"Сонсголгүй иргэдэд шинэ ирээдүй, амьдрал бэлэглэж байгаадаа их баярладаг" | News.MN

"Сонсголгүй иргэдэд шинэ ирээдүй, амьдрал бэлэглэж байгаадаа их баярладаг"

"Сонсголгүй иргэдэд шинэ ирээдүй, амьдрал бэлэглэж байгаадаа их баярладаг"

Мэргэжилдээ эзэн болж, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг дохионы хэлний орчуулагч С.Бямбадэлгэртэй ярилцлаа.Түүнийг МҮОНРТ –ийн “Цагийн хүрд” хөтөлбөрийн дохионы хөтлөгч гэдгээр нь хүмүүс сайн танина. Тэрбээр чин сэтгэлээсээ дохионы хэлээр дуулж, сонсголгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дууны гайхамшгийг мэдрүүлж яваа нэгэн билээ.


-Таныг дохионы хэлний хэлмэрч болоход аав тань их нөлөөлсөн гэсэн. Чухам яагаад дохио хэл сурах болов?

-Намайг дохионы хэлний хэлмэрч, орчуулагч болоход аав, ээжийн маань надад өгсөн суурь хүмүүжил их нөлөөлсөн. Аав, ээж маань “Хэлгүй хүний хэл. Хөлгүй хүний хөл болоорой. Энэ нийгэмд хүн олонтой амьдрах шиг сайхан зүйл байхгүй” гэж захидаг байсан. Монголд дохионы хэлний хэлмэрч мэргэжилтэн бэлтгэдэггүй учраас би өөрийн сонирхлоороо л сонсголгүй хүмүүст туслахыг хүсч, дохионы хэлийг сурсан. Хүүхэд байхдаа анх сонсголгүй хүмүүсийг дохиогоор ярилцахыг хараад их гайхаж, онцгой хүмүүс шиг санагдаж байлаа. Өсвөр насандаа сонсголгүй хүүхдүүдийн дунд орж, дохиогоор дамжуулан хэлж болох үг бүрийг нь орчуулдаг байсан. Тухайн үед сонсголгүй иргэдийг хэлгүй, дүлий хүмүүс гэдэг байсан юм. Миний хань маань төрөлхийн сонсголгүй хүн байсан.

-Ханьтайгаа анх хэрхэн танилцаж байсан тухай дурсамжаасаа ярьж болох уу?

-Би арван жилийн сургуульд байхдаа урлаг, спортын авьяастай нийгмийн идэвхтэй охин байсан. Эршүүд ч юм шиг их хөдөлгөөнтэй хүүхэд байлаа. Тэгээд сургуульдаа сагс тоглож байгаад ханьтайгаа анх танилцсан юм. Би намхан нуруутай, манай хүн нуруулаг хүүхэд байсан. Бид хоёр гар нийлж, сагс тоглодог байлаа. Бас нэг байрны хүүхдүүд байсан юм. Тэр цагаас хойш ханьтайгаа гэрлэж, сайхан үр хүүхдүүдтэй болсон. Хань маань одоогоос найман жилийн өмнө бурхан болсон.

Хүүхдүүд маань ээжийнхээ ажилд их дуртай. Миний ажилд тусалж, дэмжинэ. Тийм болохоор би ажилдаа их дуртай.

-Та хамгийн сүүлд “Залуусын дуу хоолой-2019” чуулга уулзалтад дохионы орчуулагчаар ажилласан байсан. Тухайн үеийн видео бичлэг сошиал орчинд тарж,  дуучин Укаг бараг "ажилгүй" болгох нь гэсэн сэтгэгдлүүд хөвөрч байна лээ?

-Юу гэж дээ. /инээв/ Манай Ука чинь үнэхээр мундаг уран бүтээлч. Миний хувьд дуучин Укагийн дуунд дуртай. Хүн бүр дуунд дуртай, урлагт хайртай байдаг шүү дээ. Сонсголгүй хүмүүс дуу дуулж, сонсож чадахгүй гэж боддог.

Гэтэл яг үнэндээ хамгийн “cool” дуулдаг хүмүүс чинь сонсголгүй хүмүүс байдаг.

Миний хувьд сонсголгүй иргэдээсээ дохиогоор дуулахыг сурсан. Чуулга уулзалтын үеэр надад зохион байгуулагчдын зүгээс гэнэтийн бэлэг барьсан нь сайхан санагдсан. Сандраад “баярлалаа” гэдгээ ч хэлж чадаагүй юм байна. “Залуусын дуу хоолой-2019” чуулга уулзалтын үеэр дуучин Укагийн “Маргаашийн нар луу хамт аялах уу” дууг бэлдээд сууж байтал зохион байгуулагчдын зүгээс надад цэцэг бэлэглэсэн. Надад маш сайхан санагдсан. Олон үйл ажиллагаанд очиж байсан ч олны дунд цэцэг авч, байгаагүй юм байна лээ. Би баярлахаас гадна олон сонсголгүй иргэд баярласан байх. Учир нь надаар дамжуулан сонсголгүй иргэдийг хүндэлж байна гэсэн үг шүү дээ.

-Та олны өмнө гарахдаа сандардаг уу?

-Заримдаа олон хүний өмнө гарахад сандрах үе гарна. Хүн чинь олны өмнө гарахаараа биеэ бариад эхэлдэг шүү дээ. Гэхдээ миний хувьд тэгэх ямар ч шаардлага байхгүй. Би олны өмнө гарчихаад дуугүй зогсоод байвал сонсголгүй хүмүүстээ мэдээлэл дамжуулж чадахгүй шүү дээ. Тиймээс зүгээр нэг хүний хэлснийг дамжуулах бус аль болох орчуулгадаа анхаарч,  сонсголгүй иргэдэдээ ярьж буй яриаг нь маш сайн ойлгуулахыг хичээдэг.

-Ингэхэд та ямар жанрын дуу сонсох дуртай вэ?

-Би бүх төрөл, жанрын дууг сонсох дуртай. Ганцаараа байх үедээ дандаа дуутай хамт байдаг. Гэртээ хүүхдээ харж байхдаа ч хүүхдийн дуу сонсоно. Бага охин маань дуу дуулахаас илүү дохиогоор дуулаад байгаа юм чинь. Цэцэрлэгийн багш нь бүр гайхчихсан.
“Намайг дандаа уйлуулдаг
Чамайг аавдаа хэлнэ дээ” гээд…

-Тийм үү. Бас ээжийнхээ авьяасыг дуурайжээ. Хүүхдүүд нь дохионы хэл сайн ойлгох уу?

-Би хүүхдүүддээ багаас нь аливаа юмыг физик шинжээр нь заахыг хүсдэг. Жишээлбэл, “Өө тэр хар даа муур байна” гээд үйл хөдлөлтэй, эмоцитойгоор дохиогоор үзүүлэхээр хүүхэд илүү ойлгож хүлээж авдаг. Тийм болохоор хүүхдүүд маань багаасаа өөрийгөө сайн илэрхийлж, биеийн хэлэмжийг сайн уншдаг болчихдог юм шиг санагддаг.

Ер нь хүүхдийг багаас нь тэнгэр цэлмэг байна уу, сар гарсан уу, нар ямар өнгөтэй байна вэ гэдгийг өнгө, дүрс нь мэдрүүлж, тайлбарлаж байх хэрэгтэй гэж боддог.

Манай ээж эмч, аав маань багш инженер мэргэжилтэй хүн байсан. Бага байхад яг л ингэж зааж, сургаж байсан учраас тэр суурь хүмүүжил надад нөлөөлсөн байх.

-Таныг монголын ард түмэн “Цагийн хүрд” мэдээний хөтөлбөрөөр сайн танина. Анх МҮОНРТ-д ажилд ороход сонсголгүй иргэд хүсэлт тавьж, ажиллаж эхэлсэн гэдэг?

-Би 1997 онд анх МҮОНРТ-д мэдээний хэлмэрчээр ажиллаж эхэлсэн юм. Сонсголгүй иргэд өөрсдөө миний өмнөөс МҮОНРТ-д ажиллуулах санал тавьсан байсан. Тэр хүсэлтийн дагуу анх телевизийн салбарт хөл тавьж байлаа. Хэл гэдэг чинь онцлогтой, байнга хувирч байдаг. Тэр болгоныг сурах хэрэгтэй болдог. Тэр болгонд надад зааж, чиглүүлж, эрч хүч өгдөг сонсголгүй иргэдэдээ маш их баярлалаа. Бас Монголынхоо ард түмэндээ баярлалаа. Хэрвээ сонсголгүй хүмүүс байхгүй байсан бол би энэ хэлийг сурах хэрэггүй, нийгмийн гүүр байх шаардлагагүй байсан байх.

Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв буюу Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ерөнхий газарт 2011 оноос орчуулагч багш, судлаач багшаар ажиллаж байгаа. Энэ төвд бүх төрлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд ирж, нэг болон 2.5 жилээр өөрийн сонирхсон чиглэлээрээ мэргэжил эзэмшдэг.

