурцадсаар өнөөдөр “хүн олдвол хэрэг тохоход амархан” гэгчид хүрсэн бололтой.
Дашрамд сануулахад, УИХ-аар төмөр замын царигийн асуудлыг хэлэлцэх үеэр Монголын парламентын гишүүдийн утсанд гаднаас учир битүүлэг мессеж ирсэн дуулиан дэгдээд эзэн холбогдогчийг нь ТЕГ зарлалгүй тэгсхийгээд л намжсан.
Х.Баттулга Ерөнхийлөгчийн хувьд урагшаа төмөр зам тавихаас илүү хойшоо, өргөн царигтай төмөр зам тавихыг эртнээс ярьж, хүсч байсан. Өнөөдөр энэ амбицаа ил тод илэрхийлдэг. Үүнийгээ цэрэг танкны зохиол болгож телевизээр цацаж байсан ч мөн л төмөр замын төсөл, царигтай холбоотой. Төмөр замын төсөл болгон дээр түүний ашиг сонирхол, амбиц ил гарч илт давамгай оролцдог нь ч үнэн. Сүүлийн арван жилийн дотор Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын төмөр замын бодлогыг зангидаж, тодорхойлж, барьж, бүтээн байгуулах ажлыг хариуцаж иржээ. Тэрбээр төмөр замын бүтээн байгуулалтын шав тавих ёслол хоёр ч удаа үйлдсэний нэг нь Гашуунсухайтын төмөр замын гэх 267 км төмөр зам бөгөөд энэ төсөл шороо овоолоод дууссан. Нөгөө нь нөхөн үржихүйн төмөр зам. Яг одоо ид яригдаж буй сэдэв. Зах зээлийн чөлөөт эдийн засагтай оронд төр нь хувийн хэвшлээрээ ажлаа хийлгэдэг, хувийн хэвшилдээ боломж олгодог. Тэгж байж эдийн засгаа хөгжүүлдэг, тэлдэг. Харамсалтай нь, Монголд тэс өөр эдийн засгийн бодлого хэрэгжиж байна. Хувийн хэвшлийнхнээ айлгаж, сүрдүүлж, хууль, хүчнийхэн, тагнуул, тусгайгийнхнаар мөрдүүлж шалгуулж, буутай гавчид камерын өмнө бизнесийнхнээ барьж хорьдог, өмчийг нь ичиж зовохгүйгээр булааж, дээрэмддэг болсон. Төр нүүрс ухаж, зарж, төмөр зам барьж, махны ченж хийж, малын наймаа ярьдаг болсон. Ийм л эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлж буй эрх баригчид М.Энхсайханыг баривчилж гэнэ.
М.Энхсайханы боловсруулсан Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төсөл яг яасан бэ гэж үү! Нэгд, гэрээ зурагдаагүй. Хоёрт, зурагдаагүй гэрээний төслөөр эх орныхоо эрх ашгаас урвасан гэх ял тулгаж байгаа нь жинхэнэ хэлмэгдүүлэлт юм. Гуравт, эх орны эрх ашиг гэж юу вэ. Яг үүнийг хэн яаж тодорхойлж байгаа юм бэ. Алдсан боломжийг хэлэв үү, аль эсвэл айл хөршийн сонирхлыг хөндөв үү.
Хэрэвзээ эдийн засгийн алдсан боломжийг ярьж байгаа бол эхлээд алдагдсан төмөр замаа хайх ёстой. Алдагдсан төмөр замаас болж Монгол Улс хэчнээн хэмжээний ашиг орлогоо алдсан бэ. М.Энхсайханы боловсруулсан Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглээгүйгээс болоод хэр их ашиг орлого, хэчнээн ажлын байр, Монгол Улсын эдийн засагт үзүүлэх эерэг боломжуудаа бас алдав. АТГ-ын ажил эндээс л эхлэх ёстой байв.
Гэвч, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө төдий, цаасан дээрх төслөөр баривчилгаа явуулж, бусдын эрхэнд халдаж байгаа АТГ-аас жинхэнээсээ айдас, хүйдэс үнэртэж байна. АТГ-ын шинэ дарга аяганы хариугаа хэн нэгэнд барихыг хүссэн ч байж мэднэ. Цаасан дээр үлдсэн хөрөнгө оруулалтын гэрээ хэний эрхэнд халдаж, хэнийг яаж хохироосныг АТГ хуулийн дагуу шалгаж, мөрдөж олж тогтоохгүйгээр бусдын ховоор ажил хийж, даргын үгээр баривчилгаа явуулж боломгүй. Бид чинь уг нь хуульд үйлчилдэг эрх зүйт төртэй, хүний эрхийг хамгаалсан Үндсэн хуультай улс хэрэвзээ мөн бол шүү дээ.
Эцэст нь, Монголд хуульд биш даргад үйлчилдэг, хуулийн нотолгоогоор биш гэрчийн үгээр байцаадаг, баривчилдаг хуулийн байгууллагатай болбол эрх зүйт төрийн мөн чанар, иргэдийн амьд явах эрх чөлөө алдагдана. Эрх мэдэл+мөнгө+хууль, шүүх гэсэн бүлэглэл энэ улсын эзэн болно. Хэн ч хэнийг гүтгэж, хэнд ч яаж хэрэг тохож мэдэх хонгилын үед хүний эрх, эрх чөлөө, Монголын ардчиллын төлөө эмгэнэл илэрхийлье!
Холбоотой мэдээ