НЭМЭЛТ:
Хорих 461-р ангиас оргосон гэх сэжигтэн С.Төмөр нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харьяат, бүрэн дунд боловсролтой 25 настай, гурван удаагийн ял шийтгэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон 2019 оны тавдугаар сарын 3-ны өдрөөс яллагдагчаар татагдан Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байжээ. Уг этгээд оргосон өдөр 461-р хорих анги эргэлт ихтэй, ачаалал ихтэй байсан бөгөөд тус ангийн сэтгэлзүйч тухайн хоригдолтой уулзалт хийсний дараа харгалзагчид хүлээлгэж өгөх ёстой байсан ч хүлээлгэж өгөөгүйгээс оргож, зугатаажээ. Өөрөөр хэлбэл, албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэж, сэжигтэн оргосон байна.
Тухайн этгээдийг эрэн хайх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Цагдаагийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. Оргосон шалтгаан нөхцөлийг тодруулахаар тус ангид албаны дотоод шалгалт явуулж байна. Мөн тухайн этгээдийг олж баривчилсны дараа Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгах юм байна.
ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас хоригдож байсан сэжигтэн оргожээ. Тодруулбал, өчигдөр /2019.06.19/ оройн 17.00 цагийн үед хүн оргосныг мэдсэн гэнэ. Одоогоор цагдан хорих ангиас оргосон этгээдийг эрэн хайх ажиллагааг холбогдох байгууллагаас орон даяар эхлүүлээд байгаа аж. Тэрбээр Налайх дүүрэгт хүчингийн хэргээр шалгагдаж байсан Т гэгч байсан бөгөөд яллагдагчаар татагдаад байсан юм. Мөн өмнө нь хэд хэдэн удаа оргохыг завдсан юм байна.
Тухайн этгээд албан хаагчийн буруутай үйлдлээс үүдэж, хүнд гэмт хэрэгтэн оргон зайлсан гэх албан бус мэдээлэл ч байна. Энэ талаар бид ШШГЕГ-аас эргэн мэдээлэх болно.
Э.АРИУН
Холбоотой мэдээ