“Худалдааны дайн”-ы сөрөг үр дагавар

Хуучирсан мэдээ: 2019.06.20-нд нийтлэгдсэн

“Худалдааны дайн”-ы сөрөг үр дагавар

“Худалдааны дайн”-ы сөрөг үр дагавар

-ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ БУУРАХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА-

АНУ, БНХАУ хооронд үүссэн “худалдааны дайн” улам даамжирч, дэлхийн эдийн засгийн өсөлт болон хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж буйг шинжээчид анхааруулж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гаригт Флорида муж улс руу нисэхийнхээ өмнө сэтгүүлчидтэй уулзахдаа худалдааны салбарт гарсан маргааныг зохицуулах АНУ болон БНХАУ-ын төлөөлөгчдийн ээлжит хэлэлцээ лхагва гаригт эхлэх талаар мэдэгдсэн. Тэрбээр “Худалдааны гэрээ байгуулах хэлэлцээгээ манай багийнхан маргааш эхлүүлнэ. Ямар үр дүнд хүрэхийг харцгаая. Хятад улс гэрээ байгуулахыг хүсч байна, бид ч мөн гэрээ байгуулах хүсэлтэй байна. Гэхдээ хоёр талд харилцан ашигтай гэрээ байх ёстой” гэж тэмдэглэжээ.

Цагаан ордны тэргүүн мөн мягмар гаригт БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй утсаар ярьсан тухайгаа мэдээлэв. Тэрбээр “Би Ши даргатай маш сайн харилцаатай. Бидэнд худалдааны гэрээ байгуулах боломж бий гэж бодож байна” хэмээн хэлжээ. Дональд Трамп удахгүй болох “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жиньпинтэй уулзаж, хоёр талын харилцаа болон тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр АНУ, БНХАУ хэрхэн хэлэлцээр байгуулахыг дэлхий нийт анхааралтай ажиглаж байна" гэж нэмж хэлжээ.

Ши Жиньпин хариуд нь, Хятад-АНУ-ын харилцаанд сүүлийн үед бэрхшээл тулгарсныг онцлоод, цаашид хоёр орны удирдагчдын хүрсэн тохиролцооны дагуу бие биеэ хүндэтгэн, харилцан ашигтай байх зарчимд тулгуурласан хамтын ажиллагаа, тогтвортой байдлыг бий болгох хэрэгтэй” гэжээ. Мөн тэрбээр Д.Трамптай Осака хотноо уулзахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Олон улсын үнэлгээний “Fitch” агентлаг “Худалдааны дайн” хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж, дэлхийн эдийн засагт тулгарсан эрсдэлийг огцом нэмэгдүүлж байна гэж дүгнэжээ.

Тус байгууллагын шинээр гаргасан эдийн засгийн төлвөөс харахад АНУ, БНХАУ-ын импортод дахин тариф ногдуулах магадлал бага байгаа аж. Гэхдээ 2020 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлвийг бууруулсныг тус агентлаг тэмдэглэжээ. Учир нь худалдааны асуудлаар тодорхойгүй байдал нэмэгдэж, компаниуд хөрөнгө зарцуулалтдаа илүү болгоомжтой хандах болсныг онцолсон байна.

"Худалдааны дайн"-ы нөлөөгөөр, АНУ-д бизнесийн хөрөнгө оруулалт буурч эхэлсэн бол БНХАУ-д аж үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалт огцом буурч байгаа аж. Евро бүсийн хувьд эдийн засгийн өсөлтийн төлөв тааруу хэвээр байх нь. Мөн дэлхийн хэмжээнд аж үйлдвэр, худалдааны өсөлт саарч байгаа ажээ. Зарим хөгжиж буй улс хөрөнгийн дотогш чиглэх урсгалыг дэмжихийн тулд мөнгөний зөөлөн бодлого явуулж буй ч худалдааны асуудал саад болсоор буй юм байна. Өнгөрсөн онд дэлхийн эдийн засгийн өсөлт 3.2 хувь байсан бол энэ жил 2.8 хувь болж буурах төлөвтэй байгааг “Fitch” агентлаг мэдээлжээ. Энэ нь өнгөрсөн гуравдугаар сард гаргасан таамаг өөрчлөгдөөгүй гэсэн үг юм. Харин ирэх оны өсөлтийн таамаг 2.8 хувь байсныг 2.7 хувь болгож бууруулсны дотор АНУ, БНХАУ-ынхыг тус тус 0.1 хувиар, Бразилынхыг 0.5 хувиар бууруулжээ.

Түүнчлэн дэлхийн эдийн засагт мөнгөний бодлогын үзүүлэх нөлөө харьцангуй бага байх төлөвтэй байгаа аж. 2018 онд бодлогын хүүгээ дөрвөн удаа нэмсэн Холбооны Нөөцийн банк энэ онд бодлогын хүүгээ өөрчлөхгүй байх магадлал давамгайлж буй юм байна. Олон улсын эрсдэлийн үнэлгээний S&P агентлаг “Америк, Хятадын маргаан олон улсын геополитикийн эрсдэлийг өдөөх хэдий ч Азийн зарим зах зээлд харьцангуй сул сөрөг нөлөөтэй гэж дүгнэсэн. Хөгжиж буй орнууд нь АНУ, Хятадтай улс төр, эдийн засаг, газарзүйн байршлын хувьд ойр бол өрсөлдөх чадварыг нь илүү дэмжинэ гэж үзсэн нь бий.

“Худалдааны дайн” дэлхийн түүхий эдийн зах зээлд огцом уналт дагуулж, алт, газрын тосны ханшид дарамт болж буйг шинжээчид анхааруулсаар ирсэн билээ.

ЭХ СУРВАЛЖ: TASS, BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж