Саяхандаа Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Батбаясгалан Хотын захиргааны байрандаа "хувийн" бие засах газартай болсон, тэр нь олон нийтийн сүлжээнд шуугиан тарьж байв. Угтаа бол Хотын захиргааны байр иргэддээ хамгийн их нээлттэй, тэр дундаа бие засах газар нь ч нээлттэй байх ёстой байдаг. Гэвч нэгхэн даргын ярвагар зангаас болж нийтээрээ орох бие засах газар ганцхан хүний өмч болсон. Гэхдээ олон нийтийн шүүмжлэлийн дагуу Б.Батбаясгалан дарга бие засах газраа нийтийнх болгосон сурагтай. Нийслэлийн төр захиргаа, хувийн байгууллага, үйлчилгээний газар, худалдааны төвүүдээр үйлчлүүлэх иргэдэд тулгардаг том асуудлын нэг бол бие засах газар.
Үргэлжийн асуудал дагуулдаг бэлгэдлийн чанартай ариун цэврийн өрөө буюу нийтийн бие засах газар нийслэлээр дүүрэн бий. Уг нь бол Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журамд зааснаар "Худалдаа үйлчилгээ болон эрүүл мэндийн үйлчилгээ эрхэлж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэд нь иргэд үйлчлүүлэгчдэд бие засах газраар үнэ төлбөргүй үйлчилнэ" хэмээн журамлажээ.
Иргэд хотын төвөөр, гадуур явж байхдаа бие засах боллоо гэхэд хамгийн ойр байгаагаар нь дэлгүүр, кафе, цайны газрын ажилтнуудыг царайчилна. Даанч тэдгээр байгууллагын дийлэнх нь ариун цэврийн өрөөнийхөө үүдэнд “Гадны хүн орж болохгүй ” эсвэл "засвартай" гэсэн бичиг хадаж орхидог. Таг түгжчихээд цэвэрлэгч, үйлчлэгч нь манаач шиг хаалгаа сахиад сууж байдаг үйлчилгээний газар ч олон.
Зарим газрууд ариун цэврийн өрөөгөө “дамлах” бичил бизнестэй болгох нь элбэг. Нийтийн бие засах газрын хүрэлцээ муу энэ үед олон нийт ихээр үйлчлүүлдэг банк, худалдааны төвүүд ариун цэврийн өрөөгөө түгжих бус нээж ашиглуулах нь зөв зүйтэй гэдгийг энэхүү сурвалжлагаараа хөндөж байна.
Иргэдийн зүгээс ирүүлсэн гомдлын дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар /ШӨХТГ/ 2017 оны хоёрдугаар сард банк үйлчлүүлэгчдэдээ ариун цэврийн өрөөгөөр үйлчилж чадаж байгаа эсэхийг шалгажээ. Шалгалтад есөн банкны 18 салбар тооцооны төвүүдийг хамруулсан бөгөөд улмаар зургаан банкны зургаан салбар харилцагч нарт үйлчлэх ариун цэврийн өрөө байхгүй зөрчил илрүүлсэн байна.
Гэхдээ ШӨХТГ 2017 оноос хойш дахин банкуудаар хяналт шалгалт хийгээгүй аж. Уг нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа банкны салбар бүрийг шалгалтад хамруулж, бие засах газар байдаг юм бол тэрийг нь иргэдэд нээж өгөх хэрэгтэй баймаар юм.
Ямартай ч 2019 онд иргэдийн зүгээс ариун цэврийн өрөөтэй холбоотой гомдол ирээгүй гэдгийг албаны хүн нь хэлж байлаа.
Ингээд бид хотын төвд байрлах хэд, хэдэн банкаар орж, ариун цэврийн өрөөг нь хэрэглэж болох эсэхийг тандлаа. Хамгийн эхэнд Сүхбаатарын талбайн ойролцоо байрлах банкаар орвол дугаараа хүлээж суух үйлчлүүлэгч олон харагдана. Тус банк дотроо ариун цэврийн өрөөтэй ч иргэд үйлчлүүлэхийг хориглодог гэнэ. Учир нь банкных нь ариун цэврийн өрөө нь онцгой бүсэд байрладаг учраас банкны бичиг баримт, мөнгө зэрэг чухал зүйлс хадгалагдаж байдаг гэдгийг салбар хариуцсан ажилтан нь хэлж байсан юм. Харин зарим банкууд боломж бололцоогоороо иргэдэд ариун цэврийн өрөөгөөр үйлчилж байгаа гэсэн хариуг өглөө. Түүнчлэн ариун цэврийн өрөөгөө түгжчихдэг банкуудаас гадна огт ариун цэврийн өрөөгүй үйлчилгээний байгууллагууд бас бий.
2009 оноос эхлэн нийслэл хотод "City toilet"-ыг барьж эхэлсэн. Тухайн үедээ төвлөрсөн дулаан хангамж, цэвэр усанд холбогдоогүй, цахилгаанаар халдаг бие засах газруудыг байгуулж байжээ.
Өнөөдрийн байдлаар Нийслэлийн хот тохижилтын газар бүртгэлтэй ердөө 19 ширхэг "City toilet" ажиллаж байна. Үүнээс 15 “City toilet" өдөр тутамд иргэдэд үйлчилж буй. Гэхдээ нэг сая 300 мянган хүн амтай нийслэл хотод 15 нийтийн бие засах газар үйл ажиллагаа явуулж байна гэдэг нь мэдээж хангалтгүй тоо юм. Дээрээс нь орон нутгаас ирэгсэд, гадаад жуулчдын тоон нэмбэл 15 нийтийн бие засах газар хаанаа ч хүрэхгүй.
ХҮН ИХ ЗОРЧДОГ АВТОБУСНЫ БУУДЛУУД ДЭЭР "CITY TOILET"-ЫГ БАРИХААР СУДАЛЖ БАЙНА
Энэ асуудлаар Нийслэлийн хот тохижилтын газрын дарга Б.Бямбадоржоос тодруулахад “City toilet" нь өвлийн улиралд төвлөрсөн дулаан, хангамжид холбогдоогүй, үйл ажиллагааны зардал өртөг өндөртэй, инженерийн шугам, сүлжээ нь хөлддөг доголдолтой байсныг 2019 оны төсөв дээр суулгаж, мэргэжлийн байгууллагуудын төвлөрсөн дулаан хангамжид холбох зөвшөөрлийг арван байршилд авсан байгаа. Тиймээс энэ жил нийслэлийн төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотын төвд байгаа нийтийн бие засах газрууд төвлөрсөн дулаан хангамжид холбогдоно.
Цаашдаа нийтийн бие засах газар зөвхөн бие засдаг биш, тэнд ороод утсаа цэнэглэдэг, нэгжээ худалдан авдаг, автобусны картаа цэнэглэдэг үйлчилгээнүүдийг үзүүлбэл үүнийгээ дагаад хүн орох менежмент нь сайжрах байх гэсэн төлөвлөлтийг хийж байгаа.
Дээр нь нийтэд үйлчилдэг бизнесийн байгууллагууд бие засах газрын үйлчилгээг үнэ төлбөргүй болгож, иргэдээ татан ая тухтай орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Нийслэлийн хүн их зорчдог автобусны буудлууд дээр "City toilet"-ыг барихаар судлаад явж байна” гэв.
Ихэнх зоогийн газар, сүлжээ дэлгүүрүүд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бие засах газраар иргэдэд үнэгүй үйлчлэх хэрэгтэй ч хаалгаа цоожилсон эсвэл төлбөр авч бизнес хийсэн хэвээр л байна. Угаасаа хууль эрх зүйн орчин нь бүрдчихсэн байхад хуулиа биелүүлэхийг шаардах эрх хүн бүрт бий. Мөн хянадаг, шалгадаг, зөвшөөрөл олгодог байгууллагууд нь ч үйлчлүүлэгчиддээ ариун цэврийн өрөөгөөр үйлчлэх стандартыг нь хангуулах, хуулиа биелүүлдэг болгох зайлшгүй шаардлага бий болсныг энд сануулъя. Урин цаг ирж гадаад, дотоодын жуулчдын цуваа хөвөрч буй энэ үед үйлчилгээний байгууллагууд бие засах газраа ч гэсэн нээцгээе.
Дахин сануулахад, Монгол Улсын эрүүл ахуйн тухай хуульд “Худалдаа үйлчилгээний байгууллага нь эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангасан, үйлчлүүлэгч чөлөөтэй ашиглах боломжтой ариун цэврийн өрөөтэй байна” гэсэн байдаг. Ариун цэврийн өрөөгөө "цоожилсон", "харамласан" төрийн болон үйлчилгээний байгууллагуудад сануулахад энэ бол хүний эрхийг зөрчиж буй хамгийн том зөрчил гэдгийг сануулах нь илүүц биз.
Холбоотой мэдээ