Монголын Үндэсний бөхийн холбооны бүртгэл маргаантай хэвээр байна. Энэ талаар өчигдөр олон нийтэд Үндэсний бөхийн холбоог УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ төлөөлөх эрхгүй хэмээн мэдээллийг хүргэсэн. Үүнтэй холбоотойгоор Үндэсний бөхийн холбооноос мэдэгдэл гаргажээ.
“Монголын үндэсний бөхийн холбоо/МҮБХ/-ны тэргүүнээр “Гацуурт” ХХК-ны захирал Л.Чинбатыг бүртгэсэн Улсын бүртгэлийн газрын улсын байцаагч Ж.Оюумаагийн үйлдэл болоод хяналтын улсын ахлах байцаагч И.Мөнх-Амар, улсын байцаагч Л.Баатар нарын гаргасан дүгнэлт зэрэг нь хууль зөрчсөн эсэхийг тогтоох шүүхийн ажиллагаа МҮБХ-ны нэхэмжлэлээр Захиргааны хэргийн шүүхэд үргэлжлэн явагдаж байгаа болно. Анхан шатны шүүхийн тогтоолыг үндэслэлгүй гэж үзэн хүчингүй болгосон юм. МҮБХ-ны бүртгэлтэй холбоотой маргаан эхэлснээс хойш тодорхой нэр бүхий хүмүүс цөөнгүй удаа Шүүхийн шийдвэр, тогтоолуудыг мушгин гуйвуулж, худал мэдээлэл тарааж бөх сонирхогч, бөхчүүдийг төөрөгдүүлж байгаад харамсаж байгаагаа илэрхийлж байна.” гэжээ.
МҮБХ-ны ээлжит бус “Их Эе”-ийн хуралдаан 2017 оны тавдугаар сарын 28-ны өдөр хуралдаж, тэргүүнээр Л.Чинбатыг сонгож, улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэжээ. Тухайн үед болсон энэхүү хурлыг хууль бус хурал бөгөөд олон нийтэд нээлттэй зарлагдаагүй гэж байсан. Мөн хуралд оролцогч бөхчүүд болон төлөөлөгчид ирц хүрээгүй гэдэг мэдээлэл байдаг. Харин одоогийн МҮБХ-ны тэргүүнээр УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, дэд тэргүүнээр улсын заан Ц.Магалжав, гүйцэтгэх захиралаар улсын заан Б.Сайнбаяр болон Ерөнхий нарийн бичгийн даргаар Ц.Цогтбаатар ажиллаж байна.
Олон жил бөхийн холбоог удирдсан Р.Нямдорж ажлаа өгч Б.Бат-Эрдэнэ аварга үргэлжлүүлэхээр болсон билээ. Энэ үйл явц 2018 оны гуравдугаар сарын 25-ны өдөр Бөхийн өргөөнд болсон 8-р “Их Эе” хурлаар болж, Бөхийн холбоо шинэ тэргүүнтэй болсон юм. Тухайн үед хурлын үйл ажиллагаанд 200 төлөөлөгч оролцохоос 153 нь ирж байжээ. Энэхүү хурлын дараа Бөхийн холбоо цэгцэрч үйл ажиллагаа хэвийн явагдах гэж харж байсан ч холбооны Тэргүүний маргаантай асуудал шүүхийн шатанд яваа аж.
Одоогийн Үндэсний бөхийн холбооноос 2019 оны тавдугаар сарын 10-д гаргасан Анхан шатны шүүхийн тогтоолыг Дээд шатны шүүх зургадугаар сарын 6-ны өдөр хүчингүй болгосон бөгөөд Давж заалдах шүүхийн тогтоол бичгээр гарсныг дараа албан ёсны мэдээллийг өгөхөөр болжээ.
Холбоотой мэдээ