МН17 онгоцыг пуужингаар харвасан дөрвөн хүнийг ирэх жил шүүнэ

Хуучирсан мэдээ: 2019.06.20-нд нийтлэгдсэн

МН17 онгоцыг пуужингаар харвасан дөрвөн хүнийг ирэх жил шүүнэ

МН17 онгоцыг пуужингаар харвасан дөрвөн хүнийг ирэх жил шүүнэ

Одоогоос таван жилийн өмнө буюу 2014 онд Нидерландын Амстердам хотын Схипхол нисэх буудлаас Малайзын Куала Лумпур луу 283 зорчигчтой ниссэн “MH17” онгоц хөөрөөд хэдхэн цагийн дараа Орос-Украины хилийн ойролцоо пуужингийн довтолгоонд өртөн сүйрсэн юм. Энэхүү аймшигт ослын улмаас нислэгийн багийн 15 гишүүн болон онгоцоор зорчиж байсан 283 зорчигч бүгд амь үрэгдсэн билээ. Үүнээс нь 80 нь хүүхэд байсан юм.

Онгоцны сүйрэлд ямар нэг техникийн гэмтэл болон хэн нэгний алдаанаас болоогүй, харин онгоцыг Украины зүүн нутгийн Первомайск тосгоноос Орост үйлдвэрлэсэн газар-агаар ангиллын “Бук” пуужингаар харван унагаасан нь тогтоогдсон.

Тухайн үед Украины зүүн нутагт Засгийн газрын хүчнийхэн болон Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчдын хооронд байлдааны ажиллагаа эрчимжиж байсан билээ. Уг хэрэг болох үед тус тосгон Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчдын хяналтад байсан бөгөөд мөрдөн шалгах багийнхан нутгийн оршин суугчдын авсан гэрэл зургууд болон салан тусгаарлагчид хоорондоо утсаар ярьж буй ярианаас дүгнэлт хийж онгоцыг харван унагаасан тэр өдөр “Бук” пуужингийн цогцолборыг Украинд авчирсан гэсэн таамаглал дэвшүүлсэн юм. Харин онгоцыг сөнөөсний дараа цагаан өнгийн Волво ачааны машинд ачиж, ОХУ руу буцаан авч явсан хэмээн мэдэгдэж байв. Гэсэн ч Оросын тал уг мэдэгдлийг эрс няцаан Оросын нэг ч пуужингийн цогцолбор Украины хилээр даваагүй хэмээн мэдэгдсээр байсан.

Германы шинжээчдээр удирдуулсан Олон улсын хамтарсан мөрдөн шалгах баг өчигдөр /2019.06.19/ 298 хүний аминд хүрсэн энэхүү хэрэгт гурван орос, нэг украин иргэнийг буруутгаж байгаагаа зарлажээ. Хэрэгт сэжиглэгдэж буй Оросын иргэн Игорь Гиркин нь тус улсын Холбооны аюулгүй байдлын албаны тагнуул, Сергей Дубинский нь ГРУ буюу Оросын цэргийн тагнуулын ажилтан, Олег Пулатов нь мөн ГРУ-ийн тусгай хүчинд цэргийн алба хааж байжээ. Харин дөрөв дэх сэжигтэн Леонид Харченко нь Украины иргэн бөгөөд тухайн үед Донецкт салан тусгаарлагчдын бүлгийг ахалж байсан аж. Мөн энэ дөрвөн хүнээс гадна пуужингийн цогцолборыг Украин руу зөөвөрлөхөд оролцсон 12 хүний нэрийг зарласан байна.

Оросын тал энэ хэрэгт өөрсдийгөө хамааралгүй гэж байгаа ч Украины салан тусгаарлагчдын бүс нутагт тэрхүү өнлөр хүчин чадал бүхий зэвсэг техник хэрхэн орж ирсэн нь яах аргагүй анхаарал татаж байгаа юм.

Хуулийн байгууллагаас эдгээр дөрвөн сэжигтэнг баривчлах зөвшөөрөл олгосон бөгөөд хэргийн шүүх хурал 2020 оны гуравдугаар сард Нидерландад эхлэх юм. Мөн ОХУ болон Украин улс нь хэрэгтэн шилжүүлэхийг үндсэн хуулиараа зөвшөөрдөггүй учир тус улсуудаас хэргийг шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг хүснэ гэж Олон улсын хамтарсан мөрдөн шалгах багийнхан мэдэгдэв.

эх сурвалж:GUARDIAN, BBC

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж