"Шинэ эрин" сургуулийн удирдлага хариуцлага хүлээх үү?

Хуучирсан мэдээ: 2019.06.20-нд нийтлэгдсэн

"Шинэ эрин" сургуулийн удирдлага хариуцлага хүлээх үү?

"Шинэ эрин" сургуулийн удирдлага хариуцлага хүлээх үү?

Шинэ эрин дунд сургуулийн шалгалтын материал алдаатай бодлоготой байснаас 1250 хүүхдийн эрх ашиг зѳрчигдсѳн байна. Энэ асуудлаар тус сургуулийн сурагчдын эцэг, эхчүүдийн төлөөлөл ѳнѳѳдѳр /2019.06.20/  мэдээлэл хийсэн. Мөн үүнтэй холбоотойгоор бид Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны байр суурийг нэгтгэн хүргэж байна. 


“АЛДААТАЙ ШАЛГАЛТЫН МАТЕРИАЛ БЭЛТГЭСЭН  БАЙГУУЛЛАГАД ХАРИУЦЛАГА ТООЦОХ БАЙХ” 

Энэ асуудлаар Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа. Тэрбээр “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайд Ё.Баатарбилэгийн 2019 оны дөрөвдүгээр сард А /200, А/192 гээд хоёр тушаал гарсан. Сайдын А/200 тушаалд “Өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид тухайн онд зургаан нас хүрээгүй хүүхдийг элсүүлэхийг хориглосугай” гэж тусгасан. Харин А/192 тушаалд ЕБС-ийн гурав, дөрөвдүгээр улирлын хичээл эхэлсэнтэй холбоотой ялангуяа тав, ес, 12 дугаар ангийн сурагчдын хичээлийн жил үргэлжилж байх хугацаанд ямар нэгэн уралдаан, тэмцээнд оролцуулахгүй, төлбөр хураамж авч болохгүй гэж тусгасан юм.

Харин “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” гээд салбар яамны харьяа Олон улсын хөтөлбөртэй гурван сургууль тус тусдаа удирдах зөвлөлтэй. Удирдах зөвлөлөөрөө жил бүр хуралдаад, хэчнээн хүүхэд элсүүлж, шалгалтыг хэрхэн зохион байгуулах вэ гэдгийг хэлэлцэж, шийддэг. Эдгээр сургуулиуд 2017 оноос эхлэн элсэлтийн шалгалтаа бие даан зохион байгуулах эрхийг олгосон. Шалгалтыг шударга, ил тод зохион байгуулахын тулд шилэн технологийг нэвтрүүлэх үүргийг өгсөн. Одоо ашиглаад явж байна. Шалгалт зохион байгуулах үеэр ямар нэгэн алдаа гараагүй юм байна. Өөрөөр хэлбэл, бүртгүүлсэн 1200 эцэг, эхчүүд газар дээр нь дүнгээ харсан. Харин шалгалтын сэдэв боловсруулалтын явцад тухайн ажлыг гэрээгээр гүйцэтгэсэн хөндлөнгийн байгууллага алдаа гаргасан. Тэгээд тус сургуулийн шалгалт зохион байгуулах комисс хуралдаад,  тэр хоёр шалгалтын дүнг хүчингүй болгон эцэг, эхчүүдэд хариу мэдэгдсэн гэдэг мэдээллийг өгсөн. Шалгалтыг сургуулийн захиргаанаас зохион байгуулсан учраас яамнаас “Ингэ тэг” гэж хэлэх эрх байхгүй. Мэдээж энэ шалгалтын үйл ажиллагааг зохион байгуулахаар үүрэг хүлээж, шалгалтын материал бэлтгэж, алдаа гаргасан хөндлөнгийн байгууллагад хариуцлага яригдах байх. Одоо бол нэгэнт шалгалт зохион байгуулаад дууссан. Олон улсын жишгээр алдаатай даалгаврын оноог хүчингүй болгосноо эцэг, эхчүүдэд мэдэгдсэн гэсэн хариуг өгсөн. Дахин шалгалтыг зохион байгуулах боломжгүй. Гэхдээ энэ асуудлыг тухайн сургуулийн захиргаа л шийднэ. Цаанаасаа Кембрижийн шалгалтын олон улсын төвөөс хянаж байгаа. Бүх зүйл нь цаанаасаа хяналттай явж байгаа” гэв.


  “ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛЭЭР НЭГ ХҮҮХДЭЭС 25 МЯНГАН ТӨГРӨГ АВСАН”

“Бид бүхэн “Шинэ эрин” сургуулийн зургадугаар ангид элсэн суралцах хүсэлтэй, шалгалт өгсөн хүүхдүүдийн эцэг, эхийн төлөөлөл байна. Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа Кембрижийн сургалттай “Шинэ эрин”, “Шинэ эхлэл” гэсэн хоёр сургуулийн дунд ангийн элсэлтийн шалгалтын явц шударга бус болсон талаар олон нийтэд мэдээлж байна. Тус сургууль дунд ангийн бүртгэлээ зохион байгуулахдаа нэг хүүхдээс 25 мянган төгрөгийн хураамж авсан. Математикийн шалгалт энэ сарын 16-ны өдөр 11.00 цагт болсон бөгөөд шалгалтын дүнг тэр даруйд нь сурагчдад мэдээлсэн. Гадна талбайд эцэг, эхчүүдэд тусгай дэлгэцээр харуулж, оноог шууд жагсаах байдлаар харуулсан. Шалгалтын үйл явц дууссаны дараагаар зарим хүүхдүүдээс алдаатай бодлого байсан гэсэн мэдээлэл ирсэн. Тухайн үед сургуулийн захиргаа шалгалтын материал алдаатай байсныг мэдээгүй байсан. Тэгээд шалгалт зохион байгуулсан өдрийн оройн 21.00 цагт сургуулийнхаа вэб сайтад шалгалтын материалыг нийтэлсэн. Тэр материалыг хүүхдүүд хараад “Тийм байгаа биз дээ. Энэ бодлого алдаатай байна” гэж ярьж эхэлсэн.

Зарим хүүхдийн эцэг, эх багш нараар хянуулахад үнэхээр алдаатай байсан. Тэгээд тус сургуулийн сургалтын менежертэй нь  уулзахад “Та өргөдөл бичээд өг” гэхээр нь бичиж өгсөн юм. Харин захиралтай нь уулзахад “Манай сургууль өнгөрсөн долоон жил элсэлтийн шалгалт зохион байгуулж байна. Алдаа гарах ёсгүй. Шалгалтын тест зөв гэдэгт 99.9 хувьтай гэдэгт итгэлтэй байна” гэдэг хариултыг өгсөн. Гэтэл маргааш өдөр 15.30 минутын орчимд тус сургуулийн вэб сайтад байршсан алдаатай шалгалтын материалаа солиод оруулсан. Маргаашнаас нь эцэг, эхчүүдийг дуудаж сургууль дээр уулзсан. Ингэхдээ “Элсэлтийн шалгалтын материал алдаатай байна. Алдаа гаргахдаа “А” вариантын 28, 40 дүгээр бодлого, “Б” вариантын 18 дугаар бодлого хоёр зөв хариулттай, есдүгээр бодлого нь бас алдаатай байсан” гэдгийг хүлээн зөвшөөрч хэлсэн” тухай эцэг эхийн төлөөлөл ярилаа.

“Шинэ эрин” сургууль боловсролын олон улсын хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлдэг “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” гурван том сургууль юм. Бүгдээрээ Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа сургууль. Сургуулийн удирдлагаас салбар яамдаа санал болгосноор шалгалтын тестийг боловсруулдаг багийг бүрдүүлж авдаг. Тэр багаас боловсруулсан шалгалтын тестийг комисс шалгасан гэсэн мэдээллийг эцэг, эхчүүдэд өгчээ. Гэвч тус сургуулийн зүгээс алдаатай шалгалтын материал боловсруулаад 1251 хүүхдээс шалгалт авчихаад ямар ч хариуцлага, арга хэмжээ авахгүй байгаад эцэг, эхчүүд болон хүүхдүүд гомдолтой байна гэв.

“ШИНЭ ЭРИН” СУРГУУЛЬ ШАЛГАЛТАА ШУДАРГААР ДАХИН АВАХ ЁСТОЙ”

Эцэг, эхчүүдийн зүгээс “Сургуулийн захиргааг өнгөрсөн нэг дэх өдрөөс шалгалтын материал алдаатай байсан талаар “Олон нийтэд танилцуулаач ээ” гэхээр ямар ч хариу өгөхгүй байна. Одоогийн байдлаар 61 эцэг, эх гарын үсэг зурж, гомдол гаргаад байна. Харин салбар яамны удирдлагуудад хандахад “Бид энэ асуудлыг мэдэхгүй. “Шинэ эрин” сургууль захиргаа өөрсдөө шалгалт зохион байгуулах асуудлаа хариуцна” гэдэг хариултыг өгсөн байна.

Тус сургууль шалгалтын бүртгэлийн хураамжийн төлбөр гэж нэг хүүхдээс 25 мянган төгрөг авсан. Шалгалтад 1250 хүүхэд орохоор нийт 31 сая төгрөг болж байгаа юм. Энэ төсөв шалгалтыг зохион байгуулахад хангалттай хүрэлцэх мөнгө. Мэдээж энэ шалгалтын материалыг боловсролын салбарт тэргүүлж буй мундаг доктор, профессоруудаар шалгалтын материалыг хянуулсан гэж ойлгож байгаа. Гэтэл тэр тусгай баг комисс нь тавдугаар ангийн хүүхдийн хэмжээнд бодож чадахаа байчихсан юм уу. Эсвэл энэ алдааг санаатайгаар гаргав уу. Бидний зүгээс тус сургуулийн удирдлагыг “Дахин шударгаар шалгалтаа дахин алдаагүй зохион байгуулаач ээ” гэдгийг л шаардаж байна. Тэгэхгүй бол эцсээ хүртэл тэмцэх болно” гэдгийг мэдэгдэв.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж