“Ээж нь охиноо авахгүй гэдэг байсан”

Хуучирсан мэдээ: 2015.06.17-нд нийтлэгдсэн

“Ээж нь охиноо авахгүй гэдэг байсан”

Дөрвөн настай охины амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг шүүх хурал Цагдан хорих 461 дүгээр ангид өнөөдөр боллоо. Өглөөний 9.00 цагаас эхэлсэн шүүх хурал бүтэн өдөр үргэжилсний эцэст 17.50 цагийн үед дуусч, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүлсэн байна.

Шүүх хурал эхлэх үед сэжигтэн Г.Маралмаа зургаан сартай жирэмсэн учир эмнэлгийн тусламж авахыг хүсч байгаагаа илэрхийлэв. Тэрбээр саарал биеийн тамирын өмд цамцтай,  Т.Цогт нь өмнөх шүүх хурал дээр өмссөн хар хөх ноосон цамц өмссөн байв. Түүний үс нь нэлээд ургажээ.  Харин Г.Маралмаагийн хувьд охины үхэлд ямарч гэмшсэн шинжгүй байв. Охины ээж  н.Өнөржаргал ч шүүх хуралд хүрэлцэн иржээ. Тэрбээр, ягаан малгайтай цамц өмссөн жижигхэн биетэй бүсгүй харагдана лээ.  Шүүх хурлын үеэр  Т.Цогт охиныхоо талаар ярьж, нулимс дуслуулах үед ээж нь ямар ч эмоци гаргасангүй.  Харин “Ээж бүхний дуу хоолой” төрийн бус байгууллагын бүсгүйчүүд л эхэр татан уйлцгааж байв.

Шүүх  хурал эхлэх үеэр Г.Маралмаа “Би дутуу төрөх гэж байна” хэмээн шүүх хурал болж байсан танхимын үүдэнд хэвтэн орь дуу тавьсан ч шүүх бүрэлдэхүүн  түүнд дусал залгуулж, хажууд нь  эмч байлцуулан хурлыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Шүүх хурлын явцад Г.Маралмаа улсын яллагчийн зүгээс түүнд 23 жилийн ял төлөвлөж байгаа яллах дүгнэлтийг сонсонгуутаа ухаан алдаж унасан юм.

Ингээд шүүх хуралдаанд яригдсан баримтууд, Г.Маралмаа, Т.Цогт нарын хэлсэн үг болон гэрчүүдийн хавтаст хэрэгт өгсөн мэдүүлгийг хүргэе.

Шүүх хуралдааны үеэр Б.Цогт охиныхоо үхэлд хамтран амьдарч байсан Г.Маралмааг буруутай гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Мөн тэрээр охиноо үе, үе зоддог байснаа мөн хүндээр бэртчихээд байсан тэр үед /2015.02.15/ ч суран тэлээгээр зодсоноо ч нуусангүй. Мөн эцгийн үүргээ  биелүүлж чадаагүй болохоор хорих ялаар шийтгүүлэхэд гомдолгүй гэдгээ хэлж байлаа.

 

Б.Цогт: Ханиа буруу сонгосон миний алдаа

-Би н.Өнөржаргалаас салаад /талийгаач охины ээж/ өнгөрсөн оны зургаадугаар сараас эхлэн нийтийн байр түрээсэлж, Г.Маралмаатай амьдарч эхэлсэн. Анхандаа Г.Маралмааг бөө байсан гэдгийг мэдээгүй. Гэтэл удалгүй Г.Маралмаа “Би бөө. Чи ч бас сахиустай юм байна, бөө бол. Бөө болж сахиусаа авахгүй бол охин чинь үхэх юм байна” гэсэн. Би ч айгаад бөө болсон. Г.Маралмаа  сахиусаа буулгах үед ихэвчлэн түүний өвөө нь орж ирдэг гэж хэлдэг байсан. Тэр үедээ “Эхийнхээ хормойны бузар шингэсэн” гээд охиныг минь банжигаар /төмрөөр тоноглосон мод/ ороолгодог байсан юм билээ. Би ямар нэгэн бөөгийн үйл хийгээгүй байгаа. Өнгөрсөн хоёрдугаар сарын 14-нд ломбарданд тавьсан бөгжөө авахаар хэсэг хугацаанд гараад ирсэн. Гэтэл охины минь хөмсөгний дээд хэсэг хөхөрч, уруул, эрүү нь шалбарсан байсан. Г.Маралмаа охиныг үүдний шатнаас уначихсан гэсэн. Би ч Г.Маралмаад итгэсэн. Маргааш нь /02.15/ мөн өнөөх ломбард руугаа очихоор явж байтал Г.Маралмаа утасдаад “Охин чинь бөөлжиж, өмдөндөө бааж шээчихээд цэвэрлүүлэхгүй байна. Хурдан ир” гэсэн. Би 30 минут орчмын дараа очиход талийгаач охин минь гэрийнхээ үүдэнд номхон зогсч байсан. Би ч бас тэрүүхэн үедээ уур хүрээд баасыг нь цэвэрлээгүй. Тэгээд дахиж өмдөндөө бааж болдоггүй гэдгийг ойлгуулахаар суран бүсээрээ хоёр удаа бөгсөн дээр нь ороолгосон. Тэр үед охин минь уйлалгүй “Уучлаарай аав аа” гэсэн. Одоо бодоход хөх няц болоод бие нь өвдчихсөн байхад нь дэмий л охиноо зодож дээ гэж харамсч байна. Ингээд хоёрдугаар сарын 16-нд ажилдаа явсны дараа Г.Маралмаа надруу утасдаад “Охин чинь хөл дээрээ зогсч чадахгүй таталт өгөөд байна” гэсэн. Тэр үед хэргийн газар үзлэг хийж байсан болохоор би очиж чадаагүй, түргэний эмчийг дуудахыг зөвлөсөн. Тэгээд ажлаа дуусгаад Баянзүрх дүүгийн эмнэлэг дээр очиход “Гэмтэл согог судлалын үндэсний төвд оч” гэсэн. Тэгээд тус эмнэлэгт очиход “Охиноо эмнэлэгт хэвтүүл. Тархины нарийн зураг авахуул” гэсэн. Гэтэл би ажилтай, Г.Маралмаа бохир муухай эмнэлэгт хэвтэхгүй гээд байсан юм. Тэр үед охины бие гайгүй болохоор нь “Үхсэн ч гомдолгүй” гэх бичиг бичээд гарын үсэг зураад гэр рүү нь явуулсан. Тэгээд л маргааш/02.17/ 07.00 цагт охины бие муудаж ийм байдалд хүрчихлээ. Би Г.Маралмаад итгэдэг байсан болохоор охиноо шатнаас унасан гэдэгт хэд хэдэн удаа итгэсэн. Гэтэл Г.Маралмаа охиныг минь зоддог байж. Ханиа буруу сонгосон миний алдаа. Шууд байдлаар биш ч гэсэн охиныхоо үхэлд би буруутай.  Тиймээс ял үүрэхэд бэлэн байна гэсэн юм.

 

Г.Маралмаа хоёр жилийн хорих ялаар шийтгүүлж байжээ

Харин шүүгдэгч 24 настай Г.Маралмаа нь өмнө нь нөхөр, таван настай охины хамт амьдардаг байсан ч охиноо хадмууддаа үлдээгээд Т.Цогттой хамтран амьдарч эхэлсэн байна. Мөн 2013 онд бусдын эд хөрөнгийг хулгайлсан хэрэгт буруутгагдан шүүхээс хоёр жилийн ял авч нэг жилээр тэнсч байжээ. Тэрээр,

Би охинд “гар хүрч” байгаагүй. Зүгээр л хааяа бөгс дээр нь алгаддаг байсан. Би тэгж хүүхэд зодох хэрцгий хүн биш. Харин Т.Цогт охиныг суран тэлээгээр ороолгож, охин толгойгоороо газар унаж харагдсан. Яагаад үхсэн гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Намайг охиныг зоддог байсан гэж мэдүүлэг өгсөн хүүхэн Т.Цогттой дотно харьцаатай байсан. Тэгээд л худал мэдүүлэг өгсөн байх гэсэн юм.

 

Төрсөн ээж нь охиныг айлд үрчлүүлэх гэж байжээ

Талийгаачийн төрсөн ээж н.Өнөржаргал охиноо гурван хүүтэй айлд үрчлүүлэхээр гэрээ байгуулж, гарын үсэг зурсан байсан тухай баримтыг Т.Цогтын өмгөөлөгч шүүх хурлын үеэр дэлгэсэн юм.

н.Өнөржаргал ярихдаа “Би Т.Цогттой муудалцаад охиноо үлдээгээд явсан. Хэдэн хоногийн дараа очсон чинь охиныг минь Архангай аймагт байдаг айл руу  явуулсан байсан. Хоёр ахтайгаа охиноо авахаар очиход “Манайх гурван хүүтэй. Та хоёр салж байгаа бол охиноо манайд үрчлүүлчих” гэсэн юм. Би бодож байгаад зөвшөөрсөн. Гэрээ байгуулж, гарын үсэг ч зурсан. Тэр айл охиныг минь авахаар ирэхэд Т.Цогт өгөөгүй юм билээ. Би охиноо хараад хамт амьдрах гэтэл ямар ч мөнгөгүй байсан тул ажил хийх хэрэгтэй болсон. Тэгээд л охиноо эцэгт нь өгсөн. Ийм зүйл болно гэж төсөөлөөгүй. Гэхдээ би одоо ч ажил хийхгүй байгаа л даа” гэсэн юм.

Мөн гэрчүүд талийгаачийн төрсөн ээж Н.Өнөржаргалыг “Согтууруулах ундаа хэрэглэдэг, хэдэн хоногоор гэртээ ирэхгүй алга болчихдог, охиноо айл айлд аваачиж хаячихаад өөрөө шоудаад явчихдаг байсан” тухай мэдүүлсэн байдаг.

 


Мөн шүүх хурлын үеэр шүүгч, өмгөөлөгч, улсын яллагч нар хэргийн нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг үндэслэн Г.Маралмаа, Т.Цогт нараас дараах асуултыг асуусан юм.

-Г.Маралмааг охиныг чинь зоддог байсныг мэддэг байсан уу?

Т.Цогт: Мэддэггүй байсан. Гэхдээ Г.Маралмаа, охин хоёрын хоорондын харилцаа сайн ч биш, муу ч биш байсан гэдгийг гадарлаж байсан. Өөрөөр хэлбэл охиныг минь зовоож ч байгаагүй, бас эрхлүүлж ч байгаагүй гэж боддог байсан.  

-Охиныхоо биеийн энд тэнд хөх няц болсон байхыг хараад энэ талаар мэдээгүй гэж үү?

Т.Цогт: Би Г.Маралмаад өөрөөсөө ч илүү итгэдэг байсан юм. Охин минь талийгаач болохоос хоёр хоногийн өмнө “Аав аа, та ажилдаа битгий яв. Таныг явахаар Г.Маралмаа эгч намайг зодно” гэсэн. Би ч тэгэхгүй байх гэж бодсон. Одоо бодоход охиныгоо сонсдог л байж.

-Эмч яаралтай эмнэлэгт хэвт гээд байхад “Үхсэн ч гомдолгүй” гэж бичиг хийж өгчихөөд охиноо авч явснаас болж охин бурхны оронд очсон гэж бодогдохгүй байна уу?

Т.Цогт: Охиныгоо үхчихнэ, Г.Маралмаа охиныг минь алчихна гэж бодоогүй.

-Охины бие  энд тэндгүй хөх няц болчихсон, өвдөж, шаналж байхад нь суран тэлээгээр зодсоноо юу гэж тайлбарлах вэ?

Би эцэг хүний үүднээс сургамж өгөх гэж л тэгсэн. Гэхдээ би гэмтээгээгүй. Одоо үнэхээр харамсч байна. Охиноо цэцэрлэгт өгсөн бол би Г.Маралмаад охиноо харуулахгүй байсан. Одоо охиноо цэцэрлэгт өгч чадсан ч болоосой гэж боддог.

-Охиноо юунаас болж үхсэн гэж боддог вэ?

Охины үхэлд Г.Маралмаа л буруутай.

Г.Маралмаад шүүх хурлын бүрэлдэхүүн доорх асуултыг тавьсан юм.

-Гэрчүүд буюу танай хөршүүд “Г.Маралмаа дөрвөн настай охиныг байнга зоддог. Өвөл цонхоо онгойлгоод нүцгэн зогсоодог байсан. Нүүр рүү нь пудр шингээгч цацчихаад нүдээ аньвал хохий шүү гэж уурлаж, цохиж байсан” гэж мэдүүлжээ. Яагаад охинд ингэж хандаж, зоддог байсан юм бэ?

-Би “гар хүрдэггүй” байсан.

-Тэгээд хөлөөрөө хүрдэг байсан юм уу?

-Үгэнд орохгүй болохоор нь бөгс рүү нь алгаддаг байсан.

-Усанд орохгүй байна гээд түлхтэл өөрөө орны хөл мөргөж унаад толгой нь хөхөрсөн гэж та өөрөө мэдүүлэг өгчээ.

-Би тэгээгүй.

-Охин “Г.Маралмаа аниагийн сахиус буухаар намайг өмнөө сөхрүүлж суулгаж байгаад гар дээр цохьдог. Тэгэхээр нь би “Баярлалаа өвөө” гэж хэлэх ёстой” гэж ээж, эгч нартаа ярьж байсан гэдэг. Сахиусаа буулгахаараа охиныг “Ээжийнх нь хормойн бузрыг арилгана” гээд зоддог байсан юм биш үү.  Дөрвөн настай хүүхдэд бузар гэж байх уу?

-Би тэгээгүй. Т.Цогт болон гэрчүүд худал ярьж байна.

-Шинжээч охиныг шатнаас унаж биш зодуурын улмаас амь насаа алдсан гэж дүгнэсэн байна. Та бол охиныг шатнаас хэд, хэдэн удаа унасан гээд байгаа. Үүнд хариулт өгөхгүй юу?

-Мэдэхгүй.

-Хүний хүүхдийг харж асарч, хайрлаж чадахгүй байсан үедээ төрсөн ээжид нь буцаагаад өгч, эсвэл өөрийнхөө төрсөн гэрт буцаад очиж болоогүй юм уу?

-Талийгаач охины ээж нь охиноо авахгүй, тэжээж чадахгүй гээд байсан юм. Би салъя гэхээр Т.Цогт “Чамгүй бол амьдарч чадахгүй. Амиа хорлоно” гэдэг байсан.

-Охиныг юунаас болж үхсэн гэж бодож байна?

-Аль, аль талтай л байх. Би охиныг хэрцгийгээр зоддоггүй байсан. Т.Цогт охиноо зодож байсныг харсан.

-Одоо танд яг юу бодогдож байна вэ?

-Тэр өдөр охиныг эмнэлэгт аваад хэвтдэг л байж гэж бодогдож байна.

-Охины үхэлд харамсахгүй байна уу?

-Өсгөж өгнө гэж авчихаад өсгөж чадаагүйдээ харамсч байна гэсэн юм.

Ийнхүү шүүгч, өмгөөлөгч, улсын яллагч асуулт асууж, Г.Маралмаа, Т.Цогт нар хариулсны дараахан шүүх бүрэлдэхүүн завсарлаж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргалаа. Улсын яллагч Г.Маралмаад 23 жилийг чанга дэглэмтэй хорих ангид,  Т.Цогтод 5.6 жилийн хорих ял оноохоор төлөвлөснөө хэлсэн юм.

Д.ЖАРГАЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж