Дархан-Уул аймгийн сургууль, цэцэрлэгийн хүүхдийн тоог анги танхимынх нь хүчин чадалд тохируулан зөв зохистой хувиарлан шинэчлэх асуудлыг багш эцэг эхчүүдээр нээлттэй хэлэлцүүллээ.
Иргэний танхимд болсон хэлэлцүүлэгт оролцогчид нь, сургууль цэцэрлэгийн хамран сургах тойргийн шинэчлэлд өөрсдийн саналаа илэрхийлэв. Сургууль цэцэрлэгийн хамран сургах тойргийг 2001 онд шинэчлэн баталсанаас хойш хүн амын өсөлт, шилжилт хөдөлгөөнөөс шалтгаалан өөрчлөн зохицуулах шаардлагатай болсныг судалгаа баримтаар танилцуулав. Аймагт одоогоор дунд сургуульд 18 064 хүүхэд суралцдагаас, төрийн өмчийн 14 сургууль нь 17 527 сурагчтай хичээллэдэг. Үүнээс бага, дунд ангийн 12 219 суралцагчдыг хамран сургах тойрогт хамааруулж үзэхэд 7 072 сурагч тойрогтоо, 5 147 сурагч тойргийн бус сургуульд сурдаг гэсэн тооцоо гарчээ. Тухайлбал “Оюуны Ирээдүй” сургуулийн 2 656 суралцагчдаас 1 456 сурагч /57%/ тойргийн бус, 15-р сургуулийн 1 406 сурагчдаас 876-нь /62%/ тойргийн бус, “Од” цогцолборын 2 127 сурагчаас 695-нь /32%/ тойргийн биш байгаа нь сургуулиудын хүчин чадлыг хэтрүүлэн ачааллыг нь ихэсгэж нэг ангид ноогдох сурагчдын тоо хэт өсчээ.Аймгийн бүх цэцэрлэгт 2-5 насны 7 917 хүүхэд явдгаас 4 444 хүүхэд өөрийн тойрогтоо хамаарч 1 856 хүүхэд нь тойргийн бус байна. Дунджаар авч үзэхэд цэцэрлэгийн хүүхдийн 40%-иас дээших нь харьяаллын бус хүүхдүүд байгаагаас ачаалал нь хэтэрчээ.
Сургууль цэцэрлэгийн ачааллыг энэ намрын хичээлийн жилээс эхлэн тэнцвэржүүлэх нь сургалтын чанарыг дээшлүүлэх боловсролын шинэчлэлд ач холбогдолтой гэж онцоллоо. Сургууль цэцэрлэгүүд нь анги танхим, орчин нөхцлөө сайжруулах санаачилга гаргахыг анхааруулав. Аймаг, сумын удирдлагаас орон сууцны хороолол барьж буй компаниудад газар олгохдоо тухай бүрд нь сургууль цэцэрлэг заавал оруулж барих үүрэг даалгаврыг өгдөг байхыг хэлэлцүүлэгт оролцогчид санал болгов. Цэцэрлэгийн байрыг зориулалтаар нь ашиглахыг ч сануулсан. Сумын нутаг дэвсгэр дээрх баг бүрийн онцлог, сургууль цэцэрлэгийн байршил, суралцагчдын тоог дахин судалж, хуваарилалтыг хийх нь зүйтэй гэж үзлээ.
Ө.РАГЧААСҮРЭН, М.ГҮНЖИНЛХАМ