Хөдөлмөрийн хуульд хошуу нэмэрлэе

Хуучирсан мэдээ: 2015.06.17-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн хуульд хошуу нэмэрлэе

-Ажиллагсдынхаа цалингаас нийгмийн даатгалын шимтгэл, татвар төлдөггүй газрууд олон бий. Өнөөдөр гар дээр ирэх цалингийнхаа ахиуг бодоод ажиллагсад нь ч ирээдүй хойчоо ойшоолгүй орхигдуулдаг. Гэтэл энэ хууль бус хэлэлцээнээс болж эзэд хожиж, иргэд л хохирдог-

Өчигдөрхөн салбарын сайд нь өргөн барьсан Хөдөлмөрийн хуулийг хэлэлцэхээс өмнө Хөдөлмөрийн хуульд хошуу нэмэх хэдэн зүйл байна. Хөдөлмөрийн хууль бол хүн бүрт хамгийн хүртээмжтэй хууль төдийгүй ажил хөдөлмөр эрхэлж буй эгэл иргэд болоод их хурлын гишүүдэд ч адил тэгш үйлчлэх хамгийн чухал хууль гэдгийг эхэнд онцолъё.

Улсын хэмжээнд ажил хөдөлмөр эрхлэж буй нийт ажилтан, ажиллагчдын 30-40 хувь нь Хөдөлмөрийн хуулийн хамгаалалтад хамрагдаж чаддаггүй гэсэн судалгааг саяхан гаргажээ. Энэ нь Хөдөлмөрийн тухай хууль зөвхөн хөдөлмөрийн гэрээ хийсэн нөхцөлд л хүчин төгөлдөр үйлчилж байгаатай холбоотой. Тиймээс хуулийн шинэчилсэн найруулгад хөдөлмөрийн гэрээнээс гадна хөдөлмөрийн хэлэлцээ хийсэн ч хуулиар харилцааг зохицуулахаар тусгаж өгсөн нь тун сайн заалт гэж мэргэжилтнүүд үнэлж байна. Ингэснээр ажил олгогч, эзэд хэт давуу байдлаар оролцох эрх нь хязгаарлагдана гэж хууль боловсруулагчид харж байгаа юм. Зах зээлийн олон талт харилцаанд шилжсэнээр хөдөлмөрийн зах зээлд эзэд илт давуу байдалтай байсаар ирсэн нь маргашгүй үнэн. Ялангуяа туслах ажилтнууд, бага тушаалтнуудыг туршилтын хугацаанд цалин хөлсгүй ажиллуулж, шалгуурт тэнцээгүй нэрээр дахин дахин сольж халах байдлаар хүмүүсийн хөдөлмөрийг шулсаар ирсэн, одоо ч энэ байдал хэвээр. Тэгвэл энэ гаж үзэгдлийг халах, ажил олгогч, ажилчдын эрх тэгш байдлыг хангахад хамгийн түрүүн анхаарах нь зүйтэй болов уу. Зарим нэг ажлын байрыг байнгын ажилтангүй байлгаж, түр ажиллагсад, туршилтын хүмүүсээр ихийг амжуулах овсгоотой эзэд ч байсаар ирсэн. Түүнчлэн ажиллагсдынхаа цалингаас нийгмийн даатгалын шимтгэл, татвар төлдөггүй газрууд олон бий. Өнөөдөр гар дээр ирэх цалингийнхаа ахиуг бодоод ажиллагсад нь ч ирээдүй хойчоо ойшоолгүй орхигдуулдаг. Гэтэл энэ хууль бус хэлэлцээнээс болж эзэд хожиж, иргэд л хохирдог. Хөдөлмөрийн гэрээг хийхдээ ч ажил олгогч ямагт давуу байдалтай гэрээ хийдгийг хуулиар хэрхэн зохицуулах бол. Гоц гойд чадвартай, эсвэл дээрээс томилгоотой биш бол эдний найруулсан гэрээнд гарын үсэг зурахаас аргагүй байдал бүхий л салбарт ноёлж байна. “Энэ гэрээг чинь зөвшөөрөхгүй, ингэмээр байна” гэх мэт өгүүлэл тавих юм бол “Та хүссэн газартаа оч доо” л гэсэн хариу сонсох нь тодорхой. Иймд ажил олгогч ямагт харц дээгүүр, толгой гэдгэр байгааг нэг төвшинд авчирна гэсэн итгэл төрөхүйц зүйл заалт шинэ хуульд одоогоор алга. Өөрөөр хэлбэл, хуулиас давсан хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмыг хязгаарлах бус харин ч өөгшүүлсэн зүйл заалт нэмж орж ирсэн нь амралтын хугацаа. Жилд нэг удаа албан ёсоор олгодог ээлжийн амралтын хоногийн тоо 15 байгаа. Үүн дээр ажилласан жилийн тоогоор хоног нэмэн тооцдог. Гэтэл үүнийг шинэ хуулинд адил тэгш 20 хоног болгосны дээр олон жил ажилласан ажилтан, албан хаагчдадаа нэмэгдэл хоног өгөх эсэхийг тухайн байгууллага шийдэхээр тусгажээ. Хууль энэ чигээрээ батлагдсал амралтын нэмэгдэл хоног хойшид үгүй болно гээд барьчихсан ч алдахгүй. Ялангуяа хувийн хэвшлийнхэн хэнд зүгээр мөнгө өгөхийг хүсэх билээ. Төрийн албаныхан бол хүний олноор далайлгаад хэрэгжүүлээд байж мэдэх юм. Эндээс Хөдөлмөрийн хуулийн шинэ заалт дахиад л төрийн алба руу, түмэн олны татвараар цалинжих хүслийг улам бадраасан хэрэг болж мэдэх нь.

Шинэчлэн найруулсан хуулиар хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон эмэгтэйчүүд, ахмадуудын цалин хөлсний ялгаварлал, ажиллах нөхцлийн тэнцвэргүй байдлыг арилгах, тэдний хөдөлмөрлөх эрхийг тодорхой болгохоор тусгайлан тусгажээ. Одоогийн даган мөрдөж буй Хөдөлмөрийн хуулийн хэрэгждэггүй нэгэн заалт бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд, одой хүмүүсийг ажлыг байраар хангах заалт юм. Хууль ёсоор бол 25 болон түүнээс дээш ажиллагсад тутамд нэг хөгжлийн бэрхшээлтэй болон одой иргэдийг ажиллуулах учиртай. Гэтэл дагаж мөрддөг албан газар олонгүй. Тэднийг ажиллуулаагүйн төлөө төсөвт цөөн хэдхэн төгрөг төлсөн болоод удаж байна.

Нийгэм хөгжихийн хэрээр хөдөлмөрийн олон талт харилцаа үүссээр байна. Үүний нэг нь туслах малчид, тариаланчдын хөдөлмөр. Бүр гэр бүлээрээ хөдөлмөрлөдөг хэр нь үнэлгээ муу, цалин хөлс олгохын оронд бартерийн хэлбэрээр голчлон хэрэгждэг энэхүү харилцааг Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан нь сайшаалтай ч амьдралд наалдацтай зүйл заалт орсон эсэхэд эргэлзэх хүн олон байна. Учир нь яам тамгын хууль боловсруулагчид бүү хэл батлан гаргаж буй УИХ-ын гишүүд нь ямаанд мөнгө олгохдоо гар татаагүй хэр нь ямаачнаа бодож байсан нь ховор болохоор тэр биз. Өөрөөр хэлбэл хот газрын цагаан гартнууд монгол ахуйгаасаа дэндүү холдсон болохоор малчны хотон дахь хөдөлмөрийн харилцааг оновчтой зохицуулах эсэхэд эргэлзэж буй гэнэ. Хуулийн төсөлд одоогийн мөрдөж байгаа хуульд огт байдаггүй хэд хэдэн нэр томьёог оруулж ирсэн байна. “Жасаа”, “Жасаагаар ажиллах”, “Бөөний халалт”, “Гэр бүлийн хариуцлага бүхий ажилтан”, “Ажлын байран дахь дарамт”, “Ажлын байран дахь бэлгийн дарамт” гэх зэрэг шинэ ойлголтыг нэмж оруулжээ. Одоогийн мөрдөж байгаа хуульд “Хамтын гэрээ-хамтын хэлэлцээр” гэж байсан бол төсөлд хамтын хэлэлцээрийг эхэнд тавьж, хамтын гэрээг дараагийн ээлжинд тавьсан байна. Нэг үгээр хамтын гэрээг байгуулахаас өмнө хамтын хэлэлцээ хийнэ гэж зааж өгчээ. Мөн Хөдөлмөрийн хуулийн шинэ төсөлд “Хөлсөөр мал маллах малчны цалин хөлс”, “Ажилтан ажил, үүргээ гүйцэтгэхдээ хувийн багаж хэрэгсэл, эд зүйл ашигласны нөхөн олговор” гэх мэт шинэ зүйл заалтыг нэмж оруулсан байна.

Хуульд заасан хэдий ч газар бүрт харилцан адилгүй хэрэгжиж буй илүү цагийн хөлс, гэнэт халагдсаны нөхөн олговорыг хэрхэн тооцох тухай болоод ажиллагсдын эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий Үйлдвэрчний байгууллагыг жинхэнэ утгаар нь ажиллуулах гэхчилэн нарийн зүйл заалтыг тал бүрээс нь хэлэлцэхгүй бол олон жилийн хойно шинэчилж буй хуулийн үнэ цэнэ буурна гэдгийг сануулах юун.

Д.ЦЭЭНЭ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж