Цагтаа "Азийн цагаан дагина" хэмээн тив дэлхийд гайхагдаж байсан Улаанбаатар хотод ямар ч бодлого, төлөвлөлт, зохион байгуулалтгүйгээр сүндэрлэсэн барилгажилтын нөлөөгөөр түүх өгүүлэх барилгагүй, үр хойчдоо үлдээх түүх соёлын дурсгалт цогцолбор байгууламжгүй болох нь.
Өндөр барилгуудын дунд ажин түжин орших Чойжин ламын сүм музей, Ерөнхий сайд Ц.Жигжиджавын амьдарч байсан байшин өнөөдөр төмөр карказанд хашигдаж, эрхтэн дархтнуудын дунд толгой гудайн байх мэт.
Улаанбаатар хотын төв хэсэг дэх хуучны дурсгалт газар, байгууламжийн орон зай өдрөөс өдөрт хумигдаж, өмнөх түүхээ бид өөрсдөө ч анзааралгүйгээр баллуурдаж, Улаанбаатар хотын унаган төрх алдагдаж, их түүх мартагдахад хүрч буйг Соёлын өвийн мэргэжилтнүүд хэлж байна.
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД УЯЛДАА ХОЛБООГҮЙ АЖИЛЛАЖ БАЙНА
БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын мэргэжилтэн Б.Даваацэрэн:
-Улаанбаатар хотын төрх алдагдахад одоогоос 10-15 жилийн өмнөх газар олголт, түүнийг дагасан бүтээн байгуулалтаас шалтгаалж буй. Тухайн цаг үед газар өмчилсөн иргэн, аж ахуй нэгж нь 15-30 жил хүртэлх хугацаанд газрыг худалдаж авсан тул чөлөөлөхөд ямар нэгэн асуудал тодорхой хэмжээгээр үүсдэг. Тухайн газар эзэмшигч нь хууль ёсны зөвшөөрөлтэй, хуулийн шаардлагаар ямар нэгэн бүтээн байгуулалт хийдэг. Үүнээс үүдэн тухайн иргэн, аж ахуйн нэгж компанийн эдийн засгийн ашиг сонирхлыг хөндөж байгаа учраас тэр бүр газраа чөлөөлж өгөхийг хүсдэггүй. Ийм маргаан их олон. Олон жилийн өмнөх газар олголттой холбоотой маш олон эрсдэл одоо цаг үед үүссэн нь барилгажилт, бүтээн байгуулалт түүх соёлын дурсгалт газрын аюулгүй байдлын маш том эрсдэлт хүчин зүйлсийн нэг учраас соёлын өвийг хамгаалах талаас газар чөлөөлөх асуудлаар хоёр талын зөрчил үүсдэг.
Ер нь хуулийн хийдлээс болж соёлын өвийг хамгаалах болон газар өмчлөгч аль аль талд зөрчил үүсээд байгаа юм. Хуулийн харилцаа хүмүүс хоорондын харилцаагаар тодорхойлогддог учраас хүн бүр түүх, соёлоо хайрлаж, хамгаалах хандлагатай болж өөрчлөгдсөнөөр л энэ асуудал, дээрх зөрчил маргаан хялбар шийдэгдэнэ.
Өөрөөр хэлбэл, бид хүмүүсийн оюун санаанд соёлын өвөө хайрлаж хамгаалах боломжийг олгосон цагт л энэ шийдэгдэх боломжтой. Тиймээс хүмүүсийн оролцоог зөв зохион байгуулах, хүмүүсийн мэдлэг боловсролыг дээшлүүлж хандлагыг өөрчлөхөд соёлын өвийн мэргэжилтнүүдээр дамжуулан анхаарч байна. Өнөөдөр бид хэт материаллаг зүйлсийг шүтэж, түүний төлөө амьдралын хэв маягаа өөрчилж байгаа учраас цаана нь бидний үүх түүх, соёлын үнэт зүйл устаж үгүй болох аюулыг олж харахгүй байна. Соёлын өвийг хамгаалах нь нэг хүнээр хэмжигдэхгүй, хүн бүрийн оролцоо, хандлагаар хэмжигддэг асуудал юм.
Нийслэлийн түүхийг хадгалах, үнэт зүйлийг хойч үедээ үлдээхийн тулд нийслэлийн төр захиргааны байгууллагын оролцоо маш чухал. Бүрэн эрхийнхээ хүрээнд асуудалд хандах, төрийн байгууллагуудын уялдаа холбоотой ажиллах шаардлагатай. БСШУСЯ бодлогоо тодорхойлж, соёлын өвд хамаарах газар, барилга байгууламжийн түүхэн үнэ цэнэ ач холбогдлыг харгалзан тухайн дурсгалт зүйлсийг эх төрхөөр нь хадгалах бодлого гаргаж, чиглүүлдэг. Харин нийслэлийн төр захиргааны байгууллагаас хотын ерөнхий төлөвлөгөөндөө газар олголтын тухай нарийвчлан тусгаж, бүтээн байгуулалт, түүхэн дурсгалт газрыг хамгаалах зэрэг чиг үүргийг нарийвчлан тусгаж, энэ нь батлагдаж байх ёстой.
Харамсалтай нь, нийслэлийн төр захиргааны байгууллагаас хотын ерөнхий төлөвлөгөөний талаар ямар шийдэл гарч буй мэдээлэл БСШУСЯ-нд ирдэггүй. Соёлын өвийг хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаа маш сул байна. Төрийн байгууллагууд уялдаа холбоотой ажиллаж байж обьектын төлөвлөлтийг гаргах ёстой.
Ямар ч барилга байгууламж тухайн цаг үеийнхээ түүхийг илэрхийлж байдаг гол төлөөлөл юм. Улаанбаатар хотод 1930 оны барилга байгууламжийг харъя гэхэд хэвлэх үйлдвэр байна, 1910-1920 он, 1940, 1950 оны өндөр барилга байгууламжаа өндөр насжилттай гээд нураах бус гадна харагдаж буй барилгын үндсэн төрхийг алдагдуулахгүйгээр доторх бүтэц талаас нь сэргээн засварлаж, дахин шинэчлэх боломжтой. Ирээдүйд эдгээр барилга түүх, соёлын дурсгалт өв болно.
УЛААНБААТАР ХОТЫН ЭХ ТӨРХ, АНХНЫ БҮТЭЦ ӨДРӨӨС ӨДӨРТ АЛДАГДАЖ БАЙНА
Соёлын өвийн төвийн үл хөдлөх дурсгал хариуцсан мэргэжилтэн Г.Анхсанаа
-Улаанбаатар хотын өмнөх архитектурын шийдэл, анхны бүтэц зохион байгуулалт өдрөөс өдөрт алдагдах болсон. Гэтэл түүхэн дурсгалт газруудын ихэнх нь нийслэлийн төв суурин газарт байдаг. Уг нь Хөшөө дурсгал, дурсгалт газруудыг хадгалж хамгаалах, сэргээн засварлах тухай олон улсын харти /Венецийн Харти 1964/-гийн зургадугаар зүйлд “Хөшөө дурсгалыг хадгалж хамгаалах ажлыг хийхдээ тэдгээрийн орчин тойрны байдлыг анхаарах хэрэгтэй. Хэрэв уламжлалт орчин нь хэвээрээ байгаа бол түүнийг хадгалж үлдээвэл зохино. Өнгө ба массын харьцааг өөрчлөхүйц шинэ барилга байгууламж, өөрчлөлт, шинэчлэлийг уг орчинд байлгаж болохгүй” хэмээн хадгалалт, хамгаалалтын талаар маш тодорхой зааж өгсөн байдаг.
Харамсалтай нь, манай улсад газар олголтоос үүдсэн бүтээн байгуулалт, барилгажилтын нөлөөгөөр түүхэн дурсгалт газар, барилга байгууламжийн сүр бараа дарагдаж, мөн тухайн барилга байгууламжийн хадгалалт хамгаалалтад сөргөөр нөлөөлж байна.
Тухайлбал, Чойжин ламын сүм музейг өндөр шилэн цамхаг, барилга байгууламжууд хүрээлэх болсноор хүн бүр хаана байдгийг нь ч мэдэхгүй байх асуудал үүсээд байна. Ер нь төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй байдлаас үүдэн түүх соёлын дурсгалт газар, барилга байгууламж, түүнийг хамгаалах асуудал хөндөгдөж, орхигдож байна гэж харж байгаа.
СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР 2020 ОНООС АНХААРЧ АЖИЛЛАНА
Нийслэл хот төлөвлөлтийн ерөнхий төлөвлөгөөний хөгжлийн газрын Барилгын чанар хариуцсан ерөнхий хэлтсийн Ахлах мэргэжилтэн Ц.МӨРДОРЖ:
-Улаанбаатар хотын барьж буй бодлого бол төр засгийн шийдвэр. УИХ-аар баталсан Нийслэлийг хөгжүүлэх 2020-2030 оны ерөнхий төлөвлөгөөний дагуу л хөгжиж байгаа. Соёлын өвийн мэргэжилтнүүд бүтээн байгуулалтын өнгө төрх, барилгажилт соёлын өвийн түүхэн дурсгалт газар, барилга байгууламжид нөлөөлж буй нөлөөллийн асуудлыг хөндөж байх шиг байна.
Төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах үүднээс л Соёлын өвийн хэлэлцүүлэг зөвлөгөөнд манай байгууллагаас анхаарал хандуулж ирж байгаа нь энэ. Ерөнхийдөө энэ жилээс соёлын өв, архитектурын чиглэлд анхаарч 2019 оны ажлын ерөнхий төлөвлөгөөнд Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музейг сэргээн засварлах ажлыг тусгаж, хот төлөвлөлтийн үйл ажиллагаатай уялдуулах, паспортжуулах ажлыг ойрын хугацаанд эхлүүлнэ.
Паспортжуулна гэдэг нь барилга байгууламжийн бат бэх найдваржилтыг хэмжилт судалгаагаар баталгаажуулна гэсэн утга агуулгатай. Үр дүнд нь иргэд Үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах, өвөг дээдсийнхээ өв соёлыг хайрлаж хамгаална, үр хойчид хадгалуулна гэсэн зарчимд нийцэж байгаа. Засгийн газраас үндэсний хэмжээний тогтоол гарч, 2009 оноос барилга байгууламжийг паспортжуулах үйл ажиллагааг эхлүүлсэн байдаг. Энэ ажлын хүрээнд 10 гаруй жилийн хугацаанд орон сууцны болон олон нийтийн барилга байгууламжид дүн шинжилгээ хийж, өндөр насжилттай барилгуудын заримыг нь өнгө төрхийг нь өөрчлөхгүйгээр хүчитгэж бэхлэх зэрэг үр дүнтэй ажлуудыг хийсэн гэлээ.
Улсын хэмжээнд Соёлын өвд хамаарах 86.157 үл хөдлөх, дурсгалт зүйл бүртгэгдснээс 2820 буюу гурван хувь нь түүх соёлын дурсгалт хамаарч байгаа юм. Эдгээрээс төрийн болон орон нутгийн өмчийн 36 музейн 83 барилга, байгууламж ашиглагдаж байгаа ч 78 орчим хувь нь зориулалтын бус, ашиглалтын шаардлага хангадаггүй ч сэргээн засварлах боломжтой гэж үздэг.
Түүх соёлын дурсгалт зүйлс сүйдэхэд уур амьсгал, байгалийн үзэгдэл, хүний санаатай болон санаандгүй нөлөөлөл, нийгмийн нөлөөлөл зэрэг маш олон хүчин зүйлс шалтгаалах ба эдгээрээс барилгажилт түүх соёлын дурсгалт зүйлст хамгийн сөргөөр нөлөөлдгийг холбогдох албаны хүмүүс хэлж буй энэ асуудалд анхаарал хандуулахгүй бол нийслэлийн түүх, соёлын дурсгалт зүйлс бидний үеэр дуусахыг үгүйсгэхгүй болжээ.
Холбоотой мэдээ