Нийслэлийн Засаг даргыг чөлөөлөх, томилох үйл явц бүтэн дөрвөн сар үргэлжилсний эцэст энэ оны хоёдугаар сарын 27-нд С.Амарсайхан томилогдсон билээ. Тэрбээр хотын даргын албан тушаалд очсоноосоо хойш нийслэлийн 12 агентлагийн нэр хаягийг сольж, хоёр агентлаг шинээр байгуулан хэд, хэдэн дарга нарын халаа, сэлгээ хийжээ. Өнөөдрийн байдлаар нийслэл хотод халаа сэлгээ, мэргэжлийн бус томилгоо явагдаж, халагдсан хүмүүс нь шүүхэд хандсан албан тушаалын эцэс төгсгөлгүй тэмцэл өрнөж байна. Дарга нарын томилгоо, бүтцийн өөрчлөлт хийсээр Улаанбаатар хотод хийх ёстой ажлаа хугацаандаа гүйцэтгэж чадахгүйд хүрээд байгаа талаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүү мэдээлж байсан удаатай.
ОСНААУГ-ЫН ДАРГЫГ ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ БАЙХАД АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
Хотын дарга энэ сарын 17-нд Нийслэлийн харьяа орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ж.Батсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх захирамж гаргажээ. Ж.Батсайхан нь тавдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хотын даргын гаргасан дээрх шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн хүнийг эрүүл мэндийн шалтгаантай байхад ажлаас чөлөөлж болохгүй гэсэн заалтыг зөрчсөн болж таарч байгаа юм.
Улмаар Нийслэлийн Засаг даргын тамгын газраас Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын /ОСНААУГ/ ажилтнууд руу залган “ Даргыг чинь ажлаас чөлөөлөх захирамж гарсан. Даргынхаа өрөөг чөлөөлж, тамга тэмдгийг нь хүлээлгэж өг” хэмээн шаардах болжээ.
Энэ талаар ОСНААУГ-ын инженерийн бодлого хариуцсан хяналтын хэлтсийн дарга Ж.Пүрэвжамц "Нийслэлийн 700 гаруй мянган иргэн орон сууцанд амьдардаг гэж бодохоор ОСНААУГ 50 хувийг манай байгууллага хариуцдаг гэсэн үг. 2017-2018 онд нийслэлийн засаг даргаас манай байгууллагыг бүрэн хангалттай гэж дүгнэсэн. 2017 онд байгууллагын удирдлагыг шилдэг менежерээр шалгаруулсан. Гэтэл жилийн жилд үйл ажиллагаа нь ахицтай явж байгаа байгууллагын үйл ажиллагаа руу хөндлөнгөөс хүчээр орж ирж байгаа нь зүй бус. Хэдийгээр дөрөв, дөрвөн жилийн сонгуулийн мөчлөгтэй холбогдуулж байгууллагын дарга нар солигддог ч гэсэн өнөөдрийнх шиг хүнд байдалд орж байгаагүй. Магадгүй шинээр томилогдож ирсэн хүн бүтцийн өөрчлөлт нэрийдлээр ажилчдыг хоморголон халах вий гэхээс айж байна” гэв.
Мөн өнөөдөр Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ж.Батсайханы оронд томилогдсон н.Мэндбаяр ажлаа хүлээн авахаар Нийслэлийн харьяа орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт очсон боловч ажилчид нь эсэргүүцэл илэрхийлж, хаалгаа түгжиж, хууль бусаар ажил авах гэж байгаа шинэ удирдлагыг байгууллагадаа нэвтрүүлээгүй аж.
НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗРЫН ДАРГАД САХИЛГЫН ШИЙТГЭЛ ОНОГДУУЛАВ
Нийслэлийн соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэнг ажлаас нь халах шийдвэрийг хотын дарга С.Амарсайхан зургадугаар сарын 5-ны өдөр гаргасан. Түүнийг төрийн албаны нэр хүндийг эрхэмлэх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулсан.
Харин Ж.Дамдинцэрэн “Өнөөдрийг хүртэл төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, өгсөн үүрэг даалгавар, төлөвлөсөн ажлуудаа цаг тухай бүрт нь хийн гүйцэтгэж, Нийслэлийн Соёл, урлагийн газар нь нутаг дэвсгэрийнхээ хэм хэмжээнд тодорхой бодлого гаргахад нөлөөлдөг, мөн хэрэгжүүлдэг байгууллага байлгахын төлөө ирсэн намайг Сахилгын шийтгэлээр ажлаас халж байгаад харамсаж байна. Энэ хугацаанд хүнийг яаж харлуулж болдог, яаж гүтгэж болдог, яаж доромжилж болдог гэдгийг өөрийн биe дээр мэдэрлээ. Хэсэг бүлэг хүний эрх ашиг, хувийн сонирхол, худал гүтгэлэг, цуурхал, явуулгаар халагдаж байгаа тул шүүхэд хандаж, үнэн мөнийг нь тогтоолгож, эрхээ хамгаалж, нэр төрөө сэргээлгэх болно” хэмээн өөрийн цахим хуудсаар мэдэгдсэн юм. Түүнийг ажлаас нь чөлөөлөхийг нийслэлийн соёл урлагийн төлөөлөгчид хотын даргад хандан шаардлага хүргүүлж байсан билээ.
Хотын дарга С.Амарсайхан Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулууныг чөлөөлж, оронд нь Ардчилсан намыг засаг барих үед Баянзүрх дүүргийн газрын албаны даргаар ажилаж байсан А.Энхманлайг томилжээ.
Дээрх гурван хүн хууль бусаар ажлаасаа чөлөөлөгдсөн хэмээн шүүхэд хандахаар болсноо мэдэгдээд буй. Тиймээс Хотын дарга гурван ч удаа шүүхэд томилогдох нөхцөл бий болжээ. Түүнээс гадна Хотын захиргааны байранд "Хотын даргын халаа, сэлгээ цаашид ч үргэлжлэхээр байна" гэх бор шувуу нисч байгаа дуулдана лээ.
Э.БУРАМ