АНУ-ын Нью Йорк хотод төвтэй “Cerberus Capital Management LP” компани MCS группын 25 хувийг 110 сая ам.доллараар худалдаж авахаар ярилцаж байгаа тухай “Wall Street Journal” сэтгүүл өчигдөр /2019.06.18/ мэдээлжээ.
Ингэхдээ тус группын хүнс, харилцаа холбооны салбарын хувийг худалдан авч магадгүй гэнэ. Монголд хөрөнгө оруулах ажлыг тус компанийн Сингапур дахь салбар “Cerberus Frontier” хариуцан ажиллаж байгаа ба тус салбар нь шинэ хөгжиж буй зах зээлүүдэд хөрөнгө оруулах чиглэлээр дагнан ажилладаг.
“Cerberus Capital Management LP” компани нь нийт 39 тэрбум ам.долларын хөрөнгөтэй “Deutsche Bank AG”, “Avon Products Inc” зэрэг томоохон компаниудын хувь эзэмшдэг том компани юм.
“Wall Streert Journal” Монголын зах зээл эрсдэл ихтэй, улс төр, эдийн засгийн хувьд тогтворгүй ч өсөх боломж өндөртэйг онцлон мэдээлжээ. Тус сэтгүүлд Монголын эдийн засаг энэ оны эхний улирлын байдлаар 8,6 хувийн өсөлттэй байгааг мөн дурдсан байна.
Монгол Улсад 2011 онд уул уурхайг дагаад гадаадын хөрөнгө оруулалт хамгийн өндөр буюу 4,5 тэрбум ам.долларт хүрсэн ба түүнээс хойш түүхий эдийн ханшийн сулралаас болж хөрөнгө оруулалт буурсан үзүүлэлттэй байгаа.
Эх сурвалж:WALL STREET JOURNAL
Холбоотой мэдээ