Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ-аас дэмжсэнтэй холбогдуулан Иргэний зориг ногоон намаас төрийн гурван өндөрлөг, УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. Тус шаардлагад баялгийн эзэн ард түмэнд эрхийг нь олгохыг тусгажээ.
Шаардлагад “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал нь бүх ард нийтийн санал асуулгын үндсэн дээр улс төрийн хүчин, иргэний байгууллагуудын зөвшилцлөөр хийгдэх, ард түмний язгуур ашиг сонирхолд тулгуурлах хариуцлагатай үйл ажиллагаа юм. УИХ-ын 64 гишүүний санаачилсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал нь эрх тушаал, эдийн засгийн сонирхолдоо хөтлөгдсөн бүлэглэл, эрх ямба явцуу эрх ашгаа улам баталгаажуулж ядуурсан ард иргэдийнхээ эдийн засгийн эрх чөлөөг хангаж сайн сайханд хүргэхэд чиглэгдсэнгүй. Ядуу иргэд баян төртэй байх бодлогоо үргэлжлүүлэхээр тэд шийджээ. Угтаа иргэн нь баян байж улс баян гэж хэлэгдэх учиртай. Ард түмний төлөөлөл болох УИХ-ын гишүүдийн аливаа санал санаачилга нь Монгол хүн ардынхаа баялгийн эзэн байх эрхийг баталгаажуулан, эдийн засгийн эрх чөлөөг нь хангахад чиглэгдэх ёстой. Гэвч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэх бичиг баримтад нам бүлэглэлийн эрх мэдлийн төлөөх улайрал тэмцэл нэвт шувт мэдэгдэж, харин ард түмний эрх ашиг хөсөр хаягдсан байна.
Эрх баригчид Үндсэн хуулийн 6.2-т Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн гэснийг нэмэлтээр Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална гэж оруулсан нь Монголын ард түмнийг туйлдуулж, баялгийн эздийн хөрөнгийг завших луйврын тогтолцоог хэвээр хадгалж үлдэх сонирхолтой гэдгийг тэд батлан харууллаа. Төрийн өмч нэрийн дор байгалийн баялаг нь мөнгө угаалт, авлига хээл хахуулийн эх үндэс эдийн засгийн алуурчдын хүсэл шуналын бааз суурь болж Монголчуудыг гаднынханд "Алтан дээрээ суусан гуйлгачид" гэж шоолон хэлүүлэх сөрөг муу үр дагаврыг авчирсан. Үр дүнд нь ард түмэн туйлдан ядуурсан. Ард түмэн баялгаа мэддэг болсон цагт төр засаг баялагтай холбоотой аливаа шийдвэрийг гаргахдаа баялгийн эзэн болох ард түмнээсээ асуудаг шинэ дэг жаяг тогтох юм. Иймд баялгийн эздэд баялгаа мэдэх эрхийг баталгаажуулахыг шаардаж байна” гэжээ.
Холбоотой мэдээ