Нэр, хаягаа бүртгүүлэхгүйгээр эмчилгээ, зөвлөгөө авдаг болжээ

Хуучирсан мэдээ: 2019.06.20-нд нийтлэгдсэн

Нэр, хаягаа бүртгүүлэхгүйгээр эмчилгээ, зөвлөгөө авдаг болжээ

Нэр, хаягаа бүртгүүлэхгүйгээр эмчилгээ, зөвлөгөө авдаг болжээ

Архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, замын түгжрэл, ажил дээрээ хэн нэгэнтэй үл ойлголцох, найз нөхөдтэйгөө  ялихгүй зүйлээс болж муудах гэх мэтээр бидний эргэн тойронд өдөр бүр, цаг минут асуудал хөвөрч, түүнийгээ бид стресс гэж ярих дуртай болжээ. Цээжинд багтаж ядах уур бухимдал, сэтгэлийн “өвчин”-өөс сэтгэл зүйчийн тусламжтай л салж чадах учраас өнөөгийн нийгэмд хамгийн эрэлттэй салбар, мэргэжил бол сэтгэлзүйч.

Нэгэн үетэй харьцуулахад залуус бухимдаж, сэтгэлээр унасан, удаан хугацаанд стресстэй үедээ архи уух биш сэтгэл зүйчид хандахыг эрмэлздэг болсон ч  хаана хандаж хэнтэй уулзахаа мэдэхгүй байгаа нь нууц биш. Тиймдээ ч энэ эрэлт хэрэгцээг иргэдэд ойртуулж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг дөрвөн төрлийн шинэ үйлчилгээг нэвтрүүлжээ. Тус эмнэлэгт шинээр дөрвөн кабинетыг тохижуулсан нь архины хамааралтай иргэд харьяа дүүрэг харгалзахгүй эмчилгээ хийлгэх боломжтойн дээр нь сэтгэлзүйн ганцаарчилсан зөвлөгөө авах боломж бүрджээ. Ингээд шинээр үүдээ нээсэн кабинет бүрийг сонирхлоо.

          "АРХИНЫ ХАМААРАЛД ОРСОН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧЭЭС НЭР ХАЯГ ШААРДАХГҮЙ"

№401 ТООТ БҮЛГИЙН СЭТГЭЛЗҮЙ

-Дүүргийн нэгдсэн эмнэлгийн дөрвөн давхарт шинээр үүдээ нээсэн энэ өрөөнд найз нөхөд, хамт олонтойгоо үл ойлголцож ажил, найз нөхдийн хүрээлэлд асуудал үүссэн бол хамтдаа сэтгэл зүйчээс зөвлөгөө авч, харилцан ойлголцох боломжтой аж. Бас таны гэр бүлийн хэн нэгэн архины хамааралтай болж гэр бүлд нь асуудал үүссэн бол энд хандаж, зөвлөгөө авах, улмаар эмчилгээ хийлгэж болох бөгөөд үнэ төлбөргүй юм. Архины хамааралд орсон гэж өөрийгөө дүгнэж байвал мэргэжлийн эмчид хандаж, сэтгэлзүйн зөвлөгөө авч оношлуулах эмчилгээнд хамрагдаж болох бөгөөд харьяа дүүрэг харгалзахгүй гэдгээрээ онцлогтой.  Энэ өрөөг тус эмнэлгийнхэн өөрсдийн хөрөнгөөр тохижуулжээ.

СБД-ийн нэгдсэн эмнэлгийн Сэтгэц наркологийн эмч Г.АРИУНЗУЛ:  

-Архины хамааралд орсон хүний гэр бүл нь давхар хамааралд орсон байдаг учраас давхар, ганцаарчилсан сэтгэл заслын өрөөг байгуулсан. Архинаас гаргах эмчилгээний хамгийн чухал нь сэтгэл заслынх. Эмийн эмчилгээг сэтгэл заслын эмчилгээтэй хослуулбал илүү үр дүнтэй. Тухайн хүн нэр хаягаа хэлэхгүйгээр сайн дураараа манай эмнэлэгт хандаж, эмчилгээ хийлгэж болно. Өнөөдрийн байдлаар манай эмнэлэгт 14 хүн хандаад байна. Эмчилгээний үр дүн одоогоор 80 хувьтай байна. Тухайн хүн гурван жилийн хугацаанд архи амсаагүй бол архинаас гарсан гэж үздэг. Анхны эмчилгээнд хамрагдсан хүмүүс гурван сар архи амсаагүй байгаа юм. Эмчилгээнд цаг хугацаа маш чухал, их хугацаа зарцуулдаг гэлээ.

