Сайд нь тогтдоггүй яам, дэдээ тогтоодоггүй Засаг

Хуучирсан мэдээ: 2019.06.19-нд нийтлэгдсэн

Сайд нь тогтдоггүй яам, дэдээ тогтоодоггүй Засаг

Сайд нь тогтдоггүй яам, дэдээ тогтоодоггүй Засаг

Засгийн газарт байсхийгээд сэлгээ хийн өөрчлөгддөг албан тушаалын нэг нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын албан тушаал болж хувираад байна.

Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед тус албыг Ш.Солонго залгуулж байсан ч Цэц рүү явуулж, дэвшүүлсэн.  Сэлгээнд нь  Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга байсан Г.Баясгаланг оруулж ирж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар томилсон ч жилийн дараа буюу өнгөрсөн хавар мөн л Цэц рүү илгээснээр суудал эзгүйрсэн.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас эзгүйрсэн суудлаа гурав дахиа нөхөхөөр болж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.Ганбатыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон шийдвэр гаргалаа. Гэвч өмнөх хоёр тэргүүн нь тогтоогүй албан тушаал дээр Б.Ганбат тогтох уу,  өөрчлөгдөх болбол яах вэ гэдэг болгоомжлол томилгоотой зэрэгцэн яригдаж эхэллээ.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгчийг Засгийн газрын хэрэг эрхлэх газар руу татсанаар мөн гурав дахь даргыг шинээр томилох шаардлага үүсэж байна. Эрх баригч нам Засгаа байгуулсны дараа тус албанд Ц.Ням-Осорыг томилсон байсан ч хамаарал бүхий компани нь ЖДҮХС-гаас зээл авсан гэсэн үндэслэлээр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байв.

Одоо энэ албан тушаалыг хэн хаших вэ гэдэг дээр эрх баригчид дайтна.

Засгийн газрын халаа сэлгээ зөвхөн Хэрэг эрхлэх газар орчимд эргэлдэж байна гэвэл эндүүрэл. Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яам нь дөрөв дэх сайдынхаа нүүртэй золгосон бол Зам тээвэр, хөгжлийн яам мөн дөрөв дэх сайд нь ажиллаж байгаа. Тодруулбал, Зам тээврийн хөгжлийн сайдаар анх Д.Ганбат ажиллаж байсан бол Ж.Эрдэнэбатын Засгийн газар унаснаар огцорсон.

У.Хүрэлсүхийн танхим байгуулагдсаны дараа УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг Зам тээвэр хөгжлийн сайдаар томилсон ч яаманд нь хүн амины ноцтой хэрэг гарсан, төмөр замын осол болсон зэрэг үндэслэлээр мөн огцорч байв.

Нөхөн томилгоогоор УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг Зам тээврийн хөгжлийн яамыг удирдах гурав дахь сайдаар томилсон ч Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлээс хамаарал бүхий компани нь тэрбум төгрөгийн зээл авсан үндэслэлээр чөлөөлөгдөж, Б.Энх-Амгаланд албан тушаал нь шилжсэн юм.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны тухайд анх УИХ-ын гишүүн асан Ж.Батсуурийг тус яамыг удирдахаар сайдаар томилсон. Гэвч яамаа удирдаж чадаагүй, албан тушаалтнууд нь өөр хоорондоо эв түнжингүйгээс ажил цалгарддаг зэрэг үндэслэлээр чөлөөлсөн. Дараа нь академич Г.Чулуунбаатар тус яамыг удирдсан ч Ж.Эрдэнэбатын Засгийн газар унасан учраас огцорсон.

Шинэ Засгийн газар байгуулагдсанаар УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилогдсон ч жил гаруйн дараа М.Энхболдын хүн гэж хяхаж хавчиж, мөн Засгийн газраа унагах кноп дарсан үндэслэлээр чөлөөлөгдөх хүсэлтийг нь гаргуулж, явуулж байв. Одоо тус яамыг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг удирдаж байна.

Засгийн газрын бүрэн эрх дуусахад ердөө нэг жилийн хугацаа үлдсэн. Гэвч сайд нарт хариуцлага тооцох тухай асуудал яригдах болсон нь дахиад аль яамны сайд нь хариуцлага хүлээж, нөхөн томилгоо хийгдэх бол гэдэг хүлээлт үүсгээд байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж