“Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг хайх нь” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2019.06.19/ Улаанбаатар хотноо эхэллээ. Уг хурал хоёр өдөр үргэлжлэх бөгөөд БНХАУ, ОХУ, БНАСАУ, БНСУ, Япон зэрэг улсуудаас илтгэгч, төлөөлөгчид оролцож байна.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүүгийн мэдээллээр Монгол Улсад 2017 онд 0-4, 5-14 насны хүүхдүүдийн дунд сүрьеэ өвчний илрүүлэг 0.5 хувьтай байжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжөөр энэ тоо 1.5-3.0 хувь байх ёстой аж. Өөрөөр хэлбэл, заасан хэмжээнд илрүүлэг хүрэхгүй байгаа нь сүрьеэ өвчний үзлэг, оношилгоо дутуу гэж ойлгож болох юм байна.
Мөн тус байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийн дагуу 2018 онд сүрье өвчний талаарх судалгааг хийжээ.
Судалгаагаар 2011 оноос хойш Монгол Улсын төвийн бүсээр буюу Улаанбаатар хотод 700-800 сүрьеэ өвчний шинэ тохиолдол, баруун бүсээр 400-500, зүүн бүсээр 200-250 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь хүн амын нягтаршил, хотжилт зэрэгтэй холбоотой гэж үзэж байна.
Нийт шинээр бүртгэгдэж буй сүрьеэ өвчний дэгдэлтийг сар бүрээр гаргасан судалгааг нягталбал гурваас зургадугаар сард уг өвчний тохиолдол хамгийн их бүртгэгджээ. Энэ нь агаарын температур, хуурайшилт зэрэгтэй холбоотой юм байна.
Сүрьеэ өвчнөөр 15-34 насныхан хамгийн ихээр өвчилсөн судалгаа гарчээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