Архины хамаарал нь гурван үе шаттай илрэх бөгөөд зан төрх өөрчлөгдөж эхлэх нь хамгийн хүнд хэлбэр аж. Архи удаан хугацаагаар байнга хэрэглэхэд норадреналины задрал улам хүчтэй болдог нь архи уухгүй бол энэ нейромедиатор тархинд дутагдахад хүргэдэг байна. Иймээс өвчтөний ажлын чадвар буурч, сэтгэл санаа хямрах шалтгаан болдог аж. Энэ үед архи бага хэмжээгээр уухад норадреналин ихээр ялгарч, төв мэдрэлийн системийн зарим үйл ажиллагаа богино хугацаанд сайжирна. Гэвч ялгарсан норадреналин удалгүй амархан задарч төв мэдрэлийн системд дутагдах нь улам ихсэнэ. Ийнхүү хүн архинд сэтгэцийн хамаат байдал үүсэх үндэс болдог байна.

"ИРГЭД НОЙРГҮЙДЭЛ, СТРЕСС, НАСНЫ ГУТРАЛЫН АСУУДЛААР ХАМГИЙН ИХ ХАНДДАГ"

№ 300 ТООТ СЭТГЭЛЗҮЙН ГАНЦААРЧИЛСАН ӨРӨӨ

Нэгдсэн эмнэлгийн гуравдугаар давхарт байрлах шинээр тохижуулсан өрөөнд тайвшруулах уран зураг, ядаргаа тайлах массажтай буйдан, уур бухимдлаа тайлах мишок хүртэл бэлдэж тохижуулснаас гадна сэтгэл зүйчээс үнэ төлбөргүй зөвлөгөө авч, харьяа дүүрэг харгалзахгүйгээр үйлчлэх аж. Хэрэв уур хүрч, гар загатнаад байвал хүн биш мишок цохих боломжтой. Тус өрөө нь ашиглалтад орсноос хойш  42 иргэнд сэтгэлзүйн зөвлөгөө өгчээ. Давхардсан тоогоор 60 орчим иргэн үйлчлүүлжээ.

СБД-ийн нэгдсэн эмнэлгийн Сэтгэлзүйч Б.ЦЭНД-АЮУШ:

-Ганцаарчилсан зөвлөгөөг нарийн мэргэжлийн эмч нар, сэтгэлзүйч зөвлөгөө авахаар ирсэн хүмүүст үйлчилдэг. Иргэд сэтгэлзүйн зөвлөгөө авах маш дуртай, тэдний хувьд ихэвчлэн стресс, нойргүйдэл, насны гутрал, сэтгэл түгшилт зэрэг маш олон сэтгэлзүйн тулгамдсан асуудлаар хандах нь их. Бид зөвлөгөө өгөхөөс гадна сэтгэлзүйн сонжоо, тестээр тухайн хүний сэтгэлзүйг оношилж ярилцаж байгаа. Тухайлбал, тухайн иргэн сэтгэл гутралтай манай төвд хандлаа гэхэд долоон удаагийн уулзалтын дараа дахин сорилт авч оношилдог. Хүмүүсийн тухайд сэтгэлзүйн асуудлаасаа шалтгаалан уулзах давтамж нь янз бүр.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДИЙГ ЭМЧИЛЖ, ЦЭЦЭРЛЭГ СУРГУУЛЬД ЗУУЧЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ

№ 219Б Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэтгэл засах өрөө

Нэгдсэн эмнэлгийн нэгдүгээр давхарт байрлах энэхүү өрөө нь эмнэлэг гэхээс илүү хүүхдийн орчныг илүү бүрдүүлснээрээ онцлогтой. Эвлүүлдэг ном, зураг бүхэн нь хүүхдийн булчингийн үйл ажиллагааны хөгжлийг тодорхойлох зорилготой аж. Хүүхдийн өрөө шиг тохижуулсан нь 0-16 насныханд зориулагдсан бөгөөд эмнэлэгт байгаа мэт айдастай мэдрэмжийг хүүхдэд төрүүлэхээс сэргийлж ийм шийдлээр тохижуулсан аж.

Сүхбаатар дүүрэгт 0-16 насны 413 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд  байна. Уг төвийг өнгөрсөн нэгдүгээр сараас ажиллуулах болж, өнөөг хүртэл хугацаанд байнгын асаргаанд байдаг 74 хүүхдийг хамруулж үйлчилсэн бол, мөн боловсролын үйлчилгээнд 52 хүүхдийг зуучилж хамруулсан байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч нарт хөгжлийн бэрхшээл гэж юу болох, хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүдэд ямар дэмжлэг үзүүлэх, тэднийг хөгжүүлэх талаар эмч нар зөвлөгөө өгч ажилладаг байна.  Энэхүү кабинет нь хүүхдэд эмчилгээ үйлчилгээ үзүүлэхээс гадна цэцэрлэг болон сургуульд зуучилж өгдгөөрөө бусад дүүргийн Эрүүл мэндийн төвөөс давуу юм.

СҮРЬЕЭГИЙН ӨВЧНИЙГ ЗАЙНААС ХЯНАДАГ БОЛЖЭЭ

Сүхбаатар дүүргийн хэмжээнд 2018 оны байдлаар сүрьеэгийн диспансерын нийт үзлэг 17311 буюу өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсчээ. Үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг 14796 буюу өмнөх оны мөн үеэс 13.9 хувиар өссөн байна. Тус дүүргийн ЗДТГ-аас хэрэгжүүлж буй “Иргэн төвтэй дүүрэг” аяны хүрээнд нийслэлд анх удаа сүрьеэгийн эмчилгээг SKYPE  ашиглан хянадаг болжээ. Энэхүү аппликэйшн ашиглан сүрьеэгийн эмчилгээг зайнаас хянаж, таван сарын байдлаар 34 өвчтөн буюу нийт өвчтөний 20.1 хувийг хянажээ.

СБД-ийн  Сүрьеэгийн зохицуулагч эмч Б.ГАНПҮРЭВ: 

-Эмчийн хяналт дор эмээ уух гэж эмнэлэгт ирэхэд дунджаар 2 цаг 20 минут зарцуулдаг байсан. Интернет эмчилгээнд орсноор тухайн хүн эмээ уухдаа дунджаар 81 секунд, нэг минут орчмыг зарцуулах болсон. Ингэснээр тухайн хүний амьдрал, эмчилгээнд хувь нэмэр болж байгаа гэж үзэж байна. Эмчийн хяналтад эмээ ууж буй 18 өвчтөний зардлыг судлахад дунджаар 3500 төгрөг зарцуулж байсныг нь хэмнэж байгаа юм. Уг эмчилгээг өдөр бүр явуулахгүй бөгөөд долоо болон 14 хоногт нэг удаа эмнэлэгт ирж эмээ авах сонголттой. Интернет эмчилгээг нэвтрүүлснээр эмчилгээний тасалдалтыг бууруулж эдийн засгийг нь хэмнэж байгаа нь маш чухал юм. Түүнээс гадна сүрьеэ өвчний халдвар авах эрсдэлгүй гэсэн үг. Эмчийн хяналтад фэйсбүүк ашигладаг бүх хүн хамрагдах боломжтой.  Интернет эмчилгээг хагас жил хэрэгжүүлж байна.

Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт дээрх шинэ кабинетуудыг тохижуулахад ойролцоогоор 100 сая төгрөгийг зарцуулсан байна. Нийгэмд тулгамдаж буй архины хамаарал, сэтгэл гутрал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгмийн асуудлыг зохицуулах дээрх үйлчилгээг дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэрэгжүүлснээс үүдэн бусад дүүргийн эмнэлгүүд ч бас үлгэр жишээ авч иргэдэд үйлчилбэл нийгмийн бухимдал, стрессээс үүдсэн сөрөг үр дагавар, гэмт хэрэг тодорхой хувиар буурах боломжтой юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ

                             

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж