19875 иргэн дахин төлөвлөлтөд хамрагдахыг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2015.06.17-нд нийтлэгдсэн

19875 иргэн дахин төлөвлөлтөд хамрагдахыг хүсчээ

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, Гэр хорооллын нөхцөлийг сайжруулах төслийг хэрэгжүүлэх явцад иргэдийг хохироосон тухай өргөдлийн дагуу хяналт шалгалт хийж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг сонсч, Засгийн газарт чиглэл өгөх тогтоол, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт тэмдэглэлээр санал хүргүүлэхээр боллоо.

Иргэдээс тус байнгын хороонд хандан ирсэн гомдолд Баянзүрх дүүргийн 12, 13, 14 дүгээр хороонд газрыг дахин төлөвлөлтөд оруулахдаа түр зөвлөл байгуулаагүйгээс газрын үнэлгээг буурууллаа. Тиймээс сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож өгөөч. Мөн дүүргийн 12 дугаар хороонд орон сууц барихаар ганцхан компани шалгаруулсан нь сонголт олгохгүй байна гэх зэрэг гомдол иржээ.

Ажлын хэсгийн мэдээллээр бол иргэдээс гарсан гомдол нь газрын үнэлгээтэй ихэвчлэн холбоотой аж. Иргэд газраа үнэтэй өгөх гэдэг, компани харин боломжгүй гэж үздэг. Тиймээс газрын үнэлгээг шинэчлэн тогтоох, дахин төлөвлөлтийг 100 мянган айлын орон сууц хөтөлбөртэй уях зэрэг шаардлага байгааг энэ үеэр онцоллоо.

Мөн 20 мянган иргэнээс ирүүлсэн санал гомдлын 19875 нь газраа дахин төлөвлөлтөд хамруулж орон сууцтай болох хүсэлт эзэлсэн бол 172 нь гомдол буюу газрыг бага үнээр авахыг санал болгосон, хүчээр авахыг санаархаж байна гэх гомдол эзэлжээ.

Хоёр нь гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн талархал юм байна.

Дээрх мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Арвин “Яагаад иргэдээс гомдол ирэв. Үнэ дээрээ тохирохгүй байна уу, эсвэл хүчээр асуудлыг шийдэх гэсэн нь нөлөөлөөд байна уу” гэдэгт хариулт хүсэв.

Ажлын хэсгийг ахалж ажилласан УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Гэр хорооллыг дахин төлөвлөх ажил нь зөвхөн Нийслэлийн ИТХ-аас баталсан журмын хүрээнд зохицуулагдаж байна. Гэтэл хуулиар зохицуулах шаардлага үүсгээд байгаа. Тийм учраас Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг УИХ-аас яаралтай батлах шаардлагатай. Нөгөө талдаа газрын үнэлгээг шинэчлэн тогтоох шаардлага байна” гэв.

Байнгын хорооны дарга О.Баасанхүү “Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн гомдолд 1м2 газрыг 200 мянган төгрөгөөр үнэлсэн нь бага гэдэг гомдлыг тавьж байна. Энэ асуудлыг ажлын хэсэг судалж үзсэн үү. Яаж шийдвэрлэх вэ” гэдэгт хариулт өгөхийг хүсэв.

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны холбогдох хүний тайлбараар бол дээрх хороон дээр “Цагаан хуаран” компани орон сууц барихаар болж, 112 иргэнтэй гэрээ байгуулсан. Үүний дараа газрын үнэлгээтэй холбоотой асуудал үүсчээ. Уг асуудалтай холбоотойгоор шалгалт хийж эхэлсэн, 1м2 газрыг 400 мянган төгрөгөөр үнэлэх боломж байсан уу гэдгийг судалж байгаа аж. Хэрвээ ийм боломж байхад газрын үнэлгээг бууруулсан бол тухайн хэсэгт орон сууц барих эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах юм байна.

Үүний дараа байнгын хорооны гишүүд саналаа хэлж, улмаар Засгийн газарт чиглэл өгөх тогтоол, Нийслэлийн Засаг даргын тамгын газарт тэмдэглэлээр санал, Эдийн засгийн байнгын хороонд ажлын хэсгийн  дүгнэлт хүргүүлэхээр болсноор хуралдаанаа өндөрлүүлэв.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж