"Ид шидийн орон-2" төвийн бүтээн байгуулалт өрнөж байна

Хуучирсан мэдээ: 2019.06.20-нд нийтлэгдсэн

"Ид шидийн орон-2" төвийн бүтээн байгуулалт өрнөж байна

"Ид шидийн орон-2" төвийн бүтээн байгуулалт өрнөж байна

Улаанбаатар хотын зүүн зах буюу Улиастайн шинэ эцсээс 300 метрийн зайд байрлах энэ газар “Лантуун дохио” төрийн бус байгууллагынхан “Ид шидийн орон-2”-оо сүндэрлүүлэхээр хэзээний ажлаа эхлүүлжээ. Өөдлөх айл үүднээсээ гэдэгчлэн хашаанаасаа эхлээд эмх цэгц харагдана.  Хэдийгээр “Ид шидийн орон-2” нь баригдаж бүрэн дуусаагүй ч ногоон байгууламжид 5000 гаруй мод суулгаж, цөөрөм, сүүдрэвч, эко 00 байгуулжээ. Энэ бүхнийг сайн дурын ажилтнуудын тусламжтайгаар бүтээсэн байна.  Тухайлбал, эко 00-ын гаднах чимэглэл зургийг Дүрслэх урлагийн их сургуулийн оюутан н.Чинбаа гэх залуу зуржээ.

“Ид шидийн орон-2” төв баригдаж, ашиглалтад орвол хоёр давхар 1400 мкв талбайг хамарсан  гурван ангитай хүүхдийн цэцэрлэг, номын сан, кофе шоп, хурал уулзалт хийх танхим, сэтгэл зүйч болон эмчийн зөвлөгөөний өрөө, хууль эрх зүйн зөвлөгөө өгөх өрөө зэрэг хүүхэд рүү чиглэсэн бүх л үйлчилгээг үзүүлэх боломжтой орчин бүрдэх юм. Тодруулж хэлбэл,  Зүүн салаанд ажилладаг “Ид шидийн орон-1”-ээсээ илүү хүчин чадалтай, цогц байдлаар төлөвлөгдөж баригдаж буй аж.

Жишээлбэл, барилгын хоёрдугаар давхарт хүүхдийн асран хамгаалагчид түр амьдрах байр, нэгдүгээр давхарт оёдлын үйлдвэр ажиллах юм байна. Ингэснээр хамгаалах байранд ханддаг иргэд ядаж л ажил олох хүртлээ энд амьдарч, оёдлын үйлдвэрт ажиллан орлогоороо ид шидийн орныг санхүүжилтэд нэмэр болох аж. Мөн ногооны хүлэмж байгуулна. Энэ нь хүүхэд, ажилчдын хүнсний хэрэгцээг хангахад нэмэр болно гэж үзэж байна.

Бид энэхүү сурвалжлага бэлтгэх үеэрээ “Лантуун дохио” ТББ-ын Олон нийттэй харилцах ажилтан Б. Оюунболдтой уулзаж, “Ид шидийн орон-2” хотхоны барилгын ажил ямар шатанд явааг тодруулсан юм. Түүний өгсөн мэдээллээр барилгын ажлыг өнгөрсөн тавдугаар сарын 29-нд эхлүүлжээ. Газар ухах үед хөрсний ус гарч, 18 хоногийн турш  усыг соруулсан байна. Ингэснээр одоо дахин хөрсний ус гарахааргүй болжээ. Барилгын тендерт “ПГС” ХХК шалгарсан бөгөөд хөнгөлөлттэй үнээр барилгын ажлыг гүйцэтгэж байгаа аж.

“Шидэт төгөл” цэцэрлэгжүүлэлтийн хамгийн гол ажил болох усалгаа арчилгааг хариуцдаг О.Алтанцэцэгтэй бид цөөн хором ярилцсан юм. Тэрбээр 60 насыг шүргэж яваа аж. Охин нь “Лантуун дохио” ТББ-ын сайн дурын ажилтан бөгөөд дагаж ажилд нь тусалсаар  “Лантуу” гэр бүлд нэгджээ. Тэрбээр “Ногоон байгууламж нь байнгын усалгаа шаардана, зэрлэгийг тогтмол зулгаах шаардлагатай. Саяхны ширүүн бороонд зүлэгний хөрс нь бага зэрэг нурсан байна. Бороо орсон гээд услахгүй байна гэсэн үг биш, борооны ус бас ус болдоггүй тал бий. Манай төгөлд  бутлаг ургамал их байгаа.  Боролзгоно, бөөрөлзгөнө, нохойн хошуу,  үхрийн нүд,  чацаргана, моносны жимс нь ургачихсан байгаа. Эхэндээ л их арчилгаа шаарддаг. Залуучуудын дунд ажиллах жаргал юм, нас яваад ирэхээр үүнээс сайхан ажил гэж байхгүй юм даа”хэмээн ярилаа.

Өөр нэг онцлох зүйл бол Ид шидийн оронгийн бүх бүтээн байгуулалт ид шидтэй ах эгч нар буюу хувь хүмүүс, байгууллагуудын хандив дэмжлэгээр бүтдэг.  Энд харагдаж буй байшин бөмбөлгөөр дүүрэхэд  “Ид шидийн орон-2” төслийн бүх санхүүжилт цугларлаа гэж үзэх юм. Урьдчилсан тооцоогоор бүтээн байгуулалтад 2.2  тэрбум төгрөг шаардагдана гэх тооцоолол гарсан байна. Одоогоор дараах компаниуд төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, гараа сунгажээ.

Нийтдээ 30 гаруй компани, 500 гаруй иргэн хандив өгчээ.

“Ид шидийн орон-2” төслийн менежер О.Ундраа  “Байгаа бүх мөнгөө барилга руугаа оруулахад бидэнд одоогоор нэг сайхан дээвэргүй карказ л босох болж байгаа. Нэмж хандив дэмжлэг орж ирэхгүй бол сарын дараа гэхэд бидний ажил зогсоно. Гэсэн ч бид бүх арга замыг хайж байгаа. Хандив дэмжлэг цуглуулах ямар боломжууд байна, мөн гадаадад амьдарч байгаа монголчууд  маань хандивын арга хэмжээг зохион байгуулж байна. Барилга маань босчихвол хандивын мөнгөн бус арга хэлбэрүүд рүү шилжиж болох боломжтой.  Энэ нь юу гэхээр нэг байгууллага нэг өрөөг маань тохижуулаад өөрсдийн нэрэмжит болгох ч юм уу ийм арга байж болно.  Жишээлбэл,  SPS телевиз сагсны талбайг маань байгуулж өгье гэсэн, Lend.mn-ынхан хандив цуглуулж тоглоомын талбайг тохижуулж өгөхөөр болсон байгаа”  хэмээн ярилаа.

Хүүхдийн ертөнцийг хайраар тэтгэн, зөв хүн болоход нь анхаарч бодитой ажил хийж яваа 400 гаруй залуусын хичээл зүтгэлд хувь нэмрээ оруулахыг хүссэн хүн бүхэнд боломж нээлттэй гэдгийг дуулгамаар байна.

Б. НОМИНЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж