Монгол Улсад банкны тогтолцоо үүсэж хөгжсөний 95 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан банкны салбарын нийт ажилтнаас нийгмийн хариуцлагын хүрээнд “Сайн үйлсийн аян” өрнүүлсэн билээ. Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн санаачилсан тус аян Монголын дүрслэх урлагийн үнэт өв болсон бүтээлүүдийг сэргээн засварлах үйлсийг дэмжихэд зорьж, үүний үр дүнд Монгол Улсын ардын зураач, төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Гаваагийн “Алтайн уулс” алдарт уран зураг дахин үзэгчдийн өмнө амилах болсныг өчигдөр Монгол уран зургийн галерейд танилцууллаа.
Монголын тайз, дэлгэцийн анхны зураач Л.Гаваа уг бүтээлээ 1958 онд зурсан бөгөөд улсын сан хөмрөгт хадгалагдан хагас зууны турш үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж ирсэн ч өнөөдрийг хүрэхдээ элэгдэж муудан, будаг болон хүрээ жааз нь хатаж хагарсан байсныг банкны салбарын ажилтнуудын хандив тусламжтайгаар ийнхүү засварлан өнгө зүсийг нь нэмсэн төдийгүй Монголын уран зургийн галерейн үзвэрийн дөрвөн танхимыг шинэчлэн тохижуулжээ.
Монголын банкны салбар нь нийт 16000 ажилтантай бөгөөд Монголын уран зургийн галерейд хадгалагдаж байгаа нэрт уран бүтээлчдийн хосгүй үнэт бүтээлүүдийн хадгалалт хамгаалалтыг нь сайжруулж, эдэлгээг нь нэмэгдүүлэн үеийн үед өвлөн үлдээхэд зориулж хүн тус бүрээс 1500 төгрөгийг хандивласан юм.
Эх сурвалж: МОНГОЛБАНК
Холбоотой мэдээ