-Таны дохионы хэлээр орчуулсан “Ухаарч амьдрах хорвоо” дуу хит болж, олны сэтгэлийг хөдөлгөсөн. Энэ дууг хэрхэн орчуулсан тухай ярьвал?

-Энэ дуу хэрхэн бүтсэн бэ гэхээр бурхан болсон Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Н.Төмөрхуяг гуайн хүү Т.Учрал бараг гурван жилийн өмнө манай сургуультай хамтран нэг төсөл дээр ажиллаж байхдаа надад санал тавьсан юм. Т.Учрал “Миний аавын дууг монголын ард түмэн сонсох дуртай. Харин аавын минь дууг сонсголгүй хүмүүс сонсч, чаддаггүй юм байна. Аавынхаа дууг сонсголгүй иргэдэд сонсгомоор байна” гээд аавынхаа бүх дууны жагсаалтыг надад өгч, “Ухаарч амьдрах хорвоо” дууг дуулахыг санал болгосон.

Тэгээд энэ сайхан үгтэй дууг орчуулж, есдүгээр сард Олон улсын сонсголгүй иргэдийн өдөрт зориулан орчуулъя гэж байсан чинь Дэлхийн сонсголгүй иргэдийн удирдах зөвлөлийн гишүүн Ж.Дуламсүрэн бусад сонсголгүй иргэд “Энэ дуу маш гоё юм байна. Орчуулж, дуулуулъя” гээд сонсголгүй хүмүүс надад дохио нь ийм байвал зүгээр гэж зөвлөөд хамтдаа нэг студид бичүүлж, 2017 онд бүтэж байлаа. Одоогоос хоёр жилийн өмнө орчуулж байсан “Ухаарч амьдрах хорвоо” дуу хүмүүст их хүрч, олон хүн надад “баярлалаа” гэж хэлж байсан. Тэр дундаас нэг сэтгэгдлийг онцолъё. Нэг сул сонсголтой залуу ирээд миний гараас бариад надад “баярлалаа” гэж хэлээд “Би таны орчуулж дуулсан “Ухаарч амьдрах хорвоо” дууг 50, 60 удаа сонсоод асгартлаа уйлсан. Миний аав, ээж амьд сэрүүн байхдаа надад ингэж л хэлэх гээд байдаг байсан юм байна. Би тэр үгийг нь ойлгодоггүй явжээ. Тэр бүхнийг таны дуунаас мэдэрлээ” гэж хэлж байсан.

-Та хийж буй ажлаасаа аз жаргалыг хэрхэн мэдэрдэг вэ?

-Хүн юмыг ойлгох гэж хичээгээд ойлгосны дараагаар чин сэтгэлээсээ “Тиймээ” гэж баярладаг шүү дээ. Яг тэрэн шиг сонсголгүй хүний сонсох гээд байгаа мэдээллийг нь дамжуулж, ойлгуулж, тэднийг чин сэтгэлээсээ баярлаж байгааг хараад маш их урмыг авдаг. Хөдөө орон нутгаас олон оюутан манай сургуульд ирж, суралцдаг. Тэдэнд шинэ ирээдүй, шинэ амьдрал өгч байгаадаа их баярладаг.

Хөдөөнөөс ирсэн нэг оюутан маань “Би хөдөө малаа хариулаад хэлгүй дүлий, хэн ч биш байжээ. Гэтэл энэ сургуульд ирж, тантай таараад өөртөө итгэлтэй болж, бусдын адил хүн гэдгээ ойлгох болсон” гэж хэлж байсан. Энэ мэт олон сонсголгүй хүүхдүүд маань манай сургуульд ирж, бичиг үсэг сурч, мэргэжлээ сонгоод, хань ижил, хүүхэдтэй болж байгааг харахад үнэхээр сайхан. Зарим нь намайг холоос гүйж ирээд л тэвэрдэг. Би энэ бүхнийг бодохоор ажлаасаа маш их эрч хүчийг авч, бараг нисэж байгаа юм чинь. /инээв/ Бас сонсголгүй иргэд “Бид танаар дутна шүү. Та бидэнд маш их хэрэгтэй хүн” гэж хэлэхэд нь маш их баярладаг. Хүн хүнээр дутна гэдэг чинь гайхамшиг шүү дээ.

-Цаашдаа хийхийг хүсч, зорьж буй мөрөөдлөөсөө хуваалцаач?

-Монголын нийгэмд одоо 10 хүрэхгүй тооны дохионы хэлмэрч бий. Учир нь Монгол Улсад энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэггүй, гадаадад бэлгэдэг. Өнөөдөр би дохионы хэлний хэлмэрч гэсэн хүмүүсийн өгсөн нэр гуншингаар өөрийн сонирхлоор ажиллаж байна. Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбооноос надад мэргэжлийн дохионы хэлмэрч гэсэн үнэмлэх өгсөн. Тиймээс төрөөс тусгай хэрэгцээт боловсролд илүү анхаарч дохионы хэл шинжлэлийн анги танхимыг нээгээсэй гэж хүсдэг. Би дохионы хэлний орчуулагч, хэлмэрчээр ажиллаад 25 жил болж байна. Энэ бол багагүй хугацаа. Энэ хугацаанд надад дохионы хэл зааж,тусалж дэмжиж байсан сонсголгүй хүмүүстээ маш баярлалаа. Энэ бол бие даасан хэл. Өөрийн гэсэн бүтэц, онцлог, агуулгатай цогц хэл. Тиймээс ирээдүйд энэ хэлийг судалдаг хүн олон болоосой гэж хүсдэг.

Цаашдын зорилго гэвэл би үргэлжлүүлэн гадаадад сурмаар л байна. Би өдөр бүр дохионы хэл сурахынхаа хажуугаар ажиллаж, амьдарна. Хүн өөрийгөө хөгжүүлэхийн тулд цаг зав гаргах ёстой. Би Монгол Улсын их сургуулийг бизнесийн удирдлага, нягтлангийн чиглэлээр суралцаж, төгссөн. Мөн дохионы хэл сурахад хуулийн мэргэжил хэрэгтэй гэдэг үүднээс “Их засаг” их сургуульд эрх зүйч мэргэжлээр эчнээгээр суралцсан. Одоо тус сургуульд эрх зүйч мэргэжлээр магистерт сурдаг. Цаашдаа дохионы хэлний чиглэлээр илүү судалж гадаадад суралцмаар байна. Тэр болгонд ажил, амьдрал давхцаад байгаа болохоор боломж гарахгүй юм.

-Бидэнд цаг зав гарган ярилцлага өгөхийг зөвшөөрсөнд баярлалаа. Таны ажил, амьдралд аз жаргал, амжилтыг хүсье?

-Баярлалаа. Та бүхэн намайг онцолж ярилцлага авч байгаад баярлаж байна. Та бүхний ажил үйлсэд амжилт хүсье.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ХөөрхөнХөөрхөн
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

монгол хүн 2019-06-20 64.119.20.82

Ийм эгэл сайхан хүмүүсийн амьдралыг нийтэд их толилуулвал зүгээр байгаа юм даа

Avatar

zochin 2019-06-20 202.131.245.226

Гэрэл цацарсан сайхан хүн байнаа.Сэтгэл сайхан байна гэж л энэдээ. Аз жаргал хүсье. Дуу орчуулж байгааг чинь хараад биширдэг шүү. Улам ихийг бүтээгээрэй.

Avatar

Зочин 2019-06-20 169.253.162.4

Насаараа ийм ажил хийнэ гэдэг бол яахын аргагүй сэтгэл л байна даа. Хүний төлөө ийм олон жилийг зориулж ажиллах тийм ч амархан биш байхаа. Баярлалаа бүсгүй минь. Чиний энэ гайхалтай ажил олон хүнийг урамаар тэтгэж босгосон гэдэгт эргэлзэх юм алга. Үнэхээр ховор хүн байна даа.

Avatar

Zochin 2019-06-20 64.119.17.110

Egel baatar gej iim l humuusig heldeg bhdaa busdin tuluu chin setgelee zoriulaad huniig uurchilj busdad goy dursamj uldeej amidarna gedeg l hamgiin erhem hamgiin une tsenetei zuil gej bodogdoj bn tand mash ih bayarlalaa gereltsen goy emegtei yumaa

Avatar

ЭРДЭНЭ 2019-06-20 67.174.177.20

МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ГАВЬЯАТ ЦОЛ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ ,,,,\n\nӨӨР ЭНЭ ЧИГЛЭЛЭЭР ИЙМ МУНДАГ АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮН БАЙХГҮЙ\n\nДУУГ ХЭН Ч ДУУЛНА\n\nЭНЭ ХЭЛИЙГ ХЭН Ч СУРЧ ЧАДАХГҮЙ

Avatar

Bi 2019-06-20 202.55.188.35

Mundag

Avatar

Зочин 2019-06-20 202.9.43.206

Мундаг эмэгтэй юм. Амжилт аз жаргал эрүүл энхийг хүсье. Талархаад талархаад баршгүй нь. Үнэхээр гайхалтай бахархмаар.

Avatar

Зочин 2019-06-20 66.181.176.254

Өөрийнхөө болоод бусад хүмүүсийн өмнөөс Танд баярлалаа гэж хэлье. Таны ажил үйлс улам өөдрөг бүтэмжтэй байх болтугай.

Avatar

Иргэн 2019-06-20 64.119.27.69

Cool гэж юу гэж бгаан бэ? Энэ үг чинь л чамайг нохойн баас гэж дүгнэхэд хүргэлээ.

Avatar

Зочин 2019-06-20 64.119.20.82

Күүл

Avatar

Zochin 2019-06-20 103.57.94.53

Nadad bas tegj bodogdson,setgelgyi mungu huusun aviyasgyi urlagiinhan gedeg uls icheesei,

Avatar

Bayrlalaa 2019-06-20 103.57.94.53

Estoi mundag bas goe,aviyastai medremjtei saihan bysgyi yum bna,amjilt hysie tand!

Avatar

тамирчин 2019-06-20 82.231.231.130

өрөөлийн төлөө өөрийгөө зориулна гэдэг хүмүүн заяаны бахархал …

Avatar

Бахархал 2019-06-20 202.179.27.240

ЭНЭ ХҮНД ТЭР ХАМРААРАА ДУУЛДАГ БОЛДОД ӨГЧ БОЛСОН ТӨРИЙН СОЁРХОЛ ӨГӨХИЙГ ДЭМЖИЖ УЛАМЖИЛЬЯА ХОЛБОГДОХ ХАРЪЯА БАЙГУУЛЛАГЫН ЭРХЭМҮҮДЭЭ ТА БҮХЭН ДЭМЖИНЭ ҮҮ

Avatar

Chimeegui gavyatan 2019-06-20 203.91.115.39

Mergejildee unench buteelch saihan hun bn

Avatar

Бахархал 2019-06-20 202.126.89.176

Мундаг эмэгтэй байна гэгээлэг

Avatar

АМЖИЛТ АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ 2019-06-20 202.179.26.49

ГАЙХАЛТАЙ БАС БАХАРХАЛТАЙ НАМТАР ТҮҮХТЭЙ БҮСГҮЙ ЮМ. САЙХАН Ч ЯРИЛЦЛАГА БОЛЖЭЭ. СЭТГҮҮЛЧ ЭЭ…

Avatar

Зочин 2019-06-20 150.129.140.115

yu geed tenegteed bainaa

Avatar

Зочин 2019-06-20 202.55.191.205

Сайхан сэтгэлтэй, сайхан эмэгтэй танд баяр хүргэе! Улам олон хүнийг баяруулж яваарай

Avatar

Иргэн 2050 2019-06-20 103.229.122.207

Сайхан буянтай ажил хийдэг хүүхэн байнаа.Төрөөс даагаад гадаадад сургуульд сургамаар юм байна даа.Санаа зөв бол заяа зөв гэдэг энэ байх аа

Avatar

Зочин 2019-06-20 202.9.43.213

Гайхамшигтай. Үүнийг л гайхамшиг гэнэ

Avatar

Click 2019-06-20 64.119.22.153

Чимээгүй баатар

Avatar

Зочин 2019-06-20 202.21.96.212

сайхан юм даа,, сайхан сайхан, сайхан бүсгүй юм. жаргал ерөөе

Avatar

Зочин 2019-06-20 180.149.65.2

ийм хүмүүсдээ төр засаг нь харж хандаж хайр хишгээ хайрлаа ч ээ хүний төлөө яваа сайхан эх бншдээ

Avatar

Зочин 2019-06-20 202.179.24.97

Мэрэгжилдээ эзэн болсон, сайхан сэтгэлтэй, сайхан эмэгтэй танд баяр хүргэе! Улам олон хүнийг баяруулж яваарай

Avatar

Зочин 2019-06-20 202.179.31.5

Хаа нэг газар цэмэнт овоолж хаячаад суварга гэх мэтийн дэргэд жинхэнэ амьдийн буян суварга бндааа

Avatar

Зочин 2019-06-20 202.131.236.58

Ямар гайхамшигтай эмэгтэй вэ? Холбогдох газар нь гадаадад сургаад өгөөсэй. Олон хүмүүсийн буян нь ирнээ.

Avatar

Хүннү 2019-06-20 202.179.27.170

Мундаг эмэгтэй байна. Сайхан буянтай ажил хийдэг чамд баяр хүргэе.

Avatar

Зочин 2019-06-20 103.9.90.98

сэтгэл татсан эмэгтэй байна

Avatar

ordinary man 2019-06-20 202.131.227.82

Миний эгч сонсголгүй гэвч би ерөөсөө дохионы хэл сурья гэж боддоггүй явсаар ирсэн, энэ эгчээс маш их урам авлаа. заавал сурнаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж