Олон улсын олимпийн хорооноос “Токио 2020” зуны олимпийн наадмын боксын тэмцээнийг зохион байгуулах шинэ хөтөлбөрөө өчигдөр гаргажээ. Энэ удаагийн наадамд боксчид эрэгтэй 52, 57, 63, 69, 75, 81, 91, +91 кг, эмэгтэй 51, 57, 60, 69, 75 кг-ын жинд өрсөлдөхөөр болжээ. Сонирхолтой нь монголчуудын хамгийн олон хүрэл медаль хүртээд байгаа эрэгтэй 60 кг энэ удаа хасагдсан байна. Тодруулбал, Хамгийн сүүлийн олимпийн наадмаас Д.Отгондалай нар хүрэл медаль хүртсэн бөгөөд энэ жинд манай гурван боксчин олимпийн медальтай.
Олон улсын олимпийн хорооноос Олон улсын сонирхогчдын боксын холбооны гишүүнчлэлийг цуцлан Токиогийн олимпийн боксын тэмцээнийг бие даан зохион байгуулахаар болжээ. Шинэ системээр тив тус бүрт олимпийн эрх олгох тэмцээнийг зохион байгуулахаар болсон байна. Мөн дэлхийн урьдчилсан тэмцээнийг хийж, олимпийн эрх олгох юм байна. Эдгээр тэмцээнүүд 2020 оны 1-5 дугаар сард зохион байгуулагдахаар болжээ.
Олимпийн наадмаас Монголын боксчид нэг алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртээд байна. Үүнд:
АЛТ:
- “Бээжин 2008” – Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган /54 кг/
МӨНГӨ:
- “Бээжин 2008” – Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба /48 кг/
- “Лондон 2012”-аас Гавьяат тамирчин, IBO-ийн дэлхийн аварга Н.Төгсцогт /52/
ХҮРЭЛ:
- “Сөүл 88” – Гавьяат тамирчин Н.Энхбат /60 кг/
- “Барселон 1992” – Гавьяат тамирчин Н.Баярсайхан /60 кг/
- “Лондон 2012” – Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ /64 кг/
- “Рио 2016” – Гавьяат тамирчин Д.Отгондалай /60 кг/
Сануулахад, Японы Токио хотод Зуны олимпийн XXXII наадам эхлэхэд 398 хоног үлдлээ.
Эх сурвалж: https://www.olympic.org
Холбоотой мэдээ