Прокурорын мөрдөнг яагаад АТГ-т шилжүүлэв?

Хуучирсан мэдээ: 2015.06.17-нд нийтлэгдсэн

Прокурорын мөрдөнг яагаад АТГ-т шилжүүлэв?

-Х.Тэмүүжин: Прокурорын мөрдөн байцаах албыг АТГ-т шилжүүлсэн хөшигний арын түүх их эмгэнэлтэй шүү-

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр орой цаг сунган хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн өргөн мэдүүлсэн Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Уг хуулийн төслөөр өмнө УЕП-ын дэргэд байгаад АТГ-т шилжүүлсэн Мөрдөн байцаах албыг буцаан прокурорт харьяалуулах, хуулиар АТГ-т харьяалуулаад байсан зарим гэмт хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлэхээр яригдаж байгаа юм. УИХ-ын гишүүдийн олонхи нь уг хуулийн төслийг дэмжиж, хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн авч Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүн Х.Тэмүүжин нэгэн “ноцтой” мэдэгдлийг хийв. Тэрээр “Байцаан шийтгэх хуулиа өөрчлөхгүйгээр энэ хуулийг дангаар нь явуулж болохгүй. Хэрэв тэгвэл хоёр жилийн дараа дахиад АТГ-т эрх мэдлийг нь буцаах асуудлыг ярихад хүрнэ. Прокурорын мөрдөн АТГ-т шилжүүлсэн хөшигний ар дахь түүх ч гэсэн их эмгэнэлтэй шүү. Хуулийн хэлэлцүүлгийн явцад хангалттай баримт, мэдээлэл дэлгэж чадна” гэсэн нь анхаарал татав.

Х.Тэмүүжин:

-Хүний эрхийн зөрчлийг хавтгайруулсан ийм үйлдлүүдийн талаар хэлэлцүүлэг яриа өрнүүлж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ бид тэмээ, ямаа хоёроо ялгаж салгах ёстой. Манай байцаан шийтгэх хууль буюу хэрэг мөрдөн шалгадаг процессын хуулиуд үнэхээр болхи байна. Үүнээсээ болоод хуулийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс дур зоргоороо аашлах боломж нь нээлттэй, хүний эрхийн зөрчил гарах хангалттай үндэслэл болж байна. Үүнийг ганц байгууллага руу нялзааж болохгүй. Мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа цагдаа, тагнуулын байгууллага, АТГ ч тэр хэрэглэж байгаа хууль нь болхи учраас хүний эрхийн зөрчил гарч байна. Үүнийг бид зөв харах ёстой. Үнэхээр шийдье гэж байгаа бол процессын хуулиудаа эхлээд харах хэрэгтэй. Байцаан шийтгэх хуулиасаа гадна гүйцэтгэх ажлын хуулиа бичсэнээс болоод бид маш том алдаанд орсон. Эрүүгийн төлөөлөгч гэдэг хүн эрүү шүүлт хэрэглэснийхээ төлөө ямар ч хариуцлага хүлээдэггүй тийм эрх зүйн орчин байгаа учраас АТГ ч, цагдаа нь ч ялгаагүй хуульд захирагдахгүйгээр гэмт хэрэг хийж байна. Энэ бол нэг байгууллагын асуудал биш.

УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба АТГ-т шилжсэн хөшигний арын түүх бол маш эмгэнэлтэй шүү дээ. Хангалттай баримт, үйл явдлыг энэ хэлэлцүүлгийн явцад дэлгэж болно. Прокурор нь оператив үйл ажиллагаа явуулдаг арга хэрэгслээрээ АТГ, цагдаа, тагнуулын байгууллагатайгаа зодоон хийсэн нь сүүлдээ ийм үр дагаварт хүргэсэн шүү. Маш олон хэргийг прокурор дээр хэрэгсэхгүй болгоод, авлига аваад, тэр нь батлагдаад АТГ шалгах гэтэл прокурор өөрийн харьяалдаг Мөрдөн байцаах албаараа АТГ-ын мөрдөгчдөд эрүүгийн хэрэг үүсгээд, зөрүүлж шалгаад зодоон үүссэн. Энэ бол хөшигний ард болсон тусдаа асуудал.

Хамгийн том зөрчил нь шүүгч, прокурор, цагдаагийн алба хаагчдын авлигын хэргийг АТГ-т шалгуулахгүй, бид шалгана гэж прокурор татаж авсанаас болоод энэ нь дахиад хууль зүйн хэрүүл болж хувирсан. Үүнээс болоод нэг хэсэг гишүүд санаачилга гаргаад УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгаад АТГ руу явуулчихсан. Ингэхдээ “Гуя дагаж хүзүү” гэгчээр УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанд харъяалж байгаагүй төрийн бус байгууллага, ААН-ийн албан тушаалтны албан тушаалаа урвуулсан хэргийг мөнгө угаах хэрэгтэй цуг АТГ луу шилжүүлсэн. Цагдаа дээр байсан хэргийг дахиад ийш нь шилжүүлчихсэн. Энэ мэтчилэнгээр бид алдаа гаргасан. Засгийн газар дээр ямар хэргийг шилжүүлэх, шилжүүлэхгүй тухай бөөн хэрүүл болж байтал гишүүдийн санаачилсан хуулиар хүч түрээд явчихсан. Одоо буцаагаад татахдаа дахиад нөгөө тийш савуулж байна. Өгсөн хэргүүдээ шилжүүлж авахаас гадна өмнө АТГ-т харъяалж байсан хэргүүдийг нь татаж авах тухай ярьж байна.

Алдаагаа засахыг би дэмжиж байна. Гэхдээ энэ хуулиас илүүтэй ЭБШХ-иа засах ёстой. Тэнд гол асуудал байгаа юм. Хэрвээ ЭБШХ-иа засч чадахгүйгээр энэ асуудлыг яривал дахиад хоёр жилийн дараа АТГ-т эрх мэдлийг нь эргүүлж өгөх тухай ярихад хүрнэ. Зөвхөн хээл хахуулийн хэргийг шалгаад, төрийн албан тушаалтан албан тушаалаа урвуулсан, төсөв хууль бусаар зарцуулсан хэргийг шалгаж чадахгүй бол энэ байгууллага яаж авлигатай тэмцэх юм. Ийм учраас голыг нь олъё гээд байгаа юм. Хүний эрхийн зөрчлийг ч гэсэн зөвхөн нэг байгууллага руу чихэж болохгүй. Мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс нь гомдлоо ярихаар л сая нийгэмд сонсогдож байгаагаас биш жирийн иргэдэд учирч байгаа эрүүдэн шүүх явдал үүнээс ч аймаар байгаа шүү. Тиймээс энэ хуулийг яг энэ хэлбэрээр нь бол дэмжихэд хэцүү байна.

Э.ЦЭЦЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж