Аймгийн арслан Б.Эрдэнэхүүд Улсын начин цол олгоно

Хуучирсан мэдээ: 2019.06.20-нд нийтлэгдсэн

Аймгийн арслан Б.Эрдэнэхүүд Улсын начин цол олгоно

Аймгийн арслан Б.Эрдэнэхүүд Улсын начин цол олгоно

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр/2019.06.19/ болж, бөхчүүдэд цол, чимэг олгуулах тухай Үндэсний бөхийн салбар хорооны саналыг хэлэлцжээ.

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд учраа бөх нь сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдож, давааг хүчингүй болгосон тул аймгийн арслан Б.Эрдэнэхүүд улсын начин цол олгуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтжээ. Мөн Улсын начин Ч.Хөхчирэнгэрт “Өсөх идэр” чимэг олгохоор тус хорооноос шийдвэрлэсэн байна.

Өнгөрсөн жилийн баяр наадмын бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхийн сэргээшийн шинжилгээг авахад гурван бөхөөс хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдож байсан. Тодруулбал, Улсын гарьд Н.Ганбаатар, Улсын харцага А.Цацабишир, Улсын начин Ц.Бямба-Очир нарын тав давсныг хүчингүйд тооцож байсан юм.

Дээрх бөхчүүдэд тавын даваанд өвдөг шороодсон аймгийн арслан Б.Эрдэнэхүү, улсын начин Ч.Хөхчирэнгэр, улсын арслан Э.Оюунболд нарыг Ардын хувьсгалын 97 жилийн ойн барилдаанд тав давсанд тооцсон. Ц.Бямба-Очирт олгосон Улсын начин цолыг хасах, аймгийн арслан Б.Эрдэнэхүүд улсын начин шинээр олгох саналыг 2018 оны арванхоёрдугаар сард Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахаар хурлаар гаргаж байсан юм. Тэгвэл энэхүү хурлын шийдвэр он дамнаж, өчигдөр дахин хуралдаж Ерөнхийлөгчид уламжлахаар болсон байна.

Дээрх гурван бөх буюу Улсын гарьд Н.Ганбаатар, Улсын харцага А.Цацабишир, Улсын начин Ц.Бямба-Очир нарыг сэргээш хэрэглэсэнд тооцож, барилдах эрхийг нь хоёр жилээр хасаад байсан. Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмаас улсын начин цолтон зургаа төрж байсан бөгөөд аймгийн арслан Б.Эрдэнэхүү улсын гарьд Н.Ганбаатарт унаж байсан билээ.

Өнгөрсөн намар бөхчүүдийн шинжилгээний хариу гарсны дараа Улсын гарьд Н.Ганбаатар мэдэгдэл гаргаж байсан. Тэрбээр “Гэмтэл бэртлийн улмаас 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны Улсын баяр наадам хүртэл явагдсан бүх барилдаан, үүний дотор Ерөнхийлөгчийн цомын барилдаан, Цагаан сарын барилдаан зэрэг нэр хүндтэй барилдаануудад барилдаж чадаагүй. Надад өөр эм тариа хэрэглэсэн тохиолдол огт байхгүй бөгөөд наадам болохоос олон сарын өмнө эмчилгээ хийлгэсэн тул шинжилгээнээс хориотой эмийн илэрц гарч болох тухай огт санаанд ороогүй. Одоо би 36 настай. Өндөр амжилтын төлөө барилдахааргүй ахмад тамирчны тоонд орж байна. Би топ амжилтаа 10 жилийн өмнө буюу бэртэл авахаас өмнө гаргаж, өнөөгийн цолоо авсан билээ. Надад цол ахиулахын төлөө хууль бус арга хэрэглэх ямар ч шаардлага байхгүй. Нөгөө талаас би өөрийн бие чадлаар тав давж шөвгөрөх эрчимтэй байгааг бөх сонирхогчид мэдэж байгаа гэж бодож байна. Надад урам зориг өгч дэмжиж байдаг бөх сонирхогч болон Монгол бөхөө дээдлэгэч нийт ард түмэндээ баярлан талархаж явдгаа илэрхийлж, сайн сайхныг хүсье” гэж байсан билээ.

Энэхүү мэдээллийг гарсны дараа түүний аав, Соёлын гавьяат зүтгэлтэн, МҮБХ-ны тэргүүн асан Р.Нямдорж гуайгаас лавлахад “Үнэн” гэсэн хариултыг өгч байсан юм. Тэгвэл энэ жилийн наадмын өмнө Улсын начин цолтон шинээр төрөх бололтой.

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү 2015 онд нутгийнхаа наадамд найм даван түрүүлж, “Аймгийн хурц арслан” чимэг хүртжээ. Мөн 2016 онд Орхон аймгийн наадамд аймгийн заан Б.Гантөмөрт өвдөг шороодон үзүүрлэж байсан бол 2018 онд Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн “Өрнөх” чимэг нэмсэн байна.

Б.Эрдэнэхүү Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын хоёрын даваанд аймгийн арслан Э.Мөнхбаатарыг, гурвын даваанд Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйг, дөрвийн даваанд Улсын харцага М.Бадарчыг давж начны даваанд үлдэж байжээ. Түүнийг тавын даваанд давсан Улсын гарьд Н.Ганбаатараас хориотой бодис илэрсэн нь тогтоогдсон учир Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны өчигдрийн хурлаар Улсын начин цол олгох саналыг Ерөнхийлөгчид уламжлахаар болжээ.

Аймгийн хурц арслан Эрдэнэхүүгийн аав Болд нь Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат бөгөөд аймгийнхаа баяр наадамд 1989, 1994 онуудад түрүүлсэн аймгийн хурц арслан цолтой бөх аж. Мөн улсын баяр наадамд 1995, 2001 онуудад дөрөв давж улсын аварга О.Балжинням, улсын заан Б.Ганбатад тус тус өвдөг шороодож байсан байна.

Фото Архив: Казак түмний үндэсний Наурызын баярт зориулсан Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн уламжлалт барилдаанд аймгийн арслан М.Бадарч найм даван түрүүлж, аймгийн арслан Б.Эрдэнэхүү үзүүрлэж байжээ. 2016.03.20 Бөхийн өргөө.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж