Онцгой тавилангийн эзэд-2 | News.MN

Онцгой тавилангийн эзэд-2

Хуучирсан мэдээ: 2019.06.21-нд нийтлэгдсэн

Онцгой тавилангийн эзэд-2

Хүн эцэг эхээ сонгож төрдөггүй. Хүсээд ч олддоггүй нандин эрдэнэ болсон үрээ хөхөө шиг “голдог” нэгэн байхад хүний хүүхдээр хүн хийж өсгөдөг сайхан сэтгэлтэй хүмүүс ч бий.

Холбоотой мэдээ

Онцгой тавилангийн эзэд

Онцгой тавилангийн эзэд

Хаа холын Америкаас өсгөсөн үрээ дагуулсаар төрсөн нутагт нь ирсэн ээж аавууд. Тэд хүүхдүүдээ хүй цөглөсөн нутагтай нь, элэг нэгтэй эх оронтой нь танилцуулахыг хүсчээ. АНУ-д төвтэй хүүхдийн төлөө "Holt International" олон улсын байгууллагаар дамжин тус улсад үрчлэгдсэн таван монгол хүүхэд аав, ээжийн хамт эх орон, түүх соёлтойгоо танилцахаар ирснийг Гадаадын иргэн харьяатын газар /ГИХГ/-ын хамт олон халуун дулаанаар хүлээн авлаа.

Ухаан ороогүй нялх балчир насандаа харь нутагт үрчлэгдсэн тэдгээр хүүхдийн нүд гэрэлтэж байна. Тэд төрсөн ээж аавыгаа мэдэхгүй. Харин өсгөсөн ээж аавынхаа ачаар өндөр боловсролтой,  эцэг эхийн хайр энэрэл дунд өсч торниж байна.

АНУ-ын иргэн Миллерийн гэр бүл 2005, 2009, 2012 онд Төгсбаяр, Сарнай, Тамир гэх гурван хүүхдээ “Хүүхдийн төв сувилал”-аас үрчилж авчээ. Тэд хүүхдүүддээ маш хайртай нь илт. Шүүгч болох мөрөөдөлтэй Тамир хүүг 2012 онд үрчлэн авахаар Монголд ирэхэд ноён Миллерийн төрсөн өдөр тохиож байжээ. Тэрбээр “Бидний бага хүү Тамир бол миний амьдралын хамгийн том бэлэг болон аавдаа ирсэн” хэмээн бахархан ярьж байлаа. Том хүү Төгсбаярынх нь хувьд маркетингийн чиглэлээр суралцах хүсэлтэй бол охин Сарнай нь ирээдүйд гэмтлийн мэс заслын эмч болохыг мөрөөддөг.

“Ойрхон бол жил бүр л Монголд ирмээр байна” хэмээн ярих тэдний гэр бүл дараагийн удаа хүүхдүүдээ насанд хүрч, коллежид орох үеэр нь ирэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. 

Хоёр дахь гэр бүл болох Антонукийнх  2006, 2010 онд Монголоос Даваабаяр, Баяр хөвгүүдээ үрчлэн авчээ. Аав, ээжийнх нь тодорхойлсноор даруу төлөв, зөөлөн сэтгэлтэй том хүү Даваабаяр нь усан сэлэлтийн спортоор хичээллэдэг. Бүр мужийнхаа аварга болж байсан мундаг тамирчин хүү аж. Тэрбээр ирээдүйд мундаг сайн хуульч болохыг хүсдэг. Харин нэр шигээ гэр бүлийнхээ баяр баясгалан болсон бага хүү Баяр далайн амьтдад маш их хайртай. Тэр далайн амьтан судлаач болох мөрөөдөлтэй.

 “Хүүхдийн төв сувиллын ажилтнууд биднийг очиход хүүхдүүдэд минь маш сайхан анхаарал халамж тавьж байсан. Хүүхдүүдийг минь аюулгүй сайхан орчинд хайрлан хамгаалж байсанд нь талархдаг” хэмээн хөвгүүдийн ээж хатагтай Антонук ярьлаа. Тэрбээр “Би бол бүтэн цагийн ээжийн ажилтай. Бусад ээжүүдийн л адил бүх цагаа үр хүүхдүүддээ зарцуулж, тэднийгээ сайн хүн болгохын төлөө хичээдэг” гэв.

Төрсөн нутагтаа ирэх ямар санагдаж байгааг хүүхдүүдээс асуухад, тэд "Эх орондоо анх ирэхэд орчин үеийн өндөр барилгууд, сүүлийн үеийн үнэтэй машинууд гээд төсөөлснөөс огт өөр орчин хүлээж авсан" талаар ярив. Мөн хотоос хэдхэн км яваад үзэсгэлэнтэй уул ус, хөдөө тал, монгол гэрүүд тааралдаж байсан нь үнэхээр сонирхолтой санагдсан гэнэ.

Тэд эх орондоо ирээд гэр бүлээрээ хөдөө явж, монгол ахуйтай танилцжээ. Мөн "Нарантуул"-аар орж үндэсний дээл, хувцас худалдан авсан гэнэ. Мөн үрчлэгдэхээс өмнө амьдарч байсан “Хүүхдийн төв сувилал”-д зочлон талархсан сэтгэлээ илэрхийлж, тэнд байгаа бяцхан дүү нар, найзуудтайгаа уулзан сэтгэлийн бэлгээ гардуулан өгснөө сонин болгон дуулгалаа.

Эдгээр гэр бүл хүүхэд үрчилж авахаар зуучлалын байгууллагад хандахад олон улс орныг танилцуулж байсан гэнэ. Харин тэдэнд, түүх соёл, зан заншил, ард иргэд, үзэсгэлэнт байгаль зэрэг нь таалагдсан учир Монголоос хүүхэд үрчилж авахаар шийдсэн байна.

Хүүхдүүдийг үрчилж  авсан эцэг эхчүүд монгол өв уламжлалыг нь мартуулахгүй байх, монгол хүн гэдгээр нь бахархуулж өсгөх үүрэг хүлээдэг. Эцэг эхчүүд нь ч өөрсдөө Монголоос хүүхэд үрчилж авсандаа үргэлж бахархдаг. Үрчлэгдсэн хүүхдүүд эх хэлээрээ сайн ярьж чадахгүй ч Монголын тухай ном сэтгүүл уншиж эх орныхоо талаар байнга судалдаг гэв.

Хүүхдийг хамгаалах ба улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай Гаагийн конвенцид 1998 онд  Монгол Улс нэгдэн оржээ. Үүнээс хойш хилийн чанадад Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэх асуудлыг 1999 оны Монгол Улсын Гэр бүлийн тухай хууль болон 2001 онд батлагдсан Гадаадын иргэнд Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэх журмаар зохицуулж байна.

Үрчлүүлэх үйл ажиллагааг холбогдох журмын дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Гадаадын иргэн, харьяатын газар хамтран гүйцэтгэж байгаа бөгөөд гадаадын иргэнд Монгол Улсын харьяат хүүхэд үрчлүүлэх асуудлаар бусад орны үрчлэлийн асуудал хариуцсан, төрийн захиргааны төв байгууллага болон тэдгээрийн итгэмжлэгдсэн байгууллагатай хамтран ажилладаг.

Одоогоор дэлхийн 17 улсад 269 хүүхэд гадаадад үрчлэгдээд байна.

Гаагийн конвенци болон “Хүүхдийн эрхийн тухай” НҮБ-ын конвенцид итгэмжлэгдсэн байгууллага буюу зуучлагч байгууллагаар дамжуулан гадаад үрчлэлийг хийж болохыг зохицуулсан бөгөөд 269 хүүхдээс 171 нь олон улс хооронд хүүхэд үрчлэх асуудал эрхэлсэн зуучлагч байгууллагаар гадаадын иргэн, гэр бүлд үрчлэгдсэн юм. Үүний нэг нь “Holt International” хүүхдийн төлөө олон улсын байгууллага бөгөөд уг байгууллагаар дамжин 71 хүүхэд АНУ-ын гэр бүлд үрчлэгдсэн байна.

Тус байгууллага нь Гадаадын иргэн, харьяатын газартай хамтран үрчлэгдсэн хүүхдийг төрөлх эх оронтой нь танилцуулах аяллыг 2017 оноос хойш зохион байгуулж байна.

Хүүхэд үрчлэлийн асуудлын хамгийн чухал зүйл бол үрчлэгдсэний дараах хяналт. Тиймдээ ч тус хариуцсан байгууллагууд нь энэхүү хяналтыг маш сайн тавьж, үрчлэн авсан гэр бүл, зуучлагч байгууллага, хариуцсан төрийн агентлаг гэсэн гурван талт гэрээ байгуулан тогмол мэдээ тайланг хүлээн авч танилцдаг байна. Хүүхдийг үрчлүүлэхээс өмнө үрчлэн авах хүсэлт гаргасан эцэг эхийн гурван үеийн намтрыг судалж, эрүүл мэнд, мөнгө санхүү, зан араншин, гээд бүхий л зүйлийг нь шат дараатайгаар нарийн судалсны эцэст тусгай комисс хуралдан шийдвэрийг гаргадаг байна. Мөн шаардлагатай тохиолдолд үрчлэн авсан гэр бүлд зочлон аж байдалтай нь биечлэн танилцдаг гэв.

Үрчлэн авсан хүүхдийн талаар гурван нас хүртэл хагас жил тутам, 4-8 нас хүртэл жил тутам, 8-16 нас хүртэл хоёр жил тутам мэргэжлийн нийгмийн ажилтан хянаж, хөгжлийн тайланг ирүүлдэг байна. Мөн 16 насанд хүртлээ Монгол Улсын харьяат байх, 16 насанд хүрмэгц харьяатаа чөлөөтэй сонгох боломжоор хангахыг гэрээнд тусгадаг байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
54
ЗөвЗөв
8
ХөөрхөнХөөрхөн
8
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Энкүнэ 2019-06-21 66.181.180.207

Энэ л нийгмийн харилцаа холбоо шүү дээ. Нэгнийхээ алдааг нөгөө засаж залруулдаг.Буруу зүйлийг засах залруулах гарц гаргалгааг зөвөөр хүлээн авч дэмждэг байх нь л зөв.Мууг сайнаар солиод алдаанаасаа суралцаад үргэлж шинэчлэгдээд яваад л байх хэрэгтэй тэндээс л бүх зүйл гэрэлтэж эхэлнэ.

Avatar

Зочин 2019-06-21 112.72.11.123

Гэгээлэг сайхан мэдээлэл байна.

Avatar

Zochin 2019-06-21 202.126.89.42

Mongol hyyhdyydiinhee umnuus bayarllaa gedeg ygiig heden myanga dahin helie

Avatar

Зочин 2019-06-21 66.181.161.75

Энэ буянтай эрхэм хумууст тур хундэтгэл узуулэх хэрэгтэй. Тэртэй тэргуй унэ цэнээ алдсан одон медалиараа шагнаач. Эдгээр хумуус жинхэнэ утгаар нь хундэтгэл, урам авах болно

Avatar

Зочин 2019-06-21 103.212.118.172

Нэг бодлын 269 күрхээ бид гадагш өгчээ зүрх минь эмтэрч,уйлмаар нөгөө бодлын энд бсанаас дээр азтайч юм шиг санагдах юм бяцхан зүрхнүүд минь эрүүл саруул айх аюулгүй,нүд үзүүрлэгдэхгүй сайн сайхан аз жаргалтай амьдраасай л гэж хүсэж залбирая даа

Avatar

Зочин_С 2019-06-21 122.201.21.64

Хүүхдэд буруу байхгүй ээ. Тэд хайрлуулах л эрхтэй. Хэний ч хүүхэд болж хаана ч төрж өссөн хайран дунд л байгаасай…

Avatar

Зочин 2019-06-21 198.16.66.125

Aztai huuhduud yumaa. Urchleed yvuulchihaad ergeed huleej avdag Haryatiihand bayarlaj bna shuu.

Avatar

Зочин 2019-06-21 66.181.161.119

yasan buyntai uls we bayrlalaa ta buhend huuhed buhen eleg buten baig

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж