Төрийн наадмын түрүү булаалдсан заанууд

Хуучирсан мэдээ: 2019.06.19-нд нийтлэгдсэн

Төрийн наадмын түрүү булаалдсан заанууд

Төрийн наадмын түрүү булаалдсан заанууд

Монгол түмний эрх чөлөө, тусгаар тогтнолоо олж авсан Ардын хувьсгал ялсны түүхт 98 жилийн ойн их баяр наадам болоход сар хүрэхгүй хугацаа үлдэж байна. Өнгөрсөн 98 жилийн хугацаанд Төрийн наадмын үзүүр, түрүүнд хүчит аварга, арслангуудтай зэрэгцээд хэд хэдэн заанууд босон барилдсан байдаг. Төрийн наадмын түрүү, үзүүрт босож барилдсан хүчит заанууд бол Архангай аймгийн Хашаат сумын Д.Содном, Ц.Гомбодорж, Цэнхэр сумын Ш.Гомбосүрэн, Булган аймгийн Тэшиг сумын Б.Бадам нар юм.

Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын заан “цагдаа” хэмээх Долгорын Содном нь 1932 оны наадамд 9 даван Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат П.Бат-Очирт өвдөг шороодон үзүүрлэж байжээ. Улсын заан Д.Содном нь Ардын засгийн үеэс цагдан сэргийлэх албанд ажиллаж байсан бөгөөд албан бус мэдээгээр 1927 онд заан цол хүртэж байжээ. Төрийн наадамдаа 1 үзүүрлэж, нийтдээ 6 удаа шөвгөрсөн гэдэг.

Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Шаравын Гомбосүрэн нь 1935 оны улсын баяр наадамд 720 хүчтэн зодоглоход Төв аймгийн Мөнгөнморьт сумын харьяат Л.Чимэдтэй үзүүр, түрүү булаалдаж байжээ. Энэ хүчит бөхийн талаар өдий хүртэл тоймтой мэдээ сэлт олдоогүй байна.

Булган аймгийн Тэшиг сумын харьяат Балжингийн Бадам нь 1955 оны улсын наадамд үзүүрлэсэн. Тухайн жилийн баяр наадамд 256 бөхийг сугалаагаар барилдуулахад П.Сандагаар 5, С.Бадрахаар 6, С.Баасангаар 7 даваад үзүүр, түрүүнд Төв аймгийн Баянбараат сум, одоогийн Баянцагаан сумын харьяат С.Оргодолтой шалгарч үлдэн үзүүрлэж байжээ. Б.Бадам заан 1959 онд долоо даван их шөвөгт шалгарч цолоо баталсан бол 1961 онд 5 давж шөвгөрсөн.

“Аранзал” хэмээн алдаршсан Архангай аймгийн Хашаат сумын харьяат Цэндийн Гомбодорж нь 1960 оны улсын баяр наадамд Ц.Дамдиндоржоор 8 даваад дархан аварга Д.Дамдинд унаж үзүүрлэсэн. Ц.Дамдиндорж 1959 онд Б.Жамъяандоржоор 5 давж начин цол хүртсэн бол 1962, 1966 онуудад мөн 5 даван шөвгөрсөн байдаг.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж