Монголбанкны Мөнгөний Бодлогын Хорооны ээлжит хуралдаан өнөөдөр /2019.06.19/ болжээ. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргажээ. Монголбанкны бодлогын хүүг хэвээр хадгалах энэ удаагийн шийдвэр нь макро эдийн засгийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв, гадаад дотоод орчны тодорхой бус байдал, эрсдэлийг харгалзан үзээд Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг энэ удаад хэвээр байлгахаар шийдвэрлэсэн байна.
Энэ талаар Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Эдийн засгийн гадаад орчин, дотоод идэвхжилийг харгалзан үзэхэд инфляц зорилтот түвшний орчимд тогтворжих хандлага хэвээр байна. Жилийн инфляц 2019 оны тавдугаар сард улсын хэмжээнд 7.9 хувьтай гарлаа. Инфляцын хэлбэлзэл нь газрын тосны дэлхийн зах зээлийн үнийг дагасан шатахууны үнэ, нийлүүлэлтийн доголдлоос шалтгаалсан махны үнийн огцом өөрчлөлтөөр тайлбарлагдаж байгаа бол эрэлтийн шалтгаантай суурь инфляц тогтвортой байна.
Уул уурхайн салбарын өсөлт энэ оны эхний улиралд хүлээлтээс давж, бизнесийн зээл тогтвортой өсөж, хөрөнгө оруулалт, төсвийн зардал нэмэгдсэнээр эдийн засаг өсөж байна. Өнгөрсөн сараас дэлхийн худалдааны сөргөлдөөн гүнзгийрч, АНУ, БНХАУ импортын зарим барааны тарифыг харилцан нэмэгдүүлсэн нь дэлхийн эдийн засгийн өсөлт, түүхий эдийн үнийн цаашдын төлөвт сөргөөр нөлөөлөх эрсдэлийг бий болгож, гадаад орчны тодорхой бус байдлыг нэмэгдүүллээ.
Цаашид гадаад худалдааны нөхцөл муудаж болзошгүй байгаа нь уул уурхайн томоохон төсөл хэрэгжиж дуусах, гадаад өрийн том дүнтэй эргэн төлөлт эхлэх хугацаатай давхцаж байна. Иймд макро эдийн засгийн бодлогын дотоод, гадаад тэнцвэрийг хадгалахад чиглүүлэх, улс орон, аймаг, орон нутаг, байгууллага, өрх гэр, хувь хүн хуримтлал, санхүүгийн нөөцөө нэмэгдүүлэх шаардлага нэн тэргүүнд тавигдаж байна.
Гадаад орчны болзошгүй эрсдэлийг хохирол байгаатайгаар даван туулж, эдийн засгийн дунд, урт хугацааны тогтвортой байдлыг хангахад төсвийн сахилга бат, банкны салбарын эрсдэл даах чадвар, төв банкны бие даасан, хараат бус байдлыг нэмэгдүүлэх нь чухал байна" гэлээ.
Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа:
Инфляцын түвшин 2018 оны хоёрдугаар улирлаас хойш 4-5 орчим хувьд тогтвортой хангаж байна. Инфляц оны эцэст 7-8 хувь байх, 2020 онд инфляц 7 орчим хувьд байхаар таамаглаж байна. 2021 оноос аажмаар буурах төсөөлөлттэй байна. Эдийн засгийн өсөлт энэ онд 7.3 хувь ирэх онд 6 хувьтай байх суурь төсөөллийг гаргасан. Эдийн засгийн гадаад орчин “салхи”-тай байна. Учир хоёр том гүрний худалдааны зөрчил тавдугаар сараас хойш нэлээд гүнзгийрч байгаатай холбоотой. Хэлэлцээр үр дүнд хүрэхгүй бужигнавал дахин импортын татвараа нэмэх талаар мэдэгдлийг АНУ хийсэн. Ингэснээр дэлхийн санхүүгийн, хөрөнгийн зах зээлд хэлбэлзэл үүсгэх бол манайд эрдэс бүтээгдэхүүнээр дамжиж нөлөөлөх эрсдэлтэй. Улмаар худалдааны зөрчил улам хурцадвал дэлхийн эдийн засгийн төлөвт сөрөг нөлөө үзүүлнэ. Цаашид бидний өмнө тулгарах асуудал бол 2020 оноос эхлээд томоохон дүнтэй гадаад зээлээ төлнө. Тодорхой хэсгийг нь дахин санхүүжүүлэх амаргүй нөхцөлд хүрнэ. Ингэснээр санхүүгийн өртөг, зардал нэмэгдэнэ. Энэ оны аравдугаар сард Монгол Улс саарал жагсаалтад орох эсэх шийдэгдэнэ.
Гадаадын хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг хангах нь эдийн засагт шууд нөлөө үзүүлнэ. Дотоод орчны тухайд мөнгөний бодлого өнгөрсөн оноос эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлд явсан. Харин төсвийн бодлого чанга эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн бол өнгөрсөн оны дунд үеэс эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлд ажиллаж байна. Энэ онд ч үүнийгээ мөн хадгална. Сүүлийн хоёр жилийн мөнгөний бодлогын төлөв өнөөдрийн хүүгийн түвшин эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлд явж байна.
Банкны системээс нийлүүлэгдэж буй зээлийн хэмжээ эдийн засагт нөлөө үзүүлж байгаа. Зээлийн өсөлт тавдугаар сарын байдлаар 19.7 хувиар өмнөх оныхоос өсөлттэй байна. Хөрөнгө оруулалтын шинжтэй бизнесийн зээл 2018 оны дөрөвдүгээр улирлаас хойш 17 орчим хувиар өссөн эдийн засгийн өсөлт тодорхой хувь нэмэр оруулсан. Хэрэглээний зээлийн өсөлт 34 хувь болж буурсан нь бизнесийн зээлийн өсөлтийг нэмэгдүүлж байгаа юм” гэсэн юм.