Наадам болоход 20 хүрэхгүй хоног үлджээ. Бөхчүүд галдаа, харваачид бэлтгэлдээ гарч, уяачид морьдоо сойж, наадмын бэлтгэл ажил ид өрнөж байна. Жил жилийн наадмаар наадамчид гоё нээлт, тасархай шоу үзэхийг хүсдэг хүлээдэг. Наадамд нийтдээ 2.9 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн. Энэ жилийн наадмыг "Хувьсал"-ын Г.Цоггэрэл найруулах эрхээ Баяр наадмын комисоос авсан билээ. Сүүлийн жилүүдийн наадмыг Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулсан. Харин Г.Цотгэрэл өнгөрсөн жил наадмын ерөнхий продюссерээр ажиллаж байсан юм. Тэгвэл энэ жил тэр монгол наадамчид, гадаад жуулчдад ямархуу шоу үзүүлэх бол. Энэ бол наадамчин бүхний хүлээлт юм.
Учир нь, Н.Наранбаатарын найруулсан өнгөрсөн жилийн наадмын нээлт үзэгчдээс багагүй шүүмжлэл хүртсэн. Монголын түүхийг өгүүлэх гэсэн түүний найруулга үнэндээ залхмаар уйтгартай, хэт нүсэр болсон нь худлаа биш. Баахан зарлах, бөөн хүн, ядруухан драм л байлаа.
Үхэр тэрэг, морь мал, эртний баатар болцгоосон дүрүүд. Ийм нээлтүүдийг үзсээр байгаад монгол наадамчид, гадаад жуулчид залхаж, уйдах болсон нь худлаа биш. Наадмын нээлт бол тайзны жүжиг биш, задгай талбайн тасарсан шоу байх ёстой. Товчхондоо, наадмын нээлт бол олон хүнийг хамарч, их мөнгө зарцуулахаас илүү үзэгчдэд нүд сэтгэлийн ташаал өгөхөд л чиглэгдэх ёстой. Монголын талаарх том сурталчилгаа байх хэрэгтэй. Морь, малдаа ойрхон монголчууд бид наадмынхаа нээлтийг үзээд залхаж байхад монгол ахуй, хэл мэдэхгүй гадаадынхан үнэн тэнэг шоу, эртний инээдтэй улс болж харагддаг биз.
Жилээс жилд наадмын төсөв данхайж, сэдэв нь ядуурсаар ирсэн. Наадмын нээлтэд зарцуулах мөнгөний тоо өссөнөөс агуулга, жүжиглэлт, тоглолтын ур чадвар, утга өгүүлэмж сайжирсангүй.
Тоон мэдээ дурдахад, үндэсний их баяр наадмын төсөв 2010 онд 640 сая төгрөгт багтаж байжээ. 2011 онд 1.3 тэрбум болж хоёр дахин өссөн байна. 2012 онд 870 сая төгрөгөөр, 2013 онд 1.5 тэрбумаар наадсан бол 2014 онд 2.2 тэрбум болж өсчээ. Ийнхүү наадмын төсөв хоёр тэрбумын босго давснаас хойш 2016 онд 2.9 тэрбум төгрөг, 2017 онд 2 тэрбум 170 сая төгрөг болжээ. Энэ жил 2.9 тэрбум. Харин наадмын нээлтийг найруулга улам дордсоор. Сүржин бас даржин.
Орчин цагтайгаа хөл нийлсэн, хүүхэд залуучуудын үүх, түүхээрээ бахархах хүслийг бадраасан үзэж харах юмтай, хэлж ярих сонинтой нээлт үзэхийг хүсч байна. Үнэндээ, орчин үеийн залуучууд наадмын нээлтийг тоож үздэггүй. Тэдэнд гүйсэн, хөөцөлдсөн, үхэр мал, хөл хөөрцөг болцгоосон драмын жүжиг биш орчин үеийн шилдэг, шинэ технологи ашигласан задгай талбайн тасархай шоу л үзэхийг хүсч буй. Наадам зөвхөн хөдөөгийнхний, хөгшдийн баяр биш шүү дээ.
Үндэсний баяр наадмыг зохион байгуулах комиссын хурал дээр Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл “Наадмын нээлт, хаалтын ёслолын өнгө будгийн зорилго нь бид дэлхийн хөгжилтэй хөлтэй нийлэхийг зорьж байна. Олимп, хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулдаг жишиг рүү дөхөж, шинэ технологи нэвтрүүлэх юм. Наадмын талбайн хувьд хэцүү. Олон жил бид наадам хийсэн. Тэрийг эвдэж яаж шинэ, өөр өнгөөр харуулах вэ гэдэг талаас, үндэсний бахархал, соёлын биет болон биет бус өв арт, урлаг, бүтээл тал руу наадмын гол концепц явна. Гаднын жуулчид ирж үзэх тул орчин үе рүү хандуулж хийж байгаа. Наадмын нээлтийн үеэр тайзны засалтыг хийхдээ 2012 оны Лондонгийн олимп, 2018 онд ОХУ хөлбөмбөгийн ДАШТ-ийн нээлтээр хэрэглэж байсан технологийн хэрэглэнэ. Энэ бол даавуун хэвлэл 3D технологи” хэмээн амлажээ. Ямартай ч наадмын Ерөнхий найруулагч тэрбээр "хувьсал" хийх эрмэлзэлтэй байгаа бололтой. Тэгэхээр энэ жил "Хувьсал"-ын Г.Цоггэрэл наадмын нээлтэд ямархуу "хувьсал" оруулахыг харах л үлдэж байна.
Холбоотой мэдээ