Хаа сайгүй харшлын тухай яриа. Хөгшин, залуу, эр эмгүй энэ өвчнөөр шаналж байна. Харшил бол аюултай өвчин, эмчлэхгүй явбал аминд хүрэх ч аюултай гэдгийг эмч нар хэлдэг. Арьсны өвчин судлалын үндэсний төвийн судалгаагаар Монгол орны нийт ургамлын аймгийн 7,2 хувь нь буюу 200 гаруй зүйл ургамал харшлын шалтгаантай гэдэг нь тогтоогдсон. Тэдгээрийн 40 гаруй зүйл нь харшил үүсгэх онцгой шинж чанартай юм байна. Улаанбаатар хот орчимд хог ургамлын тоос хамгийн их харшил үүсгэдэг гэдгийг тогтоожээ. Ялангуяа хамгийн их харшил үүсгэдэг ургамлын тоонд шарилж, лууль багтдаг байна.
ДОЛДУГААР САРЫН 15-НААС ЭХЛЭН ШАРИЛЖНЫ ТООС ДЭГДДЭГ
Долдугаар сарын 15-наас шарилжны тоос дэгдэж эхэлдэг. Арьсны өвчин судлалын үндэсний төвд /АӨСҮТ/ хийдэг шарилжны харшлын эсрэг урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын бүртгэл гуравдугаар сарын 20-ноос эхэлжээ. Шарилжны тоос дэгдэхээс хоёр сарын өмнө урьдчилан сэргийлэх вакцин эмчилгээг хийдэг бөгөөд бүртгүүлсэн иргэд дөрөвдүгээр сарын 5-наас харшлийн аллерги эмчлэх вакцин эмчилгээнд хамрагдаж эхэлдэг гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Харшлын эмчилгээг эхлүүлэхээс өмнө сорил тавиулна. Хэрэв шарилжны харшилтай нь тогтоогдвол зөвхөн шарилжны эмчилгээг хийдэг. Харшлын гаралтай эмчилгээ долоон сар хүртэл үргэлжилдэг ажээ.
ШАРИЛЖНЫ ХАРШЛЫН ЭСРЭГ ВАКЦИНЫГ 2-3 ЖИЛ ХИЙЛГЭСНЭЭР ХАРШИЛ ЭДГЭНЭ
Харшил нь хүн бүрт элбэг тохиолддог өвчин юм. Харшилтай хүний бие тавгүйтэж арьс загатнах, хавдах, булчингаар татах, залхаг /нус /ялгарах, арьс улайж хавдах, бижрүүтэх гэх зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг. Гэхдээ эдгээр шинж тэмдгүүд хүн бүрт өөр өөрөөр илэрдэг. Хамар битүүрэх, толгой эргэх, өвдөх гээд бусад өвчний шинж тэмдэгтэй төстэйгээр илэрдэг. Үүнийг иргэд өөр өвчинтэй андуурч дур мэдэн эмчилгээ хийснээс харшлыг хүндрүүлдэг гэж эмч нар хэлж байна.
Шарилжны харшлын эсрэг вакцинжуулалтыг 2-3 жил дараалж хийлгэснээр харшилгүй болох боломжтой гэдгийг ч тэд онцлов. Хэрвээ тарилгаа тасалбал ямар ч үр дүнгүй бөгөөд гэрээр хийх боломжгүй гэдгийг эмч мэргэжилтнүүд санууллаа.
ЭНЭ ЖИЛ 600 ГАРУЙ ХҮНД ХАРШЛЫН ВАКЦИН ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨЖЭЭ
Өмнөх жилүүдэд Арьсны өвчин судлалын үндэсний төвийн хяналтад байсан 200 орчим өвчтөнд болон лабораторийнхоо хүчин чадлын хэмжээнд шарилжны харшлаас сэргийлэх өвөрмөц алергина тарилга хийжээ. Харин энэ жил 600 гаруй хүнд харшлын вакцин хийхээр төлөвлөжээ.
Хэрвээ эцэг, эх нь хоёулаа харшилтай бол шинээр төрж буй хүүхэд 70-80 хувь харшилтай болох магадлалтай. Эсвэл эцэг, эхийнх нь аль нэг харшилтай бол хүүхэд 50 хувь нь харшилтай болох магадлалтай гэдгийг мэргэжлийн эмч нар хэллээ. Шарилжны харшлын эсрэг вакциныг 7-65 хүртэлх насны хүмүүс хэрэглэхэд зохимжтой бөгөөд жирэмсэн, хөхүүл эх, сүрьеэ, зүрхний архаг дутагдал, хавдартай өвчтөнд хэрэглэхгүй гэсэн эсрэг заалттай.
БНСУ-Д ҮЙЛДВЭРЛЭСЭН БИО 13 ТОНН БЭЛДМЭЛИЙГ ТУРШИНА
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Шарилжгүй Улаанбаатар 4” аяныг өчигдрөөс /2019.06.20/ эхлүүлжээ. Хоёр сар үргэлжлэх энэ аяны хүрээнд бэлтгэгдсэн 100 хүн нийслэл дэх шарилжыг цэвэрлэх юм байна.
Тодруулбал, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Эх нялхас, Хавдар судлалын үндэсний төв, Халдвар судлалын үндэсний төв, Клиникийн 1, 2, 3 дугаар төв эмнэлэг, Амгалан, Өргөө, Хүрээ амаржих газар, дүүргийн Эрүүл мэндийн төв эмнэлэг гэх мэт/, төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Сэлбэ, Дунд голын эрэг, Энхтайваны гүүрний доод хэсэг, Нарны зам дагуух нүхэн гарцуудын орчим, үерийн далан суваг, дулааны шугам, төмөр замын хамгаалалтын зурвас дагуу нийт 1.2 сая м.кв нийтийн эзэмшлийн талбайд ургасан шарилж, лууль, хөл газрын ургамлыг цэвэрлэх гэнэ. Ингэхдээ шарилж, лууль, хөл газрын ургамлын ургалтыг зогсоох зориулалттай, хүний биед хор нөлөөгүй, БНСУ-д үйлдвэрлэсэн био 13 тонн бэлдмэлийг туршина гэдгийг албаныхан мэдээллээ.
Мөн “Шарилжгүй Улаанбаатар бүх нийтийн их цэвэрлэгээ”-г 6 дугаар сарын 29-ний Бямба гарагт зарлаж байна. Иймд “Шарилжгүй Улаанбаатар 4” аянд нийслэлийн нийт иргэд, ААНБ-ууд идэвхтэй оролцож, харшлын өвчлөлийг хамтдаа бууруулахыг уриалжээ.
Холбоотой мэдээ