Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос /АЭХ /өнөөдөр /2019.06.19/ Гэр бүлийн тухай хуулийн талаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд тус холбооны ерөнхийлөгч С.Одонтуяа “Гэр бүл бол нийгмийн үндсэн суурь нэгж. Энэ утгаараа гэр бүлийн харилцааг зохицуулах хууль тогтоомж хамгийн үнэ цэнэтэй хуулиудын нэг байх ёстой гэж үзэж Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос "Хамтдаа хэлэлцье" аяныг гурван сарын турш зохион байгуулсан. Гэр бүл салалт өнөөдрийн байдлаар аюулын харанга дэлдээд байна. Шүүхээр шийдүүлж буй арван хэрэг тутмын нэг нь гэр бүлийн салалт бөгөөд үүний цаана хүүхэд эмэгтэйчүүд хохирдог. Иймээс гэр бүлийн салалтын дараах өмчлөлийн асуудал, хүүхдийн тэтгэмж тогтооход хуулийн нарийн зүйл заалт дутагддаг асуудал байсан учраас улс орон даяар дээрх аяныг явуулах хэрэгцээ шаардлага байсан” гэлээ.
АЭХ нь нийт 21 аймгаас 19500 гаруй иргэн, есөн дүүргийн 10 мянга гаруй иргэдийн саналыг хүлээн авчээ. Уг саналыг нэгтгэхэд гэр бүл салсны дараа эргэн төлөх нөхцөлтэйгөөр “Хүүхдийн тэтгэлгийн сан”-г байгуулж хүүхдийн эрхийг хангаж, ялгаварлахгүйгээр олгох саналыг олон иргэн гаргасан юм байна. Мөн архинаас болж гэр бүлийн хүчирхийлэл, салалт их байгаа учраас үүнд төр онцгой анхаарлаа хандуулах, гэр бүлийг үймүүлж байгаа хөндлөнгийн хүмүүст хариуцлага тооцох зохицуулалтыг хуулийн төсөлд оруулах, гэр бүлийн гишүүдийн хариуцлагыг өндөржүүлэх гэсэн санал иргэдээс ирүүлжээ. Иймээс эдгээр саналаа УИХ-д хүргүүлж буй юм байна.
Э.АРИУН
Холбоотой мэдээ