АНУ Украины зэвсэгт хүчинд 250 сая ам.долларын тусламж үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.06.19-нд нийтлэгдсэн

АНУ Украины зэвсэгт хүчинд 250 сая ам.долларын тусламж үзүүлнэ

АНУ Украины зэвсэгт хүчинд 250 сая ам.долларын тусламж үзүүлнэ

-Украин одоо ч анхаарлын төвд байгаа-

АНУ бол дэлхий нийтийн  ашиг сонирхол болон хариуцлагыг зэрэг авч явдаг гол хүчин. АНУ өөрийн ашиг сонирхлоо хамгаалахын тулд тэдгээрийг бүрдүүлэгч жижиг хүчин зүйлүүдээ хэрэгтэй үед нь хамгаалах ёстой болно. Тус улсыг дэлхийн улс болгож буй амин чухал гурван бүс нь Европ, Ойрх Дорнод, Энэтхэг-Номхон далайн бүс юм. Эдгээр бүс нутгуудын энх тайван, аюулгүй байдал бол АНУ-ын ашиг сонирхлыг хамгаалагч хүчин зүйл. Тиймдээ ч дээрх бүс нутгуудын аюулгүй байдлыг хамгаалах, энх тайвныг бэхжүүлэх нь АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын бодлогод хүчтэй тусгагдсан байдаг. Үүнд Украины ирээдүй, аюулгүй байдал ч мөн чухал нөлөөтэй.

Дэлхий нийтийг захирах гэсэн маш хүчтэй өрсөлдөөнтэй энэ цаг үед АНУ өөрийн хүч чадлаа хэвээр авч үлдэхийн тулд “жижиг хүчин зүйлсээ хамгаалах” нь урьд урьдынхаасаа чухал асуудал болж байна.  Атлантын далайн бүсийн болон Баруун Европын улс орнууд АНУ-ын хувьд чухал болох нь  доорх гурван шалтгаантай.

Нэгдүгээрт, газарзүйн асуудал: Геополитикийн асуудлыг үл хөдлөх хөрөнгө гэж зүйрлэе. Тэгвэл үл хөдлөх хөрөнгийн хувьд гол хүчин зүйл нь байрлал байдагтай адил юм. Том гүрнүүдийн хувьд жижиг улсуудыг ашиглахдаа газар нутгийнх нь хэмжээг бус байрлалыг нь харж түншлэх эсэхээ сонгодог. Тиймээс л АНУ илүү хүчирхэг хэвээр үлдэхийн тулд газар зүйн байрлалын хувьд ашигтай улс орнуудыг НАТО-д элсүүлэхээр хүчин чармайлт гаргасаар байгаа.

Хоёрдугаарт, эрх чөлөөний асуудал: Ижил хүсэл эрмэлзэлтэй улс орнууд сайн түнш болж чаддаг. НАТО-ын гишүүн улсуудын нэг ижил тал нь бүгд эрх чөлөөг эрхэмлэгч улсууд. Тиймээс л тус байгууллага гишүүдийнхээ ижил хүсэл эрмэлзэл дээр үндэслэн оршин тогтнож байгаа. НАТО-д элсэхийг хүсч буй орнуудыг нийтлэг шинж нь ч мөн эрх чөлөөг хүсэмжилсэн улсууд байгаа юм.

Гуравдугаарт, дэмжлэгийн асуудал:  Хэдий  жижиг улсууд ч бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, эдийн засгийн хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулдаг байх хэрэгтэй. Эрх чөлөөт, аюулгүй, цэцэглэн хөгжих боломжтой Украин улс нь энэхүү гурван шаардлагыг бүрэн хангах бөгөөд АНУ-д ашигтай. Харин эсрэгээрээ нуран унаж, балран доройтож буй Украин улс АНУ-д хэрэггүй. Иймийн учир АНУ өөрийн эрх ашгаа хамгаалахын тулд Украиныг чирээд урагшлахаас өөр замгүй.

-АНУ Украины зэвсэгт хүчинд 250 сая ам.долларын тусламж үзүүлэхээр болов-

АНУ-ын Батлан хамгаалахын яам буюу Пентагон мягмар гаригт /2019.06.18/ Украины зэвсэгт хүчний салбарыг бэхжүүлэхийн тулд 250 сая ам.доллартай тэнцэхүйц тусламж үзүүлэхээ мэдэгдэв. Энэ хүрээнд  Украины тэнгисийн цэргүүдийг тусгай сургалтад хамруулах, тус улсын зэвсэгт хүчний салбарт сүүлийн үеийн зэсвэг техникүүдийг хандивлах юм байна.   

“АНУ нь эрх чөлөөт, ардчилсан Украиныг дэмжсээр байх ба тус улсын аюулгүй, тогтвортой байдлыг хангахын тулд хүчин чармайлтаа зогсоохгүй. Украин улсыг газар нутгаа бүрэн бүтнээр нь авч үлдэхэд нь бидний тусламж тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна” хэмээн Пентагоны төлөөлөгч, хурандаа Карла Глейсон хэлжээ.

Тоон мэдээллээс харвал ОХУ 2014 онд Крымыг өөртөө нэгтгэснээр хойш АНУ Донбасст энх тайван тогтооход нийт 1,5 тэрбум ам.долларын тусламж үзүүлээд байгаа аж. АНУ-ын тусламжууд болон Украиныг дэмжиж буй дэмжлэгүүд нь тус улсыг НАТО-д элсүүлэх үндэс суурийг бэлдэж буй явдал хэмээн олон улсын ажиглагчид үзэж байна.

-ОХУ бол Баруун Европын энх тайван, аюулгүй байдлын хамгийн том заналхийлэл-

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хорон, аюултай бодлогыг саармагцуулахад Украин болон Атлантын далайн бүсийн орнуудын үүрэг чухал нөлөөтэй. Орос улс 2014 онд Крымыг эзэлснээс хойш тус бүсэд одоо ч үймээн самуунтай хэвээр байгаа ба олон мянган Украинчууд түгшүүртэй амьдарч байна. Мөн ОХУ Украины дотоод асуудалд хөндлөнгөөс оролцож,  авлигалыг цэцэглүүлж байгаа. Шашнаар дамжуулан буруу ташаа мэдээлэл тарааж, хутган үймүүлж, ард иргэдийг нь хооронд талцуулахыг хичээж байгаа. Оросын эдийн засгийн болон зэр зэвсгийн дэмжлэгээр тус улсад хэд хэдэн салан тусгаарласан жижиг улсууд үүсээд байна. ОХУ энэхүү бусармаг үйлдлээ хэзээ зогсоох нь огт тодорхой биш байгаа. Тийм учраас АНУ болон олон улсын хамтын нийгэмлэгийн тусламжгүйгээр Украин улс цаашид оршин тогтнох эсэх нь эргэлзээтэй болно.

Эх сурвалж:Heritage.org

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж