УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан Төрийн ордны “Б” танхимд үргэлжилж Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Уг хуулийн төслийг Засгийн газар өргөн мэдүүлсэн юм.
Төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байгаатай холбоотойгоор ажлын хэсгээс оруулж ирсэн саналын томъёоллоор санал хураалгаж байна.
Тухайлбал, тус төслийн 18.1-д Зах зээл дэх өрсөлдөөнийг хязгаарлах зорилгоор эсвэл давамгай байдалтай аж ахуй эрхлэгчид үгсэн хуйвалдаж, хэлцэл хийж зохиомлоор бараа бүтээгдэхүүний хомсдол бий болгосон, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл борлуулалтыг зогсоосон, хэмжээг хязгаарласан, бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоосон, бусад аж ахуй эрхлэгч зах зээлд гарч ирэхэд саад учруулж тэдгээрийг зах зээлээс шахан гаргах зорилгоор бараа бүтээгдэхүүнээ бодит зардлаас доогуур үнээр борлуулсан, өрсөлдөгч аж ахуйн нэгж иргэний аж ахуйн үйл ажиллагааг зах зээлд оруулахгүй хясан боогдуулж бусдад их хэмжээний хохирол учруулсан бол 15.000000-60.000000 төгрөгөөр торгох, эсвэл 2-8 хүртэл жилээр хорих. Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс эсвэл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдэд 300 сая төгрөгөөс 600 сая төгрөгөөр торгох ял шийтгэнэ” гэсэн заалт тусгасан нь хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувийн дэмжлэг хүлээлээ.
Дээрх заалттай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Үндэсний үйлдвэрүүд Хятадын бараанаас зах зээлээ хамгаалахын тулд бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг хямдруулбал гэмт хэрэг болох уу. Үндэсний үйлдвэрүүдээ яаж хамгаалах вэ гэдгийг лавлаж байлаа.
Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс өгч байгаа тайлбараар бол үндэсний үйлдвэрийг хамгаалах чиглэлээр гаргасан бодлого, арга хэмжээ нь дээрх заалтад хамаарахгүй аж.
Мөн энэхүү хуулийн төсөлтэй холбоотойгоор худал мэдээлэл тарааж бараа бүтээгдэхүүний үнийг савлуулсан тохиолдолд хариуцлага хүлээлгэх болж байна. Ийм заалт тусгаж өгөх нь зөв гэдэг саналыг УИХ-ын дарга З.Энхболд хэлэв. Энэ хавар Говь-Алтай аймгийн Засаг дарга утасдаж УИХ-аас ноолуурын экспортод татвар тавих хуулийг батлах гэж байгаа юм уу. Манай аймагт ийм яриа гараад байна. Үүнээс болж ноолуурын үнэ 1 кг нь 40 мянган төгрөг болж буурлаа” гэжээ.
Ер нь тус аймагт жил бүр ноолуурын үнэ буухад нөлөөлдөг ямар нэг яриа гардаг аж. Тодорхой хугацааны дараа ноолуурын үнэ буцаад өсч, зах зээлийнхээ үнэд ирдэг. Ийм байдлыг зохицуулахгүй бол цаашдаа ямар ч төрлийн бараа бүтээгдэхүүн дээр худал мэдээлэл тараачихаад ямар ч хариуцлага хүлээхгүй үлддэг жишиг тогтоно гэдгийг энэ үеэр онцолж байлаа.
Хуулийн төсөлтэй холбоотойгоор ажлын хэсгээс оруулж ирсэн саналын томъёоллоор үргэлжлүүлэн санал хураалгаж байна.
Г.ДАРЬ