"Ерөнхий сайдад ажлаа хийх боломжийг нь олгоно"

Хуучирсан мэдээ: 2019.06.21-нд нийтлэгдсэн

"Ерөнхий сайдад ажлаа хийх боломжийг нь олгоно"

"Ерөнхий сайдад ажлаа хийх боломжийг нь олгоно"

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаатай ярилцлаа.


-Үе үеийн парламент Үндсэн хуульд зарим өөрчлөлтийг хийх цаг болсон гэдгийг ярьж  ярьж, хэлсээр ирсэн ч тодорхой шийдэлд хүрэлгүй өдийг хүрсэн.Тэгвэл өнгөрөгч Мягмар гаригийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн төсөлд нэмэлт,өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн нь  нэг алхам урагшлалаа.  Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага, хэрэгцээг та хэрхэн харж байна вэ?

-Монгол Улс түүхэндээ томоохон өөрчлөлт хийх гэж байна.Үндсэн хууль Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа болох суурь хууль. Үндсэн хуулиндаа бид хэр  сайн өөрчлөлт хийж чадна төдий чинээгээр бусад органик хуулиудад эрхзүйн хэм хэмжээ зохицуулалтууд сайжирна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь хэд хэдэн парламентыг дамжиж,  маш олон эрдэмтэн судлаачдын баг ажилласан. Нөгөөтээгүүр ард иргэдийн олон сар жилээр ярьж байгаа хүсэмжлэл яах аргагүй тогтвортой засаглал. Монгол Улс тогтвортой хөгжлийн бодлоготой, түүнийг нь хэрэгжүүлдэг засаг төрийн бодлого нь зөв байгаасай гэдгийг иргэд хүсч байна. Засаг төрийн тогтвортой байх хамгийн том баталгаа нь Монгол Улсын хөгжлийн бодлогын концепц. Бид ойрын 5-10 жилдээ хөгжлийн ямар бодлого хэрэгжүүлэх, дунд  хугацааны 10-20 жилийн  дотор юу  юуг хийх цаашлаад урт хугацаандаа 30-40 жилийн дараа Монгол Улс ямар улс болсон байх вэ гэдэг хөгжлийн бодлогын концепцыг Үндсэн хуулиараа баталгаажуулж, үүнийг  төрийн албан хаагчид  маань тогтвортой ажиллаж байж авч явна. Миний гаргаж байгаа гол санал бол төрийн алба мерит  зарчмыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлнэ гэдгийг Үндсэн хуульд тусгах шаардлагатай байгаа юм. Ингэснээр тухайн төрийн албан хаагч таван жил ажиллаад ахлах мэргэжилтэн, 15 жил ажиллаад Төрийн нарийн бичгийн дарга болно гэсэн зорилго зорилтыг өөртөө тавьж ажиллана. Санамсаргүй  хэн нэгэн орж ирэнгүүтээ дарга болохгүй гэсэн үг. Тухайн төрийн албан хаагч өөрөө л хичээвэл 10 жилийн дараа газрын дарга, 15 жилийн дараа салбарынхаа Төрийн нарийн бичгийн дарга болж дэвшиж ажиллана гэдэг  энэ тоглоомынхоо дүрмийг маш тодорхой болгох ёстой.

УИХ  томилгооны байгууллага болж хувирсан. Хуулийн төсөлд Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг болсноор УИХ хууль батлах чиглэлдээ бүрэн анхаарна гэж харж байна л даа?

-Тийм ээ. Байнгын парламенттай улс орны хувьд парламентын төлөвшил нь цаг хугацаа өнгөрөх тусам парламентад сонгогдсон гишүүдийнхээ төлөвшлөөр дамжиж бий болдог. Өнөөдөр Монголын парламент 30 жилийн настай гээд аваад үзвэл цаашдаа 100 жилийн настай парламентын түвшинд хүрч төлөвшихийн тулд УИХ-ын хууль батлах эрхзүйн чадамжаа сайжруулах шаардлагатай. Монгол Улсын хөгжлийн бодлогод эрхзүйн хувьд шаардлагатай байгаа зохицуулалтыг мэдэрч хуулиуддаа тусгадаг байх чадварлаг байх хэрэгтэй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд УИХ-ын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулахтай холбоотойгоор УИХ-ын ээлжит чуулганы үргэлжлэх хугацааг 75 хоногоос доошгүй хуралдана гэж тусгасан нь УИХ хууль эрхзүйн шинэчлэлүүдийг хийх боломж илүү бүрдэнэ гэж харж байна.

-УИХ төсвийг хэнээс, юунаас ч хараат бус баталдаг. Тэгвэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр төсвийн талаарх УИХ-ын  бүрэн эрхийг хязгаарлаж Засгийн газрын зөвшөөрөлгүй зардлын шинэ төрөл үүсгэж, зарлагаа нэмэгдүүлэхгүй байх заалтыг зарим гишүүдийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байна. Таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ? 

-УИХ-ын онцгой эрх бол Монгол Улсын төсвийг батлах. Төсвийг татвар төлөгчид бүрдүүлдэг. Тийм учраас татвараа төлсөн иргэд маань төсвийн мөнгө эргээд улс орны хөгжилд зарцуулагдаж чадаж байна уу гэдэгт хяналт тавих боломж  тодорхой түвшинд ахина гэж харж байгаа. Гүйцэтгэх эрх мэдлийн үйл ажиллагааг төсвөөр дамжуулан хянаж мөн Ерөнхий сайдыг огцруулах, улс төрийн хариуцлага тооцох асуудлыг  давхар тусгасан учраас чухал ач холбогдолтой заалт  гэж харж байна.

-Ерөнхийдөө Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж байгаа гэж ойлгож болох уу?

-Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх, ямар ямар нэр хаягтай яамдуудтай байхаа шийдвэрлэнэ. Ер нь яамдын нэр хаягаар нь ямар бодлого хэрэгжүүлэх  засаг вэ гэдгийг шууд уншдаг л даа. Хуулийн төсөлд Засгийн газрын гишүүнээ ямар  нэгэн алдаа гаргасан тохиолдолд цаг алдахгүйгээр огцруулах, томилох эрхийг нь Ерөнхий сайдад өгч байгаа нь Ерөнхий сайдад ажлаа хийх, бодлогоо хэрэгжүүлэх маш том боломжийг олгож байгаа юм. Магадгүй  бодлогоо хэрэгжүүлэхгүй, сахилга хариуцлагаа тооцохгүй байх тохиолдолд Ерөнхий сайдыг өөрийг нь огцруулах зохицуулалтыг хамтад нь оруулсан. Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох учраас аль болох Ерөнхий сайд танхимаа шахаж үр дүнтэй ажиллах  боломж нь бүрдэнэ.

-УИХ-ын гишүүний насны босгыг тогтоох санал хэлэлцүүлгийн явцад гарч байсан. Харин өргөн барьсан хуулийн төсөлд УИХ-ын гишүүний насны босгыг тогтоогоогүй. Насны босго тогтоох шаардлага байгаа эсэхэд та ямар тайлбар хэлэх вэ?

-Шаардлага бий. Бид өнгөрснөөсөө сургамж авах хэрэгтэй. Монголчууд “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” эртнээс хэлж ирсэн ард түмэн .Ёсзүйн төлөвшил бий болоогүй, хувийнхаа амьдралыг төвхнүүлж  хувь хүн болж төлөвшиж чадаагүй хүн парламентад орвол алдаа гаргах магадлалтай гэдгийг энэ парламентаас гарсан сургамж бий.

Нас, мэргэжил, чадвар, хувь хүний төлөвшил гээд бүх талаасаа шүүсээ шахуулж байж парламентын босгыг давдаг байх нь олон улсад тогтсон жишиг.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр сум, дүүргийн Засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэд дөрвөн жилийн хугацаагаар сонгох заалт тусгагдсан нь төрийн нэгдсэн бодлого алдагдах юм биш үү?

-Миний зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа заалтын нэг нь энэ. Шууд ардчиллын зарчим, төлөөллийн ардчиллын зарчим хоёрыг хольж хутгаж болохгүй. УИХ-ын гишүүд иргэдээсээ сонгогдон тэднийхээ төлөөлөл болж хууль тогтоох дээд байгууллагад ажилладаг. Тэгвэл сум, дүүргийн Засаг даргыг нутгийн өөрөө удирдах ёсных нь зарчмаар ажиллуулахгүй бол арай гэж төлөвшиж байгаа парламентын засаглалын эрхзүйг алдагдуулахыг үгүйсгэхгүй.

Хэлэлцүүлгийн явцад хуулийн өөрчлөлтийг засах боломж нь хэр байгаа бол?

-Өргөн барьсан асуудлуудын хүрээнд чамбайруулах боломж байгаа гэж харж байна. Зарим хуульчийн тайлбарласнаар оруулж ирсэн  томьёоллыг өөрчлөх боломжгүй гэж хэлж байгаа. УИХ-ын гишүүдэд хуулиа хэлэлцээд батлах эрх байгаа тохиолдолд шүүсийг нь маш сайн шахаж, долоо хэмжиж нэг огтлох зарчмаар УИХ-ын гишүүд нухацтай, олон талаас нь харж хэлэлцэх ёстой. Бид энэ  суурь хуулиндаа олон жил амьдрах өөрчлөлтийг хийхийн тулд хариуцлагатай хандаасай гэж хүсч  байна.

-Ажлын хэсэг болон гишүүдийн хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үр өгөөж, үр дүнг улс орны хөгжил, засаглалын тогтвортой байдал зэрэг  илүүтэй  том зураглалаар тайлбарлаж байгаа. Тэгвэл Дорж, Дулмаагийн амьдралд ямар өөрчлөлтийг авчрах юм бэ?

-Монгол Улсын хөгжлийн ноён нуруу, бодлогыг авч явахад ямар эдийн засгийн бодлогоор цааш явах вэ гэдгийг Үндсэн хуульдаа цогц хэлбэрээр агуулгыг баталгаажуулах нь зөв. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт иргэн надад юу авчрах, миний орлого яаж нэмэгдэх, газрын доорх баялгийн эзэн байх эрх маань яаж баталгаажих  вэ зэрэг энэ бүхэн иргэндээ ойлгомжтой, тодорхой байх ёстой. Тийм учраас хэлэлцүүлгийн явцад энэ чиглэлд нэлээн тодруулга гаргаж асуудалд хандахгүй бол нэмэлт өөрчлөлтийн ар талд төрийн өмчийг Засгийн газар шийдээд явах асуудал хуулийн нуувч дор орж ирэх ёсгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж