Хар тамхи оруулж ирсэн Нигерийн гурван иргэн хоригдож байна

Хуучирсан мэдээ: 2019.06.20-нд нийтлэгдсэн

Хар тамхи оруулж ирсэн Нигерийн гурван иргэн хоригдож байна

Хар тамхи оруулж ирсэн Нигерийн гурван иргэн хоригдож байна

Хар тамхи, хар тахал хэмээн зөвхөн гадаадын киноноос үздэг байсан монголчууд өнөөдөр аль хэдийнэ хэрэглэгч, зуучлагч, дамжуулагч, худалдагч болсныг илтгэсэн үйл явдал саяхан болж өнгөрөв. Монгол Улсын дипломат ажилтнууд их хэмжээний хар тамхи тээвэрлэж яваад гадаадад баригдсан дэлхий нийтэд Монгол Улсыг "хар" толботой болгов. Сүүлийн жилүүдэд хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ нэмэгдэх, энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдсэнд хуулийн байгууллага ч анхаарлаа хандуулах болжээ.

Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын  ихэнх нь манай улсын иргэд байдаг бөгөөд өнгөрөгч онд Гаалийн байгууллага мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан нийт 18 удаагийн үйлдлийг илрүүлжээ. Үүнд нийт 142 гр, 54 ширхэг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг гэмт хэргийн эд мөрийн баримтаар хурааж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн юм байна. Харин 2019 оны эхний тавдугаар сарын байдлаар нийт найман удаагийн тохиолдлыг илрүүлж, 4.5 кг мансууруулах бодисыг хурааж, цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон иргэд дунд гадаадын иргэд ч бий. Тэд Монголд багшлах, гоо сайхны үйлчилгээ үзүүлэх нэрийн дор хар тамхи, мансууруулах төрлийн бодис хадгалах, худалдахыг завдах зэрэг гэмт хэрэг үйлдсэн байдаг. Тэгвэл гадаад иргэдийн холбогдсон дээрх хэргийг хэрхэн шийдсэн талаар бид тодрууллаа.

Тухайлбал, энэ оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Нигерийн гурван иргэн, тэр дундаа сургалтын төвийн багш 31 настай Ш нь 300 сая төгрөгийн хар тамхи илгээмжээр авсныг илрүүлж, баривчилсан билээ. Нигер улсын 31 настай иргэн Тайланд улсаас Монгол Улсад шуудан илгээмжээр их хэмжээний хар тамхи оруулж ирсэн. Ингэхдээ, Нигер улсын иргэн Шон гэгч нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг “Upline” сургалтын төвд англи хэлний цагийн багшаар ажилладаг бөгөөд Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид прокурорын хяналт дор түүнийг хэргийн газраас үйлдэл дээр нь баривчилсан юм. Түүний  шуудан илгээмжээс ICE буюу “мөс” гэх 300 сая төгрөгийн үнэ бүхий хар тамхийг хураан авсан байдаг.  Гэвч энэ хэргийн шалгалтын явц ямар шатандаа яваа талаар албаны эх сурвалжийн мэдээлснээр уг Нигери улсын иргэнийг цагдан хорьж, байгаа бөгөөд түүнтэй хамт  тус улсын хоёр иргэнийг шалгаж байна аж.

Түүнээс гадна БНСУ-ын иргэн Ким Ён Жү нь гэртээ хар тамхи хадгалдаг, хэрэглэж байгаад баригдсан байдаг. Тэрбээр Монгол Улсад гоо сайхны бараа худалдан, борлуулдаг байсан нэгэн.  Түүний талаарх мэдээллийн дагуу ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас энэ оны гуравдугаар сарын 22-23-нд шилжих шөнө гүйцэтгэх ажиллагаа явуулж  түүний гэрээс дельта-9 тетрагидроканнабилы агууламжтай савлагааны хамт 159 грамм каннабис хадгалж байсныг илрүүлж, өөрийг нь цагдан хорьсон билээ. Дээрх этгээдэд холбогдох шүүх хурал саяхан Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд бол, шүүхээс дээрх этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байна.

Хуулийн байгууллага энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон, холбогдох эрсдэлтэй, хар тамхи, мансууруулах бодис худалдах, дамжуулах үйл ажиллагаа эрхэлж байж болзошгүй этгээд, байршлуудад тогтмол шалгалт хийдэг аж. Гэхдээ энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох нь гадаадын иргэдээс илүү монголчууд олон байгааг хуулийн байгууллага анхааруулж буй. Хамгийн сүүлд ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас мансууруулах бодис, сэтгэц нөлөөт эмийн хууль бус хэрэглээтэй тэмцэх, далд хэрэглэгч нарыг илрүүлэх зорилгоор энэ сарын 14-15-нд шилжих шөнө ЦЕГ-ын  Тусгай ажиллагааны газар, НПГ, эрэлч нохойн алба хамтран нийслэлд үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий шөнийн цэнгээний газруудад хяналт, шалгалт зохион байгуулсан. Энэ үеэр 40 орчим иргэнд мансууруулах эм, сэтгэц нөлөөт бодис шээсээр илрүүлэгч анхан шатны тест тавьж шалгахад, зургаан иргэн мансууруулах бодис хэрэглэсэн нь илэрсэн байна. Улмаар гэмт хэргийн шинжтэй нэг үйлдэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж эхэлжээ.

Хамгийн ноцтой нь энэ оны эхний таван сарын байдлаар хар тамхитай холбоотой 96 гэмт хэрэгт 188 хүн холбогдсон байна. Энэ тоо нь өнгөрсөн жилтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн байгааг албаны хүмүүс онцоллоо.

Хар тамхи, мансууруулах төрлийн гэмт хэргийн хууль сул, хоригдох ял багатай байдаг нь энэ төрлийн гэмт хэрэг өсөх бас нэг шалтгаан болж буйг иргэний нийгмийн байгууллагынхан болон хуулийн анхааруулдаг. Тиймээс энэ төрлийн гэмт хэргийн хуулийг чангатгах зайлшгүй шаардлага тулгарч байгааг дээрх тоо харуулж байна.

Дашрамд, 2010-2018 онд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын 98 хувь нь Монгол Улсын харьяат, хоёр  хувь нь гадаад улсын буюу Филиппин, Нидерланд улсын иргэн байна. Илгээгч улс орноор нь төрөлжүүлж үзвэл БНХАУ, Нидерланд, АНУ, Малайз, Хонгконг, Их Британи, ОХУ, ХБНГУ зэрэг улсуудаас авто зам, агаарын зорчигчоор болон шуудан илгээмжээр улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан тохиолдлууд бүртгэгдсэн юм байна.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж