“Нурсултан ДАШТ”-д өрсөлдөх бөхчүүд тодорно

Хуучирсан мэдээ: 2019.06.21-нд нийтлэгдсэн

“Нурсултан ДАШТ”-д өрсөлдөх бөхчүүд тодорно

“Нурсултан ДАШТ”-д өрсөлдөх бөхчүүд тодорно

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолборын спорт зааланд эхэлнэ. Энэ удаагийн тэмцээний жин тус бүрт түрүүлсэн тамирчин “Нурсултан 2019” ДАШТ-д өрсөлдөх эрхээ авах юм. Нийт 26 байгууллагын 239 тамирчин өрсөлдөж байна.

Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 92, эмэгтэйчүүдийн 50, 55, 57, 68, 76 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно.

Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаяртай цөөн хором ярилцлаа.

-“Нурсултан ДАШТ” болон “Токио 2020” олимпийн наадмын эрхийг угтсан олон тэмцээн манай тамирчдыг хүлээж байна. Энэ жилийн насанд хүрэгчдийн УАШТ-ий гол онцлог юу вэ?

-Энэхүү тэмцээн нь Бүх ард түмний спартакиадыг оруулаад эрэгтэйчүүдийн 59, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн тэмцээн гэдгээрээ онцлог болж байна. Мөн жин тус бүрт түрүүлсэн тамирчин ирэх есдүгээр сард Казахстаны Нурсалтан хотод болох ДАШТ-д өрсөлдөх эрхтэй болох юм. Тамирчид, дасгалжуулагч, шүүгч гээд бүгдийн хувьд их хариуцлагатай тэмцээн болж байна.

-Оны эхэнд УАШТ-ийг зохион байгуулдаг байсан уламжлал энэ жил тасалдлаа. Яагаад ийм шийдвэр гаргасан бэ?

-Бид сүүлийн хоёр жил ДАШТ-д оролцох тамирчдыг нэмэлт сонгон шалгаруулалтаар сонгодог байсан. Энэ оны эхэнд насанд хүрэгчдийн УАШТ-ийг зохион байгуулаагүй.  Оны эхэнд ОХУ-д болдог Красноярскийн тэмцээн болон тивийн аварга, U23 насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн гээд чухал тэмцээнүүд ойрхон болсон. Тиймээс нилээн олон зүйлээс шалтгаалаад нэгдүгээр сард насанд хүрэгчдийн УАШТ-ийг зохион байгуулах нь зохимжгүй юм байна гэж үзсэн байгаа. Олон улсын тэмцээн ойрхон болж, тамирчдын жин хасалтаас эхлээд анхаарсан. Үүнийхээ дагуу зургадугаар сард УАШТ-ийг зохион байгуулж байна.

-Энэ удаагийн тэмцээнд олон шилдэг тамирчид барилдаж байна. Жин бүрт том өрсөлдөөн гарах нь харагдлаа. Мэдээж түрүүлсэн нь ДАШТ-ийг зорих болохоор өрсөлдөөн ширүүн байх болов уу?

-Тиймээ маш сонирхолтой тэмцээн болно. Эмэгтэй тамирчдаас олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга С.Батцэцэг барилдана.  Хуучны тамирчдаас ДАШТ-ий хүрэл медальт О.Бурмаа эргэн ирж, барилдах гэж байна. Эрчүүдээс Д.Гомбодорж 74 кг-д барилдахаар болсон. Сүүлийн ДАШТ-ээс медаль хүртсэн бүх шилдэг тамирчид барилдах гэж байна. Тиймээс жин бүрийн өрсөлдөөн сонирхолтой болно.

-Шүүгчдийн бүрэлдэхүүн ямар байгаа вэ?

-Олон улсын зэрэгтэй 21 шүүгч, улсын зэрэгтэй зургаан шүүгч ажиллана. Мөн хяналтын болон ерөнхий шүүгч нар байгаа. Эмч, шүүгч, цагчин, камерын шүүгч гээд өргөн бүрэлдэхүүнтэй баг ажиллана.

-Энэ удаагийн тэмцээний дараа ДАШТ-ий бэлтгэл эхэлнэ. Шинээр бүрдэх баг олон улсын хамтарсан бэлтгэл байгаа юу?

-Тэмцээнд түрүүлсэн тамирчид ДАШТ-д барилдах эрхээ шууд авна. Шинэ баг бүрдэнэ. Тамирчид 10 хоногийн сэргэлтийн бэлтгэлд гарна. Энэ бэлтгэлийн дараа эрчүүд ОХУ-ын шигшээ багтай, эмэгтэйчүүд Туркийн шигшээ багтай хамтарсан бэлтгэлийг хийхээр төлөвлөсөн байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж