461-р ангийн албан хаагчдын буруутай үйлдлээс болж онц хүнд гэмт хэрэгт сэжиглэгдэн, шалгагдаж байсан этгээд оргов. Оргосон этгээдийг өнөөдөр үүрээр Замын-Үүдын боомтоос хил гарах гэж байхад нь саатуулсан байна. Тухайн сэжигтэн оргох өдрөө хорих ангийн сэтгэлзүйчтэй уулзсан бөгөөд сэжигтнийг сэтгэлзүйч хорих ангийн харгалзагчид хүлээлгэж өгөх байсан ч ажлын хариуцлага алдсан учраас оргодолд боломж олдож. Хорих ангийнхны ажилдаа хариуцлагагүй хандсаны гавьяагаар сэжигтэн хоёр хоног чөлөөтэй, “тэнэж” явсаар хил нэвтрэхийг завдаж. Ингэхдээ ачааны галт тэргэнд суугаад, Улаанбаатараас Замын-Үүд хүрч, тэндээсээ хил гарахыг оролдож. Угтаа бол хорих ангийн сэтгэлзүйч, харгалзагч нар ажлаа сайн хийж байсан бол, оргох боломж олгоогүй, оргосных нь дараа “шуурхай” баривчилж чадаагүй учраас сэжигтэн хоёр хоногт хол ч явж чаджээ.
Одоогоос хэдэн сарын өмнө хорих 461-р ангид хоригдож байсан эмэгтэй амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан. Тухайн үед ажиллаж байсан хорих ангийн харгалзагч, удирдлага ажлаас чөлөөлөгдөөд өнгөрч байв. Харин энэ удаад онц хүнд гэмт хэрэгтэн оргов.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, цагдаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид харьяалагддаг. Би л энэ салбарыг өөд нь татаж, асуудлыг нь цэгцэлж байна гэж олны нүдэн дээр ярих дуртай Ц.Нямдорж сайд аа хамар доор чинь хүн нас барж, эр цэрэг амиа алдаж, сэжигтэн оргож байна.
Тохой нийлүүлэн суудаг сайд нар чинь ЖДҮ авч, 10 сая ам.долларын хэрэгт нэр нь холбогдож, Төрийн ордонд эрдэнэт хүний амиа эрсдсэн хэрэг, таны насаараа толгойлсон салбарын хорих ангид тань хоригдлууд нэгнээ дарамталсан, хилийн цэргүүд Дархан хил дээрээ амиа алдсан гээд олон зүйл дээр Ц.Нямдорж сайд юу ч дугараагүй бас хариуцлага хүлээгээгүй, бусдыг буруутан болгосон.
Хажууд чинь болсон хэргүүдийн талаар дуугардаггүй юм байж, бусдад бурууг нь тохдог юм байж. Харин хамар доороос чинь сэжигтэн оргуулчихлаа. Харин та одоо хэнд бурууг тохох вэ.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