Хорт хавдрыг эмчлүүлэхээр гадаадыг зорих шаардлагагүй боллоо

Хуучирсан мэдээ: 2019.06.19-нд нийтлэгдсэн

Хорт хавдрыг эмчлүүлэхээр гадаадыг зорих шаардлагагүй боллоо

Туяа эмчилгээний технологийн дэвшил гурван хэмжээст “Шугаман хурдасгуур” аппаратыг Монгол Улсад анх удаа нэвтрүүлэх ёслолын ажиллагаа өнөөдөр /2019.06.19/ Хавдар судлалын үндэсний төв/ХСҮТ/-д болж өндөрлөлөө.


Хорт хавдрын үндсэн гол эмчилгээнд мэс засал, туяа эмчилгээ, хими эмчилгээ ордог. ХСҮТ өмнө нь туяа эмчилгээнд жилдээ 600 өвчтөнг хамруулдаг байсан бол “Шугаман хурдасгуур” аппаратыг нэвтрүүлснээр энэ тоог 1000 болгон ахиулах боломжтой болж байна гэдгийг эмч мэргэжилтнүүд онцоллоо. Уг аппарат нь 3 сая еврогийн өртөгтэй бөгөөд эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд хамтран дөрвөн жил ажилласны хүчинд ХСҮТ-д суурилуулсан байна.

“ЭЛЭГНИЙ ХОРТ ХАВДРЫГ ТУЯА ЭМЧИЛГЭЭГЭЭР ЭМЧЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛСОН”

“Монголд төдийгүй дэлхий дахинаа хорт хавдрын өвчлөл жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Хамгийн гол нь хорт хавдрыг эрт үед нь илрүүлж чадах юм бол эмчлэх бүрэн боломж бий гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаа. Өнөөдөр Монгол Улсад жилдээ 6000 хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдэж, жилд 4000 нас баралт бүртгэгдэж байна. Үүний шалтгаан нь хорт хавдрын эрт илрүүлэг хожимдож буйтай холбоотой юм. Өөрөөр хэлбэл,  хорт хавдрын өвчлөлийн 80 гаруй хувь нь хожуу үедээ оношлогдож байгаа нь харамсалтай. Бид 2018 онд хорт хавдрын хэмжээг жижиг байхад оношилдог аппаратыг нэвтрүүлж чадсан. Одоо тэр оношилсон хорт хавдраа эмчлэхэд цоо шинэ технологийн туяа эмчилгээний аппаратыг өнөөдөр нэвтрүүлээд байна. Өмнө нь Монголд 60 жилийн турш хорт хавдрын туяа эмчилгээг хийсээр ирсэн.

Энэ туяа эмчилгээний технологийн дэвшил гурван хэмжээст “Шугаман хурдасгуур” аппаратыг дэлхий дахин нэвтрүүлээд 20 жил болж байгаа. Бид хэдийгээр 20 жилээр хоцорсон ч ямар ч байсан эх орондоо шинэ эмчилгээний технологийг нэвтрүүлж чадлаа. Өмнө нь элэгний хорт хавдартай өвчтөнг туяа эмчилгээнд хамруулж чаддаггүй байсан. Энэ шинэ аппаратыг нэвтрүүлснээр элэгний хорт хавдрыг мэс хүргэхгүйгээр туяа эмчилгээгээр шарж, устгаж болдог. Эл эмчилгээг нэвтрүүлэх зорилтыг тавиад ажиллаж байна. Энэ аппаратанд шинэ технологийг хамгийн хурдан нэвтрүүлэхийн тулд зургаан сараас нэг жилийн хугацаа шаардлагата"  гэдгийг салбарын сайд Д.Сарангэрэл ярилаа.

“ТУЯА ЭМЧИЛГЭЭНИЙ АППАРАТАА ГУРВАН САРЫН ТУРШ МОДЕЛЬ ДЭЭР ТУРШСАН”

ХСҮТ-ийн захирал Н.Чинбүрэн нээлтийн ёслолын үеэр “Өнөөдөр нээлтээ хийж буй туяа эмчилгээний технологийн дэвшил гурван хэмжээст “Шугаман хурдасгуур” аппарат эмчилгээний цаг хугацааг хэмнэнэ. Хуучин зайн туяа эмчилгээний аппарат 40-60 минутын хугацаанд эмчилгээ хийдэг байсан. Одоо нэвтрүүлж буй гурван хэмжээст “Шугаман хурдасгуур” нь 10-15 минутын хугацаанд эмчилгээг хийнэ. Мөн энэ аппарат нь цахилгааны эх үүсвэрийг шугаман хурдасгуураар дамжуулан цацраг идэвхтэй бодис болгон тэр туяа нь хавдрын эсийг үхүүлэх үйлчилгээтэйгээрээ давуу талтай. Өөрөөр хэлбэл, энэ аппаратыг унтраахад ямар нэгэн цацраг идэвхт бодис гарахгүй гэсэн үг.

Гуравдугаарт, тухайн хорт хавдрыг туяагаар эмчлэхдээ бусад эрүүл эрхтэнг гэмтээхгүйгээрээ онцлог юм. Өнгөрсөн долоо хоногт шинэ аппаратаар уушги, улаан хоолойн хорт хавдартай хоёр өвчтөн эмчилгээгээ амжилттай хийлгэж, эхлээд байна. Энэхүү шинэ туяа эмчилгээний аппаратаа ашиглахын тулд гурван сарын турш модель дээр туршиж, командын дагуу машин ажиллаж байгаа эсэхийг шалгасан. Тэгээд Олон улсын атомын энергийн комиссоос экспертүүд ирж, “Туяа эмчилгээний аппаратаа ашиглаж болно. Хэмжээ нь яг таарч байна” гэсэн дүгнэлт гаргасны дараагаар эмчилгээгээ эхлүүлээд байна” гэдгийг хэлсэн юм.

Үндэсний хэмжээнд туяа эмчилгээний эмч, эмнэлгийн физикч, дозиметрист, засварын инженер, техникч гэсэн мэргэжилтнүүдийг бэлтгэх сургалтын тогтолцоо байхгүй. Тийм учраас манай орны эмч мэргэжилтнүүд Олон улсын атом энергийн комисстой хамтарсан төслүүдээр 170 гаруй мэргэжилтэнг Чех, Сингапур, ОХУ, Энэтхэг, Хонг Конг, Герман, Австри зэрэг орнуудад багаараа суралцуулж, бэлтгэжээ.

“ГАДААДАД ЭНЭ АППАРАТААР ХОРТ ХАВДРЫГ БҮТЭН ЭМЧЛЭХЭД 40-60 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ТӨЛБӨРТЭЙ”

“Энэ удаагийн туяа эмчилгээний хоёр аппаратыг дөрвөн сая еврогийн хөрөнгө оруулалтаар Монголд нэвтрүүлж байгаа. Хорт хавдрын туяа эмчилгээ нь маш өндөр технологийн эмчилгээ учраас 10-20 мэргэжилтнээс бүрдсэн баг нэг өвчтөний эмчилгээн дээр төлөвлөлт хийдэг. Өндөр хөгжилтэй орнуудад яг энэ “Шугаман хурдасгуур” аппаратаар хорт хавдрыг бүтэн эмчлэхэд 40-60 мянган ам.долларын төлбөртэй байдаг. Монгол Улсад хорт хавдартай өвчтөний эмчилгээг төрөөс үнэ төлбөргүй хийдэг давуу талтай.

Өнөөдөр БНСУ-ын хорт хавдрын эмч нартай санамж бичиг зурж, элэгний хорт хавдрыг мэсгүйгээр туяа эмчилгээгээр шардаг шугаман хурдасгуур ашигладаг технологийг нэврүүлэхэд туслахыг хүслээ. Гурван хэмжээст “Шугаман хурдасгуур” шинэ аппарат ашиглалтад ороход туяа эмчилгээний ачаалал багасна. Гэхдээ нэг хорт хавдартай өвчтөнг туяа эмчилгээнд оруулахад шууд оруулчихдаггүй. Зураг авч, төлөвлөлт хийнэ, эрүүл эрхтэнг хэрхэн хамгаалах тооцоололт хийхээр эмнэлгийн физикч нар долоо хоног ажилладаг” талаар Туяа эмчилгээний их эмч, Анагаах ухааны доктор Г.Навчаа тайлбарлалаа.

Гэрэл зургийг Г.БИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
15
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж