Барилгын материалын 70 хувийг дотооддоо үйлдвэрлэж байна

Хуучирсан мэдээ: 2019.06.20-нд нийтлэгдсэн

Барилгын материалын 70 хувийг дотооддоо үйлдвэрлэж байна

Барилгын материалын 70 хувийг дотооддоо үйлдвэрлэж байна

Барилга, хот байгуулалтын яамнаас өнөөдөр /2019.06.20/ цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Хэвлэлийн хуралд Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, дэд сайд Б.Мөнхбаатар, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Нийтийн аж ахуй бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэн нарын албаны оролцлоо.


“Барилга, хот байгуулалтын салбарын нийгэм, эдийн засгийн хөгжилд хүчтэй нөлөөл үзүүлж байдаг. Монгол Улсын барилгын салбар зах зээлийн давлагаа, эдийн засгийн хямралын үед хүнд нөхцөл байдалд орж байсан ч эдийн засаг сэргэхийн хэрээр салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэж, үйл ажиллагаа өргөжин тэлж, хямралаас гарч байгаа” гэж сайд Х.Баделхан мэдээллийн эхэнд онцоллоо.

Барилгын салбараас Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд оруулсан хувь хэмжээ 2016 онд 949 тэрбум төгрөг байсан бол 2018 оны байдлаар нэг их наяд 45,2 тэрбум төгрөг болсон нь 10,1 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Улсын төсөвт төвлөрүүлсэн татварын орлогын хэмжээ 2017 оны байдлаар 118 тэрбум төгрөг байсан бол 2018 онд 134,1 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Мөн барилгын салбарт ажиллагсдын дундаж цалин 2016 онд 778 мянган төгрөг байсан бол 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар 1 сая 123 мянган төгрөг болж өсжээ.

Энэ жил барилгын салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1,9 их наяд төгрөг буюу түүхэнд байгаагүй гэж болохуйц их хэмжээний хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хэрэгжихийг онцоллоо. Барилгын салбарт 989 төсөл хэрэгжихээс Барилга, хот байгуулалтын сайдын багцын хүрээнд 322,7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 157 төсөл арга хэмжээ хэрэгжихээр тусгагдсан байна.

Одоогийн байдлаар Барилга, хот байгуулалтын салбарын хэмжээнд нийт 6947 тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж, байгууллага үйл ажиллагаа эрхэлж байгаа аж.

Барилгын материалын үйлдвэрлэлд сүүлийн таван жилд 350 гаруй жижиг дунд үйлдвэр шинээр ашиглалтад орсноор орон сууцны барилгад өргөнөөр хэрэглэгддэг 40 гаруй нэр төрлийн материалын 70 хувийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болжээ. 2018 оноос эхлэн цементийн дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, цементийн импортоо зогсоон цаашлаад экспортлох боломж бүрджээ. Мөн барилгын дулаалгын материалын хэрэгцэээний 40 хувийг импортоор байсан бол өнөөдөр 100 хувь дотооддоо хангадаг боллоо. Өнгөрсөн хугацаанд хаалга цонхны бэлдцийн 2-3 үйлдвэр шинээр ашиглалтад орж дотоодын хэрэгцээг 100 хувь бүрэн хангаж эхлээд байна.

“100 МЯНГАН АЙЛ-ОРОН СУУЦ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР 2019-2023 ОНД ХЭРЭГЖИНЭ

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Барилга, хот байгуулалтын яамнаас “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулж, Засгийн газрын 2019 оны тавдугаар сарын 22-ны хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа. Уг хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлж, төв суурин газарт амьдардаг өрхүүдийн дийлэнх олонхи нь өөрсдийн худалдан авах чадварт нийцсэнээс гадна эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан орчныг бүрдүүлжээ.

АНХ УДААГАА ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ЭХ ҮҮСВЭРИЙГ 2 ДАХИН НЭМЭГДҮҮЛЭВ

Барилга хот байгуулалтын яамнаас ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд арилжааны банкуудын хөрөнгө оруулалтыг зээлийн санхүүжилтийн эх үүсвэрт татан оруулах хувилбарыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны тогтоол, уг зээлд хамрагдах иргэдийн нөхцөл, шаардлагыг тодорхойлсон “Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам”-ыг Засгийн газрын 2018 оны 369 дүгээр тогтоолоор батлуулж, анх удаагаа ипотекийн зээлийн хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүллээ. Ингэснээр 2019 онд 9000 орчим иргэнд жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээл олгох боломж бүрдэж байгааг онцоллоо.

Ипотекийн зээлийн үр дүнд орон сууцны хөнгөлөлттэй зээлд 2019 оны тавдугаар сарын байдлаар 162,6 тэрбум төгрөгийн зээлийг 2309 зээлдэгчид олгосон нь өнгөрсөн оны мөн үеийн зээл олголттой харьцуулахад 1,5 дахин их байна.

ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦЫГ ӨМЧИЛЖ АВАХ БОЛОМЖТОЙ

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг 2015-2021 онд хэрэгжүүлж, нийслэлд 16 мянган айл, аймгийн төвүүдэд 4000 айлын түрээсийн орон сууцны санг төр, орон нутаг, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бүрдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Уг хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор 2019 онд Хөгжлийн банкны санхүүжилтээр Говь-Алтай аймагт 120, Хөвсгөлд 135, Орхонд 315, Улаанбаатарт хотод 972 айлын нийт 1542 айлын түрээсийн орон сууцны санг шинээр нэмэгдүүлж, зургадугаар сард ашиглалтад оруулжээ.

Засгийн газрын хуралдаанаар “Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам”-ыг хэлэлцэн баталснаар иргэд өөрсдийн түрээсэлж буй орон сууцыг тухайн орон сууцны эзэмшигчтэй тохиролцон гэрээ байгуулсны үндсэн дээр 5 хүртэл жилийн хугацаанд нийт төлбөр, эсхүл урьдчилгаа төлбөрийг бүрдүүлж ипотекийн зээлд хамрагдах боломжтой болсон. Түүнчлэн иргэдээс төлсөн төлбөрийг зөвхөн түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх зардалд зарцуулахаар тусгаад байгааг онцлон хүргэлээ.

8000 АЙЛЫН ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ САНГ БҮРДҮҮЛНЭ

БНСУ-ын Засгийн газраас Монгол Улсад олгох нэн хөнгөлөлттэй 500 сая ам.долларын зээлээр “Төрийн орон сууцны корпораци”, “Нийслэлийн орон сууцны корпораци”-уудын хэрэгжүүлэх орон сууцны төслийн ажил явагдаж байна. “Солонго 1”, “Солонго 2”, “Баянголын ам” зэрэг нийт 8000 орчим айлын түрээсийн орон сууцны санг бүрдүүлэхээр 2019 оны гуравдугаар сард БНСУ-ын талтай санамж бичгийг байгуулсан. Уг төслийн ТЭЗҮ-г эцсийн байдлаар боловсруулж төслийн хөрөнгө оруулалтыг 2020 оноос эхлэн олгож эхлэхээр тохиролцжээ.

“НОГООН НУУР -1008” ТӨСЛИЙГ  ЭХЛҮҮЛНЭ

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжих Сүхбаатар дүүргийн “Ногоон нуур” орчмын 1008 айлын орон сууцны төсөл юм. БНХАУ-аас Монгол Улсад олгож буй 350 сая юанын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдах уг төслийн солилцох захидал зурагдсанаар энэ онд барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

УБ ХОТЫН ШИНЭ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЖЭЭ

Засгийн газраас 50 гаруй жилийн өмнө баригдсан Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн барих ажилд онцгойлон анхаарч байгааг дурдлаа. БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих” төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр төслийн шавыг тавьж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлжээ. Уг гүйцэтгэгчээр “Чайна тисижу сивил инженеринг групп” ба Бээжин констракшн инженеринг групп консорциум ажиллаж байгаа бөгөөд үндсэн барилга, байгууламжуудыг 35,5 сарын дараа барьж дуусгахаар төлөвлөжээ.

Шинэ цэвэрлэх байгууламж нь биопрудын зориулалтаар ашиглагдаж байсан 40 га талбайд баригдах бөгөөд нийт талбайн 29,7 га талбай буюу 61 хувьд нь төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай барилга байгууламжийг барих аж. Техник эдийн засгийн үндэслэлд тусгагдсанаар хоногт 250 мянган м3 бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай бөгөөд 3 үе шаттай цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийгдэх юм байна. Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орох хүртэл хуримтлагдсан лагийг үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх арга хэмжээг авч эхэлжээ. Лагийн үнэр дарах, биологийн бүтээгдэхүүн ашиглан хар шороо хөрс бий болгох ажлыг хийж эхэлснийг онцоллоо.

Мөн орон нутагт томоохон хөнгөлөлттэй зээлээр Өвөрхангай, Архангай, Дорноговь, Өмнөговь, Булган, Хөвсгөл, Хэнтий, Дундговь, Сүхбаатар аймгийн төвд хоногт 3000 м3 ахуйн бохир усыг цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж эхэлжээ. Уг зээлийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж эхэлсэн байна.

Монгол Улсын Засгийн газар, Польш улсын Засгийн газар хооронд байгуулсан нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд 2021 он хүртэлх хугацаанд Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод, Завхан, Увс аймгийн төвүүдийн “Бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих” төсөл хэрэгжих болсныг танилцууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж