Волейболын спортыг Монголд хөгжүүлсэн анхдагчдын нэг, ОУХМ Ж.Хаянхярваагийн нэрэмжит мини волейболын улсын аварга шалгаруулах тэмцээн Сэлэнгэ аймгийн Мандал суманд болж байна. 23 дахь удаагаа болж буй тус тэмцээн бага, ахлах насны ангилалд шилдгүүдээ тодруулна. “Арцат” хүүхдийн зуслан болж буй тэмцээнд 16 аймаг, зургаан дүүргийн 193 багийн 650 гаруй тамирчидп өрсөлдөж байна. Нийт охидын 106 баг, хөвгүүдийн 87 баг оролцож байна. Тэмцээний бага насны ангилалын тэмцээн зургадугаар сарын 15-21, ахлах насны ангилал зургадугаар сарын 24-30-ны өдрүүдэд явагдана.
Тэмцээний нээлтэд ОУХМ Ж.Хаянхярваа, Монголын волейболын холбооны Удирдах зөвлөлийн тэргүүлэгч Т.Тогтохбаяр, Д.Баяраа, Монголын волейболын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Баярсайхан, Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ-ын дарга Г.Ганболд, “Арцат” хүүхдийн зуслангийн захирал Л.Пүрэвдулам болон ОУХМ Ж.Хаянхярваагийн үр хүүхэд, тэмцээнд оролцож буй багийн багш, дасгалжуулагчид, тамирчин хүүхдүүд оролцлоо.
Монголын волейболын анхны шигшээ баг 1956 онд байгуулагдахад бүрэлдэхүүнд нь багтаж, өдгөөг хүртэл 60 гаруй жил энэ спортод зүрх сэтгэлээ зориулж яваа буурал бол олон улсын хэмжээний мастер Ж.Хаянхярваа юм. Эх орноо төлөөлөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван ч удаа оролцсон энэ буурал өдгөө 80 гаруй настай.
“1956 онд Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Биеийн тамир, спортын хэрэг эрхлэх хороог байгуулахад даргаар нь генерал Ж.Лхагвасүрэн гуай томилогдож байлаа. Энэ үеэс л Монголд спорт хөгжих үндэс тавигдсан. Волейбол бол Монголд хөгжсөн анхны спорт. Анх хуучнаар ЗХУ, Алпакт сурч байсан залуучууд тэндээс хэдэн бөмбөг авчирсан юм билээ. Тэр үеэс л Монголд волейболын спорт үүсч хөгжсөн гэж ярьдаг. Тэр үеийн бөмбөг гэдэг ч хэцүү эд, голдуу Оросын үдээстэй ширэн бөмбөг байдаг байлаа. Нүдэж өгнө. Хөлбөмбөг гэж нэрлэхэд хэцүү л дээ. Спорт гэдэг чинь одоогийнх шиг ингэж сайхан төрөлжөөгүй байлаа. Миний хувьд ер нь спортын бүхий л төрлийг сонирхож, оролдож байсан. Хөнгөн атлетикт ч гүйдэг байлаа. Анхны медаль маань хөлбөмбөгийнх гээд бод доо. 1955 онд байна уу даа, “Соёл” нийгэмлэгээс хөлбөмбөгийн тэмцээнд оролцож мөнгөн медаль авсан юм. Ингээд 1956 оноос л спорт төрөлжиж, сагс тоглодог нь сагсан бөмбөгөөр, хөлбөмбөг нь хөлбөмбөг, волейбол нь волейболоо хөөсөн дөө. 10 жилд суралцаж байхдаа би аль алинаар нь тэмцээнд тоглодог байлаа. Удалгүй волейболын шигшээ баг байгуулагдаж гишүүн нь болсон” гэж Ж.Хаянхярваа хуучилж байна.
Монгол Улс түүхэндээ гурван удаа волейболын ДАШТ-д оролцсон. Харин Ж.Хаянхярваа гуай ганцаараа гурвууланд нь үндсэн тоглогчоор оролцсон цорын ганц тамирчин байсан юм. Түүнээс энэхүү гайхалтай түүхээс нь сонирхлоо.
“Бид анх удаа 1962 онд Москвагийн дэлхийн аваргад оролцсон. Тэр үед одоогийнхтой адил багаараа байрлаж, хэдэн сараар бэлтгэл хийдэггүй байлаа. Сайндаа л 10 гаруй хоногийн бэлтгэл хийнэ. Тэр үеийн волейболын нэг онцлог гэвэл тор давж хаадаггүй байсан. Тор давж хаалт тавьбал шууд бөмбөгөө хураалгана. Бас бөмбөг доороос авах нь харьцангуй бага байсан. ДАШТ Москвагийн өнөөх алдартай “Лужники” цэнгэлдэхэд болсон. Манайх дандаа хүчтэй багуудтай нэг хэсэгт орчихсон. Израйль, ЗХУ, Чех, Болгар гээд л дэлхийд данстай багууд, хамгийн сул нь манайх. ДАШТ-ий нээлтийн ёслолын дараахи хамгийн анхны тоглолт нь манайх байсан юм. Израйлийн багтай тоглох хуваарьтай. Израйльчууд гэж дандаа рост сайтай, өндөр гэж жигтэйхэн, том сайхан залуус. Тэр үед социалист, капиталист гээд их ярьдаг байлаа. Тэгээд Оросууд бидэнд ирээд энэ бол хоёр системийн хоорондох өрсөлдөөн шүү, хичээгээрэй гээд л захина. Тэгээд тоглолт боллоо, бид Израйлийн багийг 3:1-ээр хожсон. “Лужники”-д цугласан бүх хүн бидний дэмжээд, балиашиглаад сүртэй байсан шүү. Анхны тоглолт, анхны ялалт. Москвагийн бараг бүх хэвлэлээр бидний тухай шуугиад л… “Монголын алтан хараацайнууд” гэж бичээд л… Израйлийн багийг хожлоо гээд л… Анх удаа ДАШТ-д оролцоод, хамгийн анхны тоглолтдоо хожсон. Тэр үе үнэхээр гайхалтай. Маш сайхан байсан. Өрсөлдөгч багууд хүчээр ч, ур чадвараар ч, биеийн өндрөөр ч хамаагүй илүү. Тэр жилийн ДАШТ-д бид 24 орноос 18 дугаар байрт орсон юм” гэж тэрбээр хуучиллаа.
Мини волейболын УАШТ 1997 оноос хойш тасралтгүй болж байна. Анхны тэмцээнд 37 багийн 200 гаруй хүүхэд оролцож байжээ. Энэхүү тэмцээний чанар чансаа улам сайжирч жил бүр оролцогчдын тоо болон өрсөлдөгч тамирчдын ур чадвар ахиж байна. Өдгөө улсын шигшээ багт тоглож байгаа олон тамирчин мини-волейболын тэмцээнээс гараагаа эхлүүлсэн сайхан дурсамж байдгийг тамирчид хэлж байв.