АН-ын шинэчлэлийн хөдөлгөөнөөс намынхаа удирдлагуудад хандан хэд хэдэн шаардлага хүргүүлээд байгаа билээ. Тухайлбал намынхаа их хурлыг 6-р сард багтаан хуралдуулж, Үндсэн хууль, Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх, намынхаа эрх барих дээд байгууллага болох намын Их хурлаасаа чиглэл авч ажиллах, мөн түүнчлэн АН-ын дотоод ардчиллыг бэхжүүлэх зорилгоор намынхаа үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах зэрэг шаардлагуудыг тавьж байгаа юм. Өнөөдөр тус хөдөлгөөнөөс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар хэвлэлийн бага хурал зарлаж, байр сууриа илэрхийллээ.
Тус хөдөлгөөн нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг яаралтай хийх шаардлагатай байгааг дуулгаад одоогийн парламентийн гишүүдээс гадна 1992 оны үндсэн хууль хэлэлцсэн шиг ард түмнийг бүрэн төлөөлөх төлөөллөөс бүрдсэн хурлаар, өргөн бүрэлдэхүүнтэй хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэлэв. Мөн Ерөнхийлөгч болон УИХ-ын дарга, намуудын бүлэгт хандан уг санаачилгыг дэмжихийг уриалсан байна.
Энэ талаар П.Галиндэв “Үндсэн хуулийн өөрчлөлтийг цаг алдалгүй хариуцлагтайгаар хийх зайлшгүй шаардлага тулгаараад байна. Төрийн тогтолцооны хувьд нилээдгүй асуудлыг шийдвэрлэх шаардлагатай, өнгөрсөн 25 жилд 14 засгийн газар сольсон нь засаглал тогтворгүй байгааг харуулж байна. Мөн Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны залгамж чанар үгүйлэгдэж байна. Ерөнхийлөгч, парламент, Засгийн газрын үүрэг хариуцлагыг маш тодорхой болгож өгөх хэрэгтэй. Мөн хариуцлагагүй ёс зүйгүй УИХ-ын гишүүддээ ард түмэн хариуцлага тооцдог механизм бий болгох зэрэг маш олон асуудлуудыг ҮХ-ийн өөрчлөлтийн хүрээнд шийдвэрлэх хэрэгтэй. Ер нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхдээ нийт ард түмний төлөөлөл, эрдэмтэн судлаачид, мэргэжлийн байгууллагын оролцоог хангасан бүрэлдэхүүнээр хийдэг зарчмыг хуульчлан баталгаажуулах шаардлагатай гэж АНШХ-өөс үзэж байгаа. Энэ жишгийг цааш цаашдын үндсэн хуулийн өөрчлөлтөд мөрдөөд явах нь зүйтэй. АН-ын хувьд Үндсэн хуулийн өөрчлөлтийг намын Их хурлаараа хэлэлцээд чиглэл авч ажиллах нь зөв” гэлээ. Тэгвэл тус хөдөлгөөний зохицуулагч Л.Наранбаатар “Одоогийн энэ парламент нь эрх ашгаараа сүлбэлдсэн, нам дамнасан бизнесийн бүлэглэлийн парламент. Энэ парламент гадаадын их гүрнүүдийн геополитикийг ил далд илэрхийлж, хэрэгжүүлдэг болсон байна. Ихэнх гишүүд нь бие биенийхээ эрх ашиг, но-гоор аалзны тор сүлжиж, харилцан шантаажинд орцгоосны зэрэгцээ хууль хүчний байгууллагад төмсөгдүүлсэн байдалтай байна. Тиймээс энэ төмсөгдүүлсэн улстөрчдөөр бид Үндсэн хуулиндаа гар дүрүүлмээргүй байна. 2000 онд нэг намын захиалгаар, хэдхэн хүн Үндсэн хуулинд гар дүрж, дордуулсан долоон өөрчлөлтийг хийсэн. Энэ алдаагаа засаж чадахгүй байна. Тэр ч бүү хэл дахиад давтах гээд сууж байна. Үндсэн хуулийн асуудал бол улс орны язгуур эрх ашиг, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Тиймээс АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөний зүгээс 1992 оных шиг ард түмний төлөөллийг бүрэн хангах хурлыг бүрэлдүүлж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг өргөн бүрэлдэхүүнээр хэлэлцэж батлах ёстой гэсэн зарчмын байр суурьтай байгаа юм. Улс төрийн намууд нь дотоод ардчилалгүй, бизнесийн эрх ашгаар нам дамнан сүлбэлдсэн өнөөгийн нөхцөлд Үндсэн хуулийн өөрчлөлтийг парламентийн гишүүд дангаар хэлэлцэж, батлах эрхгүй” гэсэн юм. Түүнчлэн “Одоогийн УИХ-аас томилогдон ажиллаж буй ажлын хэсгийн гаргасан санал, санаачлагуудын заримтай зарчмын хувьд санал нийлэхгүй байна. Тухайлбал нийт ард түмнээс сонгогддог Ерөнхийлөгчийн институцыг хүчгүйдүүлэх, зөвхөн 76 гишүүд дотроо хэлэлцэн сонгодог болох, Ерөнхийлөгчийг хууль санаачлах, хориг тавих эрхийг хязгаарлах, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэхийг нь хасах, хяналтын эрх мэдлийг нь цуцлаж дан ганц бэлэгдлийн үүрэг рольтой болгохоор зэхэж байгааг эрс буруушааж байна. Монгол Улсын ерөнхийлөгч бол нийт ард түмний хүсэл зоригийн бэлэгдэл бөгөөд, энгийн ард түмний засаглах эрхээ төлөөлүүлэн хэрэгжүүлж байгаа чухал үүрэгтэй субъект юм. Энэ мэтчилэн асуудлууд байгаа учир Үндсэн хуулийг хэлэлцэхдээ 1992 оны үндсэн хуулийг баталж байсан статус кво- ард түмний өргөтгөсөн төлөөллийг өнөөгийн цаг үетэй дүйцүүлэн дахин сонгон бүрэлдүүлж, Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлтүүдийг оруулах хэрэгтэй” гэж үзэж байгаагаа Ч.Аянга тайлбарлалаа. АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөннь Намынхаа Их хурлыг хуралдуулахыг шаардаж байгаа. Намынхаа Их хурлаар Үндсэн дүрмийн шинэчлэлтээс гадна Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж ямар байр суурь баримтлахаа шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Өнөөгийн энэ нам дамнасан бизнесийн бүлэглэл, популист улс төрчидөөс салах нэг боломж нь 2016 оны УИХ-ын сонгууль гэж харж байна. Бид 2016 онд АН-аас УИХ-д нэр дэвших боломжтой хүмүүсийн “Цагаан жагсаалт”-ыг гаргана гэдгээ тус хөдөлгөөний зохицуулагч н.Бямбацэрэн хэлсэн юм.
Э.ЦЭЦЭГ