Хуучирсан мэдээ: 2019.06.20-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС
К-Попын шинэ гүнж

Өмнөд Солонгосын “K-поп” хөгжмийн ертөнц төдийгүй олон улсад алдаршаад буй ‘Black Pink’ хамтлагийн дуучин Ким Женни буюу Женниг энэ удаагийн “ХҮМҮҮС” буландаа онцолж байна. Тэрбээр “YG” энтертайнментын удирдлага дор удаан хугацаанд бэлтгэгдсэний эцэст нь 2016 онд ‘Black Pink’ хамтлагийн гишүүн болж олонд танигдсан юм. Хамтлаг дотроо ч тэр олны танил, шүтэн бишрэгч олонтой нэгэн юм.


БЛИЦ

Нэр: Ким Женни

Нас: 23 (1996 оны нэгдүгээр сарын 16)

Төрсөн газар: Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын баячуудын гэдгээрээ алдартай Ганнам дүүрэгт төрсөн.

Өндөр: 163 см

Биеийн жин: 50 кг

Гэр бүл: айлын ганц охин

Instagram: @jennierubyjane

Женни бол К-поп ертөнцийн гүнж. Түүний ээж нь Өмнөд Солонгосын “CJ & M” энтертайнмент, масс медиа компанийн захирал, гол хувьцаа эзэмшигч бол аав нь хувийн эмнэлэг ажиллуулдаг. Женни бага насаа Шинэ-Зеланд улсын Оакланд хотноо өнгөрүүлсэн ба энэ хугацаанд англи хэлээр чөлөөтэй харилцаж сурсан. Мөн тэрбээр япон хэлтэй. Женниг хөгжмийн ертөнцөд хөл тавихад ээжийнх нь нөлөө их байсан нь мэдээж. Тэрбээр 2010 онд Сөүлд буцаж ирмэгцээ “YG” энтертайнментад шалгуулан тэнцсэнээр дебют хийж гарч иртлээ бүтэн зургаан жилийн турш бэлтгэгдэж, сургуулилсан байна. Бэлтгэгдэх хугацаандаа хэд хэдэн хамтлаг, дуучны клипэнд тоглож, хамтарчээ. Хамгийн анх 2012 онд И Хи дуучны “Special” дууны клипэнд, дараа нь “G-Dragon” дуучны “That XX” дууны клипээр олны өмнө гарчээ.

‘BLACK PINK’ ХАМТЛАГ БҮРДСЭН НЬ

Женни “YG” энтертайнментын бүтэн долоон жилийн дараа гаргаж буй анхны охидын хамтлаг ‘Black Pink’-ын гол реппер, дуучин болж 2016 оны наймдугаар сард дебют хийсэн юм. Эрчимтэй, цоглог хэмнэлтэй дуугаараа ‘Black Pink’ хамтлаг богино хугацаанд Өмнөд Солонгосын охид, залуусыг байлдан дагуулж, өдгөө олон улсад танигдаад байна. Хамтлагийн нэр хүнд өсч байх явцад өнгөрсөн 2018 оны аравдугаар сард Женни өөрийн соло уран бүтээлийг гаргасан юм. Түүний “Solo” нэртэй анхны дууг Сөүл хотноо хамтлагийн тоглолтын дундуур анх удаа дуулсан фенүүдийнх нь хувьд сюрприз байсан юм.

Женнигийн “Solo” дууны клип цацагдсан даруйдаа өндөр хандалт авч, К-попын дуучдаас 24 цагийн дотор хамгийн их хандалт авсан клип болжээ. Үүгээр ч зогсохгүй тэрбээр “YouTube” сувагт зургаан сарын дотор 300 сая давсан хандалт авсан анхны солонгос дуучин болсон юм. Гэвч түүнийг хамтлагийн бусад гишүүдээс илүү эрх ямба эдэлж, тусгайлан пи-ар хийсэн гэх шүүмжлэл гарч, багагүй маргаан дагуулсан байна.

ХУВИЙН КАРЬЕР

Женни хамтлагийн бусад дуучнаасаа илүү орлоготой ажилладаг. Дан ганц уран бүтээл хийх бус загварын ертөнцөд ч гэсэн тэр шинэ од,шинэ дүр. Тэрбээр “Chanel Beauty” брэндийн шинэ модель болж анхны брэндийн сурталчилгааны зургаа “Harper’s Bazaar” сэтгүүлд 2018 оны нэгдүгээр сард нийтлүүлсэн юм.

Улмаар “Chanel Korea” брэндийн элч болж, Франц хотноо  брэндийн “Les Eaux De Chanel” шинэ үнэртний нээлтэд урилгаар оролцжээ. Үүгээр ч зогсохгүй тэрбээр өнгөрсөн аравдугаар сард “Chanel Global” –ийн элчээр тодорч, Парисын загварын долоо хоног шоуг Памела Андерсоны хажууд суун үзжээ. Харин өнгөрсөн гуравдугаар сард Францын загварын брэндээс түүнийг “Chanel” брэндийн олон улс болон дотоодын элчээр сонгосон аж.

Үүнээс гадна Женни Өмнөд Солонгосын тансаг зэрэглэлийн гоо сайхны бүтээгдэхүүний “Hera” брэндийн моделиор өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн ажиллах болсон. Тус брэндээс Женниг дэгжин, тансаг имижтэй, өөртөө итгэлтэй хэмээн сайшаажээ.

Өдгөө тэрбээр CHANEL (2018), Marie Claire (2018), Elle Korea (2018), Harper’s Bazaar Korea (2018), Dazed Korea (2019), Cosmopolitan Korea (2019), HERA (2019) зэрэг олон брэндтэй хамтарч ажиллаж байна. Женни маркетинг, брэндийг таниулах ур чадвараараа К-попын оддыг тэргүүлж, нөлөө бүхий уран бүтээлчээр нэрлэгдэж байгаа, богино хугацаанд тодорсон од. Тиймдээ ч Солонгосын гоо сайхны трендийг түгээхэд Женнигийн оруулсан хувь нэмрийг хүлээн зөвшөөрч, “Forbes” сэтгүүл 2019 оны хүчирхэг алдартнуудын нэгээр нэрлэжээ.

АМЬТАНД ХАЙРТАЙ

Женни анхнаасаа л рэп урсгалаар үглэх дуртай байсан бөгөөд дуучин Рианнаг шүтэн бишрэгч. Тэрбээр загварын мэдрэмж өндөртэй гэж тооцогддог ба соло уран бүтээлээ гаргахдаа 20 гаруй төрлийн хувцсыг өөрөө сонгон өмсч туршсан байна. Женни хэлэхдээ дууг хүмүүст хүргэхэд хувцаслалт, хэв маяг гүүр болдог гэж нэгэн ярилцлагадаа дурджээ. Женни ихэвчлэн “Gucci” брэндийн үнэтэй хувцсаар гангардаг болохоор “Гүччи Хүн” гэх хочтой болжээ.

Женни дуулж, бүжиглэхээс гадна дууны үг бичдэг авьяаслаг нэгэн аж. Өнгөрсөн дөрөвдүгээр сард тэрбээр Солонгосын дуучдаас анх удаа АНУ-ын “Coachella” шоунд оролцжээ. Мөн Солонгосын 13-29 насны залуусын дунд явуулсан санал асуулгад Женни хамгийн дуртай “айдол”-оор нэрлэгдсэн байна. Түүнчлэн “Instagram” сайтад хамгийн их хандалт авсан дуучдыг тэргүүлжээ. Женни амьтанд их хайртай. Тэрбээр 2017 оноос хойш Үри амьтны эмнэлгийн хэрэгжүүлж буй тэнэмэл амьтдыг аврах кампанит ажилд нэгдэн ажиллаж байгаа бөгөөд кай, кума нэртэй хоёр нохойтой. Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард Гангвон мужид ойн түймэрт өртсөн хохирогчдод туслах зорилгоор хамтлагийн гишүүн бүр 10 сая вон хандивлажээ.

Женни өнгөрсөн нэгдүгээр сард “EXO” хамтлагийн Кайтай үерхэж байгаагаа зарласан. Гэвч “SM” энтертайнментаас тэднийг хувийн карьертаа анхаарах нь чухал учраас салсан гэж мэдэгджээ. Шүтэн бишрэгчид нь тэднийг олны анхаарлыг татахын тулд хэсэг болзсон  гэж үздэг байна. “Black Pink” хамтлагтай хийсэн ярилцлагын үеэр Женни тачаангуй гэхээс илүү эгдүүтэй залууст дуртай хэмээн ярьжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
455
ЗөвЗөв
76
ХөөрхөнХөөрхөн
29
ТэнэглэлТэнэглэл
22
БурууБуруу
18
ХахаХаха
15
ГайхмаарГайхмаар
6
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж